Нийгэм
Залуу гэр бүлд зориулсан орон сууцны хорооллын шав тавилаа
Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан оролцлоо.
Нээлтийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх хүрээнд захын бүсүүдэд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн төсөвт “Хөгжлийн үүд” хөтөлбөрийг баталсан. Үүний эхлэл болж өнөөдөр “Морингийн давааны шинэ суурьшлын бүс”-ийг байгуулж, 10 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот нэг төвтэй бус олон төвтэй хот болж хөгжихийн эхлэл юм. Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа-2050” хөтөлбөрт дагуул хотуудын бодлогыг тусгаж өгсөн. Тиймээс олон дэд төв, дагуул хоттой, дэд бүтэцтэй, асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ийм хотыг бий болгохын төлөө зорьж ажиллаж байна” гэсэн юм.
Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Бид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдвэрлэсэн. Эхний ээлжийн барилгажилтын ажилд 50 тэрбум төгрөг тусгасан. Энэ төслийг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн учраас өнөөдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлэж байна. “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна” хэмээн онцолж байлаа.
“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд хийгдэж буй Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 10 мянган өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд 43.3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, хоёр өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Бүтээн байгуулалтын ажил дэд бүтэц, шугам хоолойн ажлуудыг энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн байна.
Дашрамд дурьдахад, дараагийн суурьшлын бүсийг Налайх, Хонхор орчимд байгуулж, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн зураг төслийн ажлыг хийж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.