Нийгэм
ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн 17 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж зааж сургасан багш нарт шагнал гардууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сурагчдад хандаж хэлэхдээ “Энэ хичээлийн жил их онцлогтой болж өндөрлөлөө. “Ковид-19” цар тахалын энэ үед дэлхий дахины боловсрол, сургалтын системд өөрчлөлт орж байна. Одоогийн сурагч, хүүхэд залуусын хувьд дэлхийн боловсролыг онлайнаар суралцаж, эзэмших боломж бүрдэж байна. Үеийнхээ манлайлж буй сурагч та бүхэн маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрсдийн хүссэн их, дээд сургуульдаа элсэн орж амжилттай суралцахыг хүсэн ерөөе” гэсэн юм.
“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга “Элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэн оролцсон үе тэнгийн сурагч та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа их, дээд сургуульдаа амжилттай суралцах болно гэдгээ хэлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох нөхцөл бололцоогоор хангаж, зааж сургасан нийт 14 багшид талархал гардуулав. Энэ үеэр 38 дугаар сургуулийн монгол хэлний багш Д.Алтанцэцэг “Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон нийт сурагчид болон зааж, сургасан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсэж байна” хэмээлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчид:
Монгол хэл
38 дугаар сургуулийн сурагч Л.Ундрах
Математик
“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Мөнхтүшиг
“Шинэ Монгол” сургуулийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ
11 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх
1 дүгээр сургуулийн сурагч Д.Чингүүн
1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд
Нийгэм судлал
“Улаанбаатар эмпати” сургуулийн сурагч А.Анужин
14 дүгээр сургуулийн сурагч Б.Анужин
Логарифм бүрэн дунд сургуулийн сурагч Г.Энхмаа
Биологи
“Шинэ Монгол” сургуулийн сурагч Б.Чинтулга
Хими
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Г.Ану-Үжин
Физик
11 дүгээр сургуулийн сурагч Г.Баяртулга
11 дүгээр сургуулийн сурагч Г.Ичинноров
Англи хэл
“Дойче шуле” сургуулийн сурагч А.Итгэл
“Хобби” сургуулийн сурагч Т.Анужин
“Шинэ Монгол” сургуулийн сурагч Э.Чингүүн
“И Эс Эм” олон улсын дунд сургуулийн сурагч М.Саруулбуян
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.