Энтертайнмент
ХЭН Ч МЭДЭХГҮЙ ZEUS

Я.МОНГОЛ
Дэлхийн PubG спортын хамгийн хүчтэй багуудыг сандаргаж, мэргэжлийн, өндөр зохион байгуулалт бүхий сая сая ам.долларын орлоготой Хятадын багуудтай эн тэнцүү өрсөлдсөн ZEUS CLAN гэж хэн бэ? Саяхан болж өнгөрсөн PubG Mobile ДАШТ-д хоёрхон жилийн өмнө байгуулагдсан ийм нэгэн баг Хятадын хамгийн алдартай, хамгийн хүчтэй хоёр багийн араас гуравдугаар байрт орж, олон улсад эргэлт буцалтгүй танигдлаа. Монголын CS:GO хүчтэй гэдгийг мэдрүүлж, Азийн аварга болсон МONGOLZ багийн амжилтын буухиаг эдгээр тамирчид үргэлжлүүлж, PubG Mobile-ын төрөлд Дэлхийн аваргын гутгаар байрыг эзлэв.
PubG сонирхон тоглогч хэсэг хүүхдүүд нэгдэж ZEUS нэртэй баг байгуулаад, яваандаа мэргэжлийн цахим спортын түвшинд хичээллэж эхэлсэн нь хоёрхон жилийн өмнө юм. Явцын дунд багийн зарим гишүүд солигдож, жил орчмын өмнөөс одоогийн бүрэлдэхүүнээрээ тоглож эхэлсэн байна. Багийн үүсгэн байгуулагч С.Ундрах Япон улсад амьдардаг бөгөөд багийн гишүүдтэйгээ өдөр бүр онлайнаар холбогдон заавар, зөвлөгөө өгч, бэлтгэл сургуулилт нь хангагдахад алсаас тусалдаг тухай багийнхан нь ярьсан. Монголд байгаа гишүүн О.Бат-Оргил (Ronin), Б.Золбоот (Zyol), Н.Дулаанжаргал (Abely), Б.Тэнгис (ICY), Б.Билгүүн (Godless) нар бол 16-21 насны хүүхдүүд юм.
Тэд PubG Mobile Global Championship тэмцээнд орохын тулд эхлээд бүсийн тэмцээнд тогложээ. Ийнхүү 13 орны баг өрсөлдсөн “Wildcard” бүсийн тэмцээнд бүтэн сарын турш тоглоод, нийт оноогоороо тэргүүлж, дараагийн шат болох Тайванийн Тайпей бүсийн тэргүүн 10 багтай тоглож ялснаар PubG Mobile Global Championship тэмцээнд оролцох цорын ганц эрхийг авчээ. Бүсийн тэмцээнд тоглох явцдаа өдөрт 2-3 цагийн халаалт хийж хоорондоо тоглоод, оройд нь тэмцээндээ тоглож, бусад цагаар тархи толгойгоо амраах гэж агаарт алхах нь олонтаа байсан тухайгаа тэд ярив.
Ийнхүү ДАШТ-ий эрхээ өвөртлөн Дубайг зорьсон залуусын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хятадын багууд байхыг таамаглаж байж. Тэдний төсөөлөл ёсоор тэдгээр багуудтай оноогоороо урд хойноо орон тоглосоор тэмцээний сүүлийн мөчид гуравдугаар байрт орлоо. Тэр хүртэл түрүүлж ч болохоор нөхцөл байдалтай байсан нь олон хүнийг гайхшруулсан юм. Тайлбарлагч нар тэднийг Монголын “underdog” баг гэж олонтаа дурдсан нь хэний ч мэдэхгүй, санаанд оромгүй баг ийм амжилт үзүүлж буйг гайхан биширсэн хэрэг байлаа.
Монголын багийн хоёр тоглогч тэмцээний шилдэг 10 тоглогчийн жагсаалтад багтсаныг мөн дурдах хэрэгтэй. Тус багийнхан энэ жил PubG Mobile-ын дэлхийн хамгийн том тэмцээн PMCO-д оролцох урилгаа аваад байгаа ажээ. Дашрамд дурдахад, олон улсад зорчих хөдөлгөөн хязгаарлагдаад буй цар тахлын энэ үед ZEUS CLAN багийнхан азтай ч гэмээр тохиолдлоор Дубайд хүрч, тэмцээндээ оролцож чаджээ. Нэгдүгээр сарын 8-нд Катарын Доха хотод болсон жүдогийн Грандприкс тэмцээнд Монголын тамирчид тусгай үүргийн онгоцоор нисэх гэж буйг дуулаад Монголын цахим спортын холбоо болон бусад хүмүүс УОК-т хүсэлт гаргаж, ном журмын дагуу шинжилгээнүүдээ өгч, тэрхүү онгоцонд дайгдан очоод хүрэл цомын эзэн болжээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
