Энтертайнмент
Ээж хад дуутай боллоо
Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.
Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа.
Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм.
Ташрамд дуулгахад, “Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 10-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.