24 баримт
УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатарын 24 онцлох
- Өмнөговь аймгийн Даланзадгад хотод тээврийн жолоочийн гэр бүлд 1974 онд төрсөн. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь.
- Хөгжим сонирхдог, дунд сургуульд байхдаа үлээвэр хөгжмийн хамтлагт бүрээ үлээдэг байжээ.
- Цэргийн Их Сургуулийг 1996 онд Цэргийн ар тал–Эдийн засагч мэргэжлээр төгссөн ардын армийн офицер. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэн, ажлынхаа гарааг эхэлсэн нь түүний сайхан дурсамжуудын нэг гэх.
- 1998 оноос энгийн салбарт шилжиж Төрийн өмчийн хороонд ажилд орсон нь төрд зүтгэх гараа нь болжээ
- Багш бүсгүйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн аав болсон.
- Түүний аав Р.Нанзад мотоспортын мастер, тамирчин хүн байсан. Тэр ч автомашин, мото спорт, буудлагын спортод дуртай болохоороо энэ спортыг дэмжиж, ивээн тэтгэдэг.
- 2002 онд аймгийн тухайн үеийн Засаг даргын урилгаар очиж, Татварын хэлтсийн даргаар томилогдон ажилласнаар өмнийн их говьдоо өөрийн хүч, чадлыг зориулах шангаа тавьсан гэлтэй.
- 2004 оноос улс төрд орж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон аймгийн ЗДТГ-ын даргаар 2009 оныг хүртэл ажиллажээ.
- Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ний ТУЗ-ийн даргаар 2004-2009 онд ажиллаж, нүүрсний экспортыг анх эхлүүлснээр тус компанийн эдийн засгийн чадавхи сайжирч, нэгж хувьцааны үнэ өссөн. Улмаар хувьцааны 51 хувийг эзэмшдэг аймгийн төсөв нэмэгдэж 2006 оноос өөрийгөө санхүүжүүлдэг болсон. Одоогоор Өмнөговь аймаг улсдаа 50 гаруй тэрбум төгрөг татварын орлогоосоо төвлөрүүлж байна. Эндээс Н.Наранбаатарын ТУЗ-ийг хэрхэн удирдсан дүнг харж болно.
- Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч 2007 онд АНУ-д хэлний бэлтгэл, 2011 онд Калифорнийн Олон улсын Их сургуулийг мастер зэрэгтэйгээр төгссөн боловсрол өндөртэй нэгэн.
- Сургуулиа төгсөж ирээд уул уурхайн салбарт гурван жил ажиллан, бизнес эрхлэгчдийн зовлон жаргал, уул уурхайн үйл ажиллагааг нэлээд сайн мэддэг болжээ.
- Намын нөхдийн томилгоогоор аймгийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлыг хийж 2016 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, аймгийнхаа Засаг даргаар сонгогдсон.
- Аймгийн даргаар ажиллахдаа жил бүр хоёр салбарыг сонгон зорилтот жил болгон хөгжүүлж, бүтээн байгуулалтыг төв хөдөөгүй өрнүүлсэн. Нэг жишээ хэлэхэд, Боловсролын салбарт анхаарал хандуулж олон ажил төлөвлөж хийснээр ЭЕШ-ын дундаж оноогоор улсын хэмжээнд сүүлийн байрнаас нэгдүгээр байр хүртэл ахисан гээд амжилт, ололтын буухиа олонтой.
- Өмнөговь аймаг 2017, 2018, 2019 оны ажлаараа бусад аймгаа хошуучлан жил дараалан гурван удаа Монгол Улсын Тэргүүний аймгаар шалгарч байсан. Түүний аймгаа удирдсан дөрвөн жилд ажилгүйдэл ядуурлыг бууруулсан үзүүлэлтээр улсдаа тэргүүлж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирсан гээд хэлэх үг, хийсэн ажилтай л нэгэн.
- 2018 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймгийг шилдэг бүтээн байгуулалтад олгодог “Төрийн гэрэгэ”-ээр шагнасан. Тэрбээр аймгийнхаа түүхэнд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн даргаар зүй ёсоор нэрлэгддэг.
- МАН-аас итгэл хүлээн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэрбээр 11 дүгээр тойргийнхоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, нутагтаа нэлээд нэр хүнтэй эрхэм.
- Шинээр гишүүн болсон даруй Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллав.
- Тэрбээр хөдөө орон нутагт тэр дундаа төрийн албанд мэргэжилтнээс нь аймгийн дарга хүртэл бүх албан тушаалыг шат дараалан хийсэн ажил, амьдралын арвин туршлагатай гишүүдийн нэг.
- Эрхэм гишүүн одоо говийн бүсийн усны асуудал дээр анхаарал хандуулж, уул уурхайн салбарт гүний ус хэрэглэхийг хязгаарлах, хангайн бүс нутгаас татах Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг дэмжин хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил амралтын горимыг тэнцвэртэй байлгах, гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг болгох тал дээр Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналаа өгөн ажиллаж байна.
- Нүүрс тээврийн жолооч нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдэнтэй хамтран олон чухал шийдвэрийг ЗГ, УОК-т уламжлан холбогдох шийдвэрийг гаргуулан, ажиллаж байгаа нь түүний нутаг орон, уурхайчдаа гэх чих сэтгэлтэйг тодотгоно.
- Чуулганы завсарлагаанаар тойргийнхоо 15 сум, хилийн боомтуудад ажиллаж сонгогчдынхоо санал хүсэлтийг төрийн бодлого шийдвэрт тусгах ажлыг хийж байгаа ажээ.
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэг болон Байнгын хорооны хурлуудад аймаг, сумын чиг үүргийг тодорхой болгох, бие даан хөгжих боломжийг нээх, улс төржилтийг багасгах, төвлөрлийг сааруулах, ИТХ, ЗД-ын эрх үүргийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг өөрийн туршлага дээрээ үндэслэн оруулж батлуулсан гээд төр түших үүргээ тун чиг сайн биелүүлж явна.
- Ган, зудтай байгаа аймгийнхаа малчдад зориулсан “Малчдаа дэмжие” аяныг намын нөхөдтэйгээ хамтран санаачилж өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаад Өмнөговийн талархаж байгаагаа илэрхийлсээр.
Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа аймгийн Онцгой комисс, хилийн боомтуудад ажиллаж байгаа алба хаагчдад зориулж халдвар, хамгааллын хэрэгсэл хандивлажээ. Мөн тойргийнхоо зорилтот бүлгийн айл өрхөд амьжиргааг нь дэмжих хүнсний бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлж, уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэрлэл, экспортыг тасалдуулахгүй байх зорилгоор УОК-т санал тавьж Өмнөговь аймгийг Ногоон бүс болгох, хилийн боомтуудын үйл ажиллагааг дэмжих ажлын хэсэг томилуулж газар дээр нь ажиллуулсан гээд Н.Наранбаатар гишүүний хийж, амжуулж байгааг цухас дурдахад ийм.
Тэрбээр цэргийн хүн учраас цэргийн анги байгууллагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд, говийн хүний хувьд уул уурхай, түүнийг дагасан үйлдвэржилт, бүтээн байгуулалт, байгаль орчин, усны асуудал, уурхайчид, нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд, төрийн албанд олон жил ажилласны хувьд төрийн албыг нээлттэй ил тод, түргэн шуурхай, цахим болгох, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, боловсрол мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэгт онцгой анхаарч ажилладаг нь яах аргагүй түүний онцлог гэлтэй.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.