Нийгэм
Нийслэлийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад тус бүр 5 сая төгрөг хандивлалаа
Дэлхий нийтэд корона вирусын тархалт нэмэгдэж байгаа нь улс орнуудыг олон талаар хүнд байдалд оруулсаар байгаа билээ. Тиймээс бизнес эрхлэгчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хандив үзүүлж эхэлсэн. Энэ удаа нийслэлийн харьяа агентлагуудад анхны хандивыг “Нисдэг машин” худалдааны төвийн Д.Эрдэнэбаатар захиралтай хамт олон өгсөн бөгөөд тэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа COVID-19 вирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс, хот, аж ахуй нэгж байгууллага хувь хүн бүгд онцгойлон анхаарч ажиллаж байна. НОК, Төр захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг дэмжиж “Нисдэг машин” худалдааны төвийн хамт олон анх удаа мөнгөн тусламж үзүүлж байгаад Нийслэлийн Онцгой Комиссын удирдлага болон нийслэлийн цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт хэмээх гурван байгууллагын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн 6000 орчим төрийн алба хаагчдад тусламж үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна” хэмээлээ.
“Нисдэг машин” худалдааны төвийн захирал Д.Эрдэнэбаатар “Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа албан хаагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор манай хамт олон хандив өргөж байна. Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж энэхүү тусламжийг үзүүлж байна” гэв.
“Нисдэг машин” худалдааны төв гуравдугаар сар дуустал түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулахаар болжээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан түрээслэгч иргэдээ дэмжсэн шийдвэр гаргасан тус худалдааны төвийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.
Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.