Нийгэм
Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 4 дэх удаагийн форумыг “Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох замаар хүндрэлийг даван туулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд, амжилттай зохион байгууллаа.
Анх 2014 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачлан Азийн сантай хамтран зохион байгуулснаас хойш 2 жил тутам тодорхой сэдвийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа коронавируст цар тахлын дэгдэлтийн улмаас цахимаар зохион байгуулав.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн таван улсын 18 хотын шийдвэр гаргах түвшний хотын удирдлагууд, судлаачид, Элчин сайдууд, олон улсын байгууллагын нийт 80 гаруй төлөөлөгчид цахимаар оролцлоо.
Энэ удаагийн форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бол Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сео Жёонг Хюб, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хотууд бид КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгараад байгаа билээ. Гэхдээ энэ хүнд үе удахгүй ард хоцорч, цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн хөгжлийн шинэ орчин биднийг хүлээж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна. Иргэдийн эрүүл мэндийн асуудлаас бүх нийтийн цар тахал, цаашлаад эдийн засгийн цохилт, үүнээс үүдэлтэй хямралын олон давалгаа ээлж дараалан ирж буй энэ үед хотууд мэдлэгээ хуваалцаж, туршлагаа солилцож буй нь нэн ач холбогдолтойг дахин тодотгож байгааг хүлээн авна уу…” хэмээв.
Мөн Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотоос авч хэрэгжүүлж байгаа бодлого ба хариу арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс нь 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл дотооддоо халдвар алдаагүй цор ганц улс байсан. Гадаад улс дахь монгол иргэдээ татан авах болсонтой холбогдуулан зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд батлагдсан юм. Ковид-19 цар тахлын дотоодод батлагдсан анхны тохиолдол гарсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон зарим аймгууд энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улмаар хөл хориог 2020 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хэсэгчлэн сунгасан. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлын хүрээнд батлагдсан тохиолдлуудын ойрын болон шууд бус хавьтлыг хянах, улмаар Ковид-19 цар тахлын түргэвчилсэн болон нарийвчилсан PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн зайнаас харьцах, хөл хорио тогтоох, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах зэрэг нь агаарын замаар халдвар тархахыг хязгаарлах үр дүнтэй аргууд болсоор байна” гэлээ.
Мөн коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл, ажлын байр, нийгмийн зарим асуудал, эм эмнэлгийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн асуудал Улаанбаатар хотод сорилт болж байгааг дурдсан юм.
Москва хотын Засгийн газраас тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор Александр Поляков танилцуулав. Мөн Бээжин хотоос коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Сөүл хотын захиргаа Ковид-19 цар тахалтай тэмцэж байгаа арга туршлагаа танилцуулав. Түүнчлэн олон улсад болон Номхон далайн баруун бүсэд ковид-19 цар тахлын хүрээнд сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Манила хот дахь ДЭМБ-ын тус бүсийн салбарын Эрүүл мэндийн яаралтай тусламж, эрсдэлийн хөтөлбөрийн үнэлгээний менежер Доктор Тамано Мацуй танилцуулж, илтгэл тавьсан юм.
Тус форумыг хааж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “…Цаашид Зүүн хойд Азийн хотууд идэвх зүтгэлтэйгээр, олон талт хамтын ажиллагаа, эв нэгдэлд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн халамжийн оновчтой, үр дүнтэй бодлогоор хотын иргэдийг цар тахлын гамшгийн эрсдэлээс хамгаалж, цаашлаад коронавируст тахлыг таслан зогсоож чадна гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдсэн ЗХА-ийн форумын дүрмийн баримт бичгээр Улаанбаатар хотын санаачилсан Форумыг бүс нутгийн хотуудын хамтын ажиллагааны байнгын механизм болгох эхлэл тавигдаж байгаад бид баяртай байна….” гэсэн юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа