Бусад
Таны хоёрдугаар сарын зурхай
ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Үр бүтээл ихтэй, үйл явдлаар баялаг cap. Нөгөөтэйгүүр таны тэсвэр тэвчээрийг сорих сар. Өрсөлдөгч нарын явуулга идэвхжинэ. Та хийе гэснээ хийж амжихгүйд хүрэх тул бүгдийг эртнээс төлөвлө. Ажил албандаа нэн хянуур хандаж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Эс тэгвэл удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг мартахад хүрнэ. Ажил албаны хүрээнд гарсан ямар ч өөрчлөлтийг өөрт ашигтайгаар боломж болгон ашиглаарай. Мөнгөндөө хямгатай хандаарай, учир нь танд мөнгө их хэрэгтэй болно. Гэнэт их хэмжээний зардал гарч болзошгүйг гариг эрхэс сануулж байна.
Хайр дурлал: Ганц бие хүмүүс энэ сард сэтгэлд нийцсэн нэгэнтэй таарч, амьдралаа холбох шийдвэр гаргах бололтой. Харин хостой хониныхны хувьд хайрттайгаа харилцаагаа шинэчилж, сэргээх тал дээр анхаараарай.
Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарч, хүнд хоол хүнснээс татгалз. Спортоор хичээллэх нь танд илүү их тустай байна. Мөн ужиг хууч өвчин сэдэрч магадгүй учир биеэ тордоорой.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард үхрийнхэн найз нөхөд, садан төрлийн хүмүүсээс шүүмжлэл багагүй хүлээнэ. Хэдийгээр хэцүү байсан ч тэвчих хэрэгтэй. Таны зүгээс тэвчээр, буулт хийх чанар чухал байна. Хөндлөнгөөс өөрийгөө харж, зан аашны дутагдалтай талаа засахыг хичээгээрэй. Хамт ажиллагсад хоёр нүүр гаргаж болзошгүй. Таны нүүрэн дээр нэгийг ярьчихаад, буруу харахаар тань муулж байж мэднэ. Ач холбогдол өгөх хэрэггүй. Зарим тань албан тушаал ахиж, цалин мөнгөө нэмүүлнэ. Сайн байх хэдий ч тооцоотой байх шаардлагатай. Гэр орондоо том эд зүйл худалдан авна. Хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл сайн судалж байж шийдвэрээ гаргаарай. Зөв хүнтэйгээ түншилж чадвал хувийн бизнесээс ихээхэн ашиг олох боломж байна.
Хайр дурлал: Хайртай хүндээ илүү их анхаарал тавьж, өгөөмрөөр хандах хэрэгтэй. Хэрвээ та хайртай хүндээ бэлэг сэлт өгөөгүй бол одоо санаа тавих цаг нь. Ганц бие хүн ойрын хүрээллээсээ хамгийн дотны хүнээ олж авна. Гэр оронд хүүхэдтэй холбоотой асуудал үүсч, ханьтайгаа зөрчилдөхөд хүрнэ.
Эрүүл мэнд: Энэ сард сайтар амрах нь чухал. Ажил албан дээрхи нөхцөл байдал таныг хямрааж болзошгүй. Тиймээс эрүүл агаарт ойр ойрхон гарч, сэтгэл заслын эмчилгээнд яваарай. Эерэг зөв бодолтой байвал өвдөнө гэж айлтгүй.
ИХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Амьдралд тань тулгарсан хэцүү асуудлыг найз нөхдийн дэмжлэгээр шийдвэрлэнэ. Санасандаа хүрч, амжилт гаргах боломж нэг бус удаа таарна. Тиймээс анхааралтай байж, боломжийг алдалгүй ашигла. Тэгвэл та итгэлтэй хамтрагчаа төдийгүй насны ханиа ч олж авч чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрвээ та ашигтай саналыг дотроо хадгалалгүй удирдлагадаа танилцуулж чадвал байр суурь өснө. Нөгөөтэйгүүр хамт олны дунд тантай холбоотой хов жив гарч болзошгүй. Гэхдээ ач холбогдол өгөх хэрэггүй. Залхуурахгүй, бас хэл ам хийхгүй байвал бүх юм сайхан болно. Орлогоо хуримтлал болгоход анхаар. Бусдын мөнгө төгрөгтэй битгий орооцолд, асуудалд орно. Гэр бүлтэй холбоотой зардал ихэснэ.
Хайр дурлал: Гоонь хүмүүс хайрлаж болохуйц нэгэнтэй учирна. Зарим нь шууд гэрлэхийг хүснэ. Харамсалтай нь, сонгосон хүн тань өөр нэгнийх байж мэдэх юм. Ханьтай хүмүүсийн тухайд хайр халамжид нь умбана. Сарын сүүлээр ар гэртэй холбоотой асуудлаас болоод эв эвдэрч мэднэ. Ихрийнхэн ухаалаг байвал байдлыг хүндрүүлэхгүй.
Эрүүл мэнд: Үе мөч, мэдрэлийн систем, амьсгалын зам эмзэг байх тул онцгой анхаарах шаардлагатай. Эмнэлэгт очиж. иж бүрэн үзлэгт хамрагдвал сайн. Бэртэж гэмтэхээс болгоомжил.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард мэлхийнхэн үйл ажиллагааны шинэ чиглэлийг сонгоно. Тулгарсан ямар ч асуудлыг “дараа” гэж хойш тавьж болохгүй. Хэрвээ нөхцөл байдал нилээд зууралдахаар байвал тээршаалгүй барьж авч шийд. Итгэлтэй нөхөд, дотны хүмүүс хамгийн сайн зөвлөгч байна. Нөлөө бүхий хүмүүс таныг тусалж дэмжих боловч өөрийн зүгээс авьяас чадвараа дайчлах шаардлагатай. Бизнесийн чиглэлийн их ашиг амласан саналуудыг сайтар нягталж байж шийдвэр гаргаарай. Зарим тань шинэ аятайхан ажилд шилжинэ. Орлого олж болох бүх салбараас мэлхийнхэн мөнгө шүүрнэ. Ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа бол урьдчилан сайтар нягтлахыг зөвлөе. Том эд зүйл худалдан авахдаа гэрийнхэнтэйгээ заавал зөвлөөрэй.
Хайр дурлал, гэр бүл: Идэвхтэй байх cap. Гэртээ суугаад байвал таарч тохирох хүн олдох нь юу л бол. Эсрэг хүйсийнхний анхаарлыг татахын тулд санаачлагатай бай. Мэдээж энэ гоонь хүмүүст зориулсан зөвлөгөө. Гэр бүлтэй хүмүүс хань ижил, хамаатан садандаа анхаарал тавих шаардлагатай. Та хэт их ажиллаад, тэдэндээ цаг зав гаргахгүй байгаа юм биш үү.
Эрүүл мэнд: Ажил төрөлтэй холбоотой зовнил сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Үүнээс үүдээд ходоод өвдөх, сэтгэл санаа хямрах магадлалтай. Өвдвөл өөрийгөө эмчлэлгүй эмчид хандаарай.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сэтгэл хангалуун байх cap. Хүрээлэн байгаа бүхнээсээ эерэг энерги авч, эрч хүчээр цэнэглэгдсэн арслангийнхан ажил төрлөө гялалзуулж, бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь азтай байх нэгэн үндэс болдог. Дутуу орхисон ажлаа хийж гүйцээх нь чухал. Эс тэгвэл хожим танд гай болно. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь хийж дуусга. Шинэлэг, өвөрмөц санаагаа зоригтойгоор ажил хэрэг болго. Нөхцөл байдлыг бодитоор харах нь амжилтад хүрэх боломж олгоно.
Тогтмол орлого байгаа боловч хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй тул нэмэлт орлогын эх үүсвэр хайна. Тууштай байж, шинэ гэрээ хэлцлүүд байгуулж чадвал орлого нэмэгдэх боломжтой.
Хайр дурлал: Энэ сард арслангийнхан өөнтөгч болно. Тэд амраг хайрт, хань ижил, үр хүүхэд, садан төрөл гээд ойр дотны хүмүүстээ хатуу ширүүн хандана. Энэ нь гэр бүлийн уур амьсгалд таагүй нөлөө үзүүлж, зарим тохиолдолд салж сарнихад хүргэнэ. Уян зөөлөн байхыг хичээ.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэвч жимс ногоо, цагаан идээ хүнсэндээ ахиухан хэрэглэж, амин дэмийн дутагдлыг нөхөх шаардлагатай. Мөн спортоор хичээллэж, амьдралын хөдөлгөөнт хэв маягийг баримтал.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ачаалал ихтэй cap. Ажил төрөлд ч, хувийн амьдралын хүрээнд ч шийдвэл зохих асуудлууд тулгарна. Хэрвээ та жижиг сажиг зүйлийг хэт чухалчлахгүй бол хувь тавилан танд бэлэг барина.
Охиныхон нэн яаралтай хийж дуусгах олон ажилд дарагдана. Бүгдийг нэгэн зэрэг барьж авбал алдаа гаргах магадал их. Төлөвлөгөөтэйгөөр, сайтар эрэмбэлж ажиллавал амжилтад хүрнэ. Байгууллагын ирээдүйтэй холбоотой оновчтой санал байвал удирдлагадаа заавал танилцуул. Дундаж байна. Гэр бүлтэй холбоотой зардал ихэсч орлого хаанаа ч хүрэхгүй байж мэднэ. Тиймээс орлогын нэмэлт эх үүсвэр хайгаарай. Сарын сүүлээр албан ажилтай холбоотой мөнгөн урамшуулал хүртэнэ.
Хайр дурлал: Энэ сард охиныхон хайртай хүнээ илүү их анхаарч халамжлах шаардлагатай болно. Та ажил гэсээр орон гэрээ бараг мартчихаж байгаа юм биш биз? Тийм бол ажлаа зохицуулж гэр бүлдээ, хайртай хүндээ цаг зав гаргах шаардлагатай.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ ажил амралтаа зохицуулж, гүйцэд сайн унтаж байх хэрэгтэй. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэм түлхүү хэрэглэж, явган их яв. Эрүүл агаарт гарч бай.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Аливаа шийдвэр гаргахын өмнө зүрх сэтгэлээ сайтар чагна. Тэгвэл алдаа гаргахаас сэргийлж чадна. Жинлүүрийнхэн хамгийн сайн сайхан чанараа бусдад харуулж чадна. Тэд ажил хэргээр хол, ойр явж, түншийн харилцаа шинэ түвшинд гаргана. Шашин, гүн ухааныг шимтэн сонирхоно.
Хамт ажиллагсад болон бусадтай эелдэг харьцах нь амжилтын үндэс. Ажлын газрынхаа хэн нэгэнтэй дотносч болзошгүй. Энэ нь нэр хүндээ алдахад хүргэнэ. Бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу бүү дүр. Та ажлаа тууштай барьж авч чадахгүй байх хандлагатай. Харин энд туйлбартай зан л танд хамгаас их хэрэг болно.
Санхүүгийн байдлаа тогтворжуулахад анхаарна. Орлого тогтсон эх үүсвэрээс орно. Гэхдээ зардал ихсэх тул нэмэлт мөнгө хэрэг болно. Аяллаар явбал олз омогтой байна. Бусдад мөнгө зээлдүүлбэл буцааж авахад амаргүй байна.
Хайр дурлал: Хайртай хүнээ өөнтөглөх хэрэггүй. Ажилтай холбоотой бухимдлаа гэртээ битгий авчир. Нөгөөтэйгүүр амрагаа хардах явдал гарна. Итгэл дээр амьдрал үндэслэдгийг санаж, ууч тэнүүнээр асуудалд хандаарай. Гэр бүл, садан төрөл анхаарал шаардана. Тэдэндээ цаг зав гаргаарай.
Эрүүл мэнд: Аз сориод хэрэггүй. Бие эвгүйрхвэл эмчид шууд үзүүлээрэй. Иж бүрэн шинжилгээнд орвол сайн байна. Үе мөч, уушги, шүд эмзэг байна. Хоолны дэглэм барьж, амьдралын зөв хэв маягийг баримтал.
ХИЛЭНЦ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард хилэнцийнхэн гэр бүлтэйгээ холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ. Ялангуяа садан төрөлтэй холбоотой асуудал нэн тэргүүнд тавигдана. Та илүү уян зөөлөн хандвал хожоотой байна. Бусдын хэрэгт хөндлөнгөөс битгий оролц, эвгүй байдалд орно. Ямар ч нөхцөлд аядуу тайван байхыг хичээ. Албан ажлын хүрээнд шийдвэрлэх асуудал нэг бус гарна. Удирдлагатай харилцаа таагүй байх тул болгоомжил. Дарга тань хариуцлагатай үүрэг даалгана. Хэрвээ та түүнийг нь амжилттай биелүүлж чадвал албан тушаал ахина. Байр суурь, хэлхээ холбоогоо бэхжүүлэхэд анхаар. Санхүүгийн байдал харьцангуй сайжирна. Энэ нь та бусдад зээлдүүлсэн мөнгөө буцааж авсан, мөн нэмэлт үүрэг хүлээсний хөлсөө авсантай холбоотой байна. Зарим тань машин буюу үл хөдлөх хөрөнгөө зарж үрэх бололтой. Үр хүүхэд, садан төрөлтэй холбоотой зардал гарна. Мөнгийг ухаалгаар зарцуул.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хилэнцийнхэн гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Хайрттайгаа илэн далангүй ярилцаж шийдвэрээ гаргаарай. Гэрлэгсдийн хувьд амаргүй үе. Ханьтайгаа хэл амаа олоход хэцүү нөхцөл байдал нэг бус удаа үүснэ. Бухимдалгүй асуудлын учрыг олж чадвал гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ч хадгалж чадна.
Эрүүл мэнд: Хууч өвчин хөдлөх, ханиад томуу тусах магадлал буй. Эмчид цагаа олж хандвал өвчнөө хүндрүүлэхгүй байх боломжтой. Дархлаагаа сайжруулах, биеэ чийрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болго.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил амьдралын хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж, биеийн байдлыг тань сулруулж болзошгүй. Тиймээс аль болох тайван байж, амьдралтайгаа холбоотой ухаалаг шийдвэр гаргаарай. Бусдад буулт хийж сурвал бусад хүн ч танд тэгж хандана. Хэт түрэмгий авир сайн зүйлд хүргэхгүй. Саад тотгор учрах боловч таны хичээл зүтгэл бүгдийг давж гарахад тусална. Даргатайгаа харьцаа хүндэрч болзошгүй. Энэ нь танд өгсөн үүрэг, даалгавартай холбоотой. Амжилттай хийж дуусгавал байдал засарна. Харилцаа холбоогоо бэхжүүлж, бусдын тус дэмийг ав. Мэдэгдэхүйц сайжирна. Тиймээс хэсэг мөнгөө хуримтлал үүсгэхэд зориул. Боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарна. Ямартай ч зардлаа тодорхой төлөвлөөрэй.
Хайр дурлал: Ганц бие нумынхан амьдралаа жинхэнэ утгаар нь цэгцэлж, гэрлэнэ. Харин амьдралаа холбох хүнээ олоогүй бол идэвхтэй байж, олны дунд орох нь зөв. Дурлагсдын хувьд хайрттайгаа ам мурийх явдал гарч болзошгүй. Энэ нь таны түргэн зантай холбоотой байна. Гэр бүлд танаас үүдэлтэй таагүй уур амьсгал бүрдэнэ. Та илүү ухаалаг байж, буулт хийвэл байдлыг засч чадна.
Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралд өртөн, бие өвдөж болзошгүй. Энэ нь ядарснаас үүдэх тул сайтар амарч байх шаардлагатай. Самар, шоколад түлхүү хэрэглээрэй.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард матрынхны ухамсар дээшилж, аливааг бодитоор харах боломжтой болно. Хэрвээ таны төлөвлөсөн бүхэн биелэхгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Бусдад үүрүүлэлгүй тулгарсан асуудлыг бие даан шийдвэрлэ. Удирдлагаас өндөр шаардлага тавигдана. Ачаалал ихтэй байна. Мөн дарга удирдлагатайгаа зөрчилдөх явдал гарна. Зарим тань төлөвлөгөөгөө өөрчлөн, томилолтоор явах бололтой. Матрынхан шинэ мэргэжил эзэмшиж, албан тушаал ахихын төлөө зүтгэнэ. Бичиг баримт бүрдүүлэхдээ онцгой анхаар. Орлого тогтмол орж ирнэ. Зарим нэмэлт эх үүсвэрээс орлого олно. Бусдад мөнгө бүү зээлдүүл, хожим авахад хэцүү байна.
Хайр дурлал: Дурлалын талбарт аз жаргалаар дүүрэн байна. Гэрлэж амжаагүй хүмүус ханиа олох боломжтой байна. Хэн нэгэн танд сэтгэлээ илчлэн, амьдралаа холбох санал тавина. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Хайртай хүн тань түшиг болоход хэзээд бэлэн байна. Гэр бүлийн баяр, цуглаан зохион байгуулна.
Эрүүл мэнд: Сайнгүй байна. Дархлаа суларч, ядаргаанаас үүдэлтэй хямарч магад. Түүнчлэн элдэв халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Спорт, йогоор хичээллэж, зөв хоолло.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Хумхынхан хамгийн зоримог төлөвлөгөөгөө ч хэрэгжүүлэх боломжтой байна. Хэрвээ та хүсээд, бүхий л чадлаараа хичээвэл санасандаа заавал хүрнэ. Та бусдын хувьд үлгэр жишээ болж чадна. Энэ сард холын аянд явж, сонирхолтой шинэ хүмүүстэй танилцана. Ер нь юу чухал, юу чухал бусыг, мөн хэн танд хэрэгтэй болон хэрэггүйг ялгаж салгаарай. Энэ сард залхуурах хандлагатай байна. Энэ нь таны ажил төрөл, мөнгө санхүүд сөргөөр нөлөөлнө. Үүрэг даалгаварт дарагдан ажил ихтэй байна. Тэвчээр гарган бариад авбал санаснаас хурдан хийж дуусгана. Зарим нэг саад бэрхшээл гарсан ч энэ нь түр зуурын зүйл гэдгийг битгий мартаарай. Эмэгтэйчүүд байр суурь ахих боломжтой байна. Орлого зарлагаа сайтар тооцоолж, хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхий. Садан төрөл мөнгөн туслалцаа үзүүлнэ. Хоббигоо орлогын эх үүсвэр болгох боломжтой байна.
Хайр дурлал: Таны дур булаам чанар нэмэгдэнэ. Романтик болзоо, дурлалын адал явдал гээд олон сонин учрал ганц бие хумхыг хүлээж байна. Та ямар ч мөчид ганцаардахгүй. Хосоо олсон хүний тухайд хайртдаа бэлэг сэлт авч өгч, цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Гэрлэгсэд хардалтад ухаанаа алдаж болохгүй. Ухаалаг байхгүй бол хайртай хүнээ бүрмөсөн алдах болно.
Эрүүл мэнд: Ходоод гэдэс бага зэрэг хямарч магадгүй. Гэхдээ хоол хүнсээ тохируулбал санаа зовохгүй байж болно. Архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Йод, төмөр, фосфороор баялаг хүнс хэрэглэвэл эрүүл мэндэд тустай.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Нэг үгээр тодорхойлох аргагүй cap. Сэтгэл санаа тогтворгүй, үе үе хямарна. Нөхцөл байдал ч салхи шиг хурдан өөрчлөгдөх болохоор та бүгдийг хяналтдаа байлгаж чадахгүй. Гэвч бүгдийг өөдрөгөөр, итгэлтэйгээр харж чадвал ажил албанд ч, бусадтай харьцахад ч амжилт хүлээж байна. Тохиолдож байгаа үйл явдлыг хэт их хүндээр тусгаж авах хэрэггүй. Нэр хүндээ алдахын зэрэгцээ сэтгэл санааны байдлаа дордуулна. Хэрвээ загасныхан аливааг хийхийн өмнө сайтар нягталж бодвол амжилтад хүрэх боломжтой. Ашиг орлого сайн байна. Гэхдээ ар гэр болон үр хүүхэдтэй холбоотой зардал их гарах болохоор хуримтлуулах боломжгүй байна. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг бусдад бүү яриарай.
Хайр дурлал: Хувийн амьдралын хүрээнд шалгуур тавигдах cap. Таны дур булаам, эвлэг байдал олон хүнийг догдлуулна. Шүтэн бишрэгчид, атаархагчдын тоо эн тэнцүү байна. Тиймээс хянуур, ухаалаг байвал зохилтой. Дурлагсдын хувьд хардалтаас үүдэлтэй харилцаа хүндэрч болзошгүй. Хайртай хүндээ уян зөөлөн хандахыг хичээ.
Эрүүл мэнд: Сэтгэл санааны байдалдаа анхаар. Хямрах, гутрахаас зайлсхийж, унтахынхаа өмнө бүлээн усанд хэвтэж байгаарай. Ханиад томуунаас сэргийлж, хоолны чанартаа анхаар.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.