Нийгэм
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхэлсэн. Зарим нийтлэг томоохон зөрчлүүд илэрч байна.
Тухайлбал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийсэн, үнс нурмаа ил задгай асгадаг зэрэг зөрчил илэрлээ. Мөн угаар мэдрэгчээ зөв ашиглахгүй байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф үнэгүй болсон. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь битгий үлдээгээрэй. Цахилгааны болон галын аюулгүй байдлаа онцгой анхаарах хэрэгтэй байна” гэдгийг онцолж хэлэв.
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо хоёр дахин нэмэгдсэн
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “10 дугаар сарын агаарын чанарын хэмжилтийн дүнг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 15 хувиар буурсан, бусад бохирдуулагч бодис стандартын хэмжээндээ байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 01-ний хооронд агаарын чанарын долоо хоногийн хэмжилтийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 16 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ онд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн учраас иргэдэд хүрэх түлшний хүртээмж илүү сайжирна” гэлээ.
Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.
М.Мөнхдэлгэр: Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байна
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Сүүлийн 24 цагийн мэдээллээр Монгол Улсад коронавирусийн хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн. Манай улсад нийт 352 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс бүгд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн. Эдгэрсэн 314 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 38 хүн эмчлүүлж байна.
Харин томуу, томуу төст өвчний талаарх товч мэдээллийг өгөхөд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 1123 ор байгаагаас өнөөдрийн байдлаар 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс амьсгалын замын өвчтэй хүүхэд 302 байна. Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс өгч байх шаардлагатай. Мөн “Маскаа зүүцгээе, гараа угаая” аянд иргэд, олон нийт идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтрээгүй байгаа гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд онцолж хэлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ