Нийгэм
“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “ Урт цагаан ” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлүүдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас болох www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан бөгөөд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар шалгаруулжээ.
Нийт 55823 иргэн санал өгснөөс тэргүүн байрыг 89.4 оноогоор “MGL E&C” ХХК, Шагналт байрыг 83.7 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК, 66.5 оноогоор “Маза Эм Эй Зэт Эй” ХХК тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав. Мөн зураг төслийн уралдаанд идэвхи санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт Талархалын бичиг гардуулав.
Хоёрдугаар байранд шалгарав
НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан уралдааныг дүгнэжээ. Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах юм байна.
“MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.