1. Дорноговь аймгийн Сайншандад төрсөн ч хорвоотой танилцсан Хатанбулаг, алдарт Эргэлийн зоо, их говиороо овоглох тэр дуртай. Ээрэм талд сунайтал татсан их ширээ мэт Эргэлийнхээ зоон дээр ботго тором эргүүлж, сумынхаа захиргааг халаах галлах гээд мөн л эмээгийнхээ нуруунд зүүгдэж, хөрзөн заг хормойлж үүрч дүүрч өссөн нь эгэл Монгол ахуй, эрхэм ёс, жудагтаа ойр нэгэн болгожээ.
2. 2001 онд”Болор цом”-ын болсон. Дунд сургуулийн хүүхэд байхаас л уран бүтээлийн гараагаа эхлэж анхны номоо хүүхэд ахуй насандаа хэвлүүлж “Хүрэл тулга” наадмын анхны эзэн, Цагаан уул, Найргийн даага, Болор цомын удаа дараагийн шагналуудыг сурагчийн ширээний араас хүртэж явсан тэрбээр олны дунд түгсэн олон дуу шүлгээс бүтсэн 10 гаруй ном, бүтээл хэвлүүлжээ,шүлэг, яруу найраг нь англи, болгар, япон, турк, хятад, солонгос хэлнээ орчуулагдсан. Шүлэг, яруу найргаас гадна “Болзоогүй цагийн хураангуй” афоризмын түүвэр бүтээл туурвисан анхны эмэгтэй.
3. Зууны мэдээ, Засгийн газрын мэдээ сонинд сурвалжлагч албаны дарга хийж “мэдээнд гүйж” ажил амьдралынхаа гарааг эхлэсэн тэрбээр бичиг номын замаас нэг сар ч хазайгаагүй гэж хошигнодог. Монголын зохиолчдын эвлэл” хэмээх их айлыг 7 жил удирдсан. Монголын нэгэн үеийн билиг номын мэргэд, сэцэд чуулдаг оюуны их өргөөг удирдана гэдэг ховорхон тавилан гэж, тэрээр удирдаж, хашиж байсан олон албаасаа онцолдог. Хүнд хэцүү цаг үед зохиолчдын байгууллагыг өөд нь татаж чадсан болохоор нь Го дарга гэж их багагүй авгайлдаг аж.
4. Говьсүмбэр, Дорноговь хоёр аймгаас бүрдсэн тойргоос 2016 онд УИХ-д сонгогдсон бол 2020 онд Говьсүмбэр, Дундговь аймгийн тойргоос сонгогдож, говь нутгаас сонгогдсон ганц эмэгтэй гишүүн болоод буй. Энэ ч утгаар тэр УИХ-ын чуулган дээр манай говь гээд л ярьж хэлж, говь нутгийнхаа бүсгүйчүүдийн дуу хоолой болж явна.
5. Соёл урлагийн салбарыг төрийн бодлогын төвд оруулж чадсан. Соёл урлагийн талаарх Ажлын хэсгийг ахлан Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг батлуулан тулгамдсан 10 гаруй асуудлыг хөдөлгөлөө. Үндэсний төв номын сан, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд, цалин хөлс нэмэгдүүлэхээс эхлээд багц хуулиудыг боловсруулж өргөн барих ажлууд өрнөсөн. Өдгөө Соёлын хуулийн ажлын хэсгийг ахлаад ажиллаж байна.
6. УИХ-ын гишүүн болмогцоо НҮБ-ын ЮНЕСКО-ийн төв байранд босоо Монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэнг хамтран санаачилж зохион байгуулсан нь олон орны элчин сайд, төлөөлөгчдийн нүдийг хужирлаж, Монгол өв соёлын нэгэн сод гайхамшгийг дэлхий дахинд толилуулсан сайхан үйл ажиллагаа болсон байдаг.
7. “Их соёл-Эх Соёл” хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлсэн нь тойргийн ард иргэдийн талархлыг хүлээж, хүүхэд, залуучуудын боловсрол, ирээдүйд оруулсан оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон гэж үздэг. Говьсүмбэр аймаг ЭЕШ-ын оноогоор сүүлийн байрнаас эхний аравт ортол ахихад энэ хөтөлбөр нөлөөлсөн гэж боловсролынхон нь үнэлдэг.
8. Байгаль орчин, бэлчээр ус, оршихуйгаа хамгаалах үзэл санааг ямагт дэвшүүлэн тавьж, дэмжиж, санаачилж ирсэн байдаг. УИХ-аар нийт 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авахад ажлын хэсэгт орж ажиллаж, өөрөө санаачлан Хамарын хийд, Дэмчигийг хийд, Хөх Сүм бүрд, Аргалын уул зэрэг олон газруудыг хамгаалах ажлыг эхлүүлээд явж байна. Одоо усны тухай хуулийн ажлын хэсгийг ахлаж байгаа.
9. Хүүхэд бүхэн сурах бичигтэйгээ хичээлийн шинэ жилээ эхлүүлэх аяныг санаачлагчдын нэг. Хөдөөгийн хүүхдүүд хичээлийн жил дуусч байхад сурах бичигтэйгээ залгадаг явдлыг БСШУЯ-нд тавьж, 3.4 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулан хамтран ажиллаж шийдвэрлүүлсэн байдаг. Үүнээс хойш сурах бичгийн хангалт доголдохгүй болсон.
10. “Шинэ хөдөө” төслийн санаачлагчдын нэг. 2016-2020 оны УИХ-д хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд хамтран дээрх төслийг санаачилсан байдаг. Энэ төслийн хүрээнд багийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, нутагтаа сайхан амьдрах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн олон ажлууд хийгджээ.
11.Түүний хамгийн анхны “эх барьж” батлуулсан хуулийн төсөл нь “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд боловсрогдсон “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл байсан. Энэхүү хуулийн төсөл дээр амжилттай ажилласнаас хойш 10 гаруй хуулийн төслийг хамтран санаачилж батлуулсан байдаг.
12.Говьсүмбэр аймагтаа урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт татсан гишүүн болсон. Говьсүмбэр нь аймаг болсоор 25 жилийн түүхэндээ анх удаа аймгийн буюу бүсийн нэгдсэн эмнэлэгтэй болсон юм. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг, зам, барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд олноор хийгдсэн байна.
13.Говьсүмбэр-Мандалговь-Арвайхээр буюу Дундговь, Өвөрхангайгаар дамжуулан баруун аймгуудыг олон улсын тээврийн замын сүлжээнд холбох хэвтээ тэнхлэгийн замын төслийг санаачлагчдын нэг. 2020-2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөр улмаар Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулаад байна.
14.Говьсүмбэр аймгаа Цэцэн Боржигины алтан голомт гэх бахархлаар өөд татаж буй авхаалжтай гишүүн. “Боржигин соёлын наадам”-ыг улс, олон улсын чанартай болгож, Болор цом 2019 наадмыг “Боржигин голомт-36” тодотголтойгоор зохион байгуулж, “Уран үгсийн чуулган”, “Номтой галт тэрэг” аян хүртэл өрнүүлсэн. “Боржигин чуулга”-аа шинэ байр савтай болгохоор шамдаж буй. Боржигины өв соёлын музейтэй болгохcон гэж ярьж яваа.
15.“Хөөцөлдлөгөөтэй гишүүн”, энэ үг Г.Мөнхцэцэг гишүүнтэй холбогдож олон сайдын амнаас гардаг. Учир нь тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлаар салбарын яамтай нь хамтран ажиллаж, асуудлаа шийдвэрлүүлж чаддаг.
16.Арга эвийг олж, олон ажлыг нэг дор амжуулахыг хичээдэг. Малчид тэр бүр олон цуглаад байж чаддаггүй болохоор Г.Мөнхцэцэг гишүүн Дорноговь аймгийн 8 сумын “Малчдын зөвлөгөөн”-ийг ХХААЯ, ХНХЯ 2 яамтай хамтарч хуулиа сурталчилж, санал гомдлыг сонсож, шийдвэрлүүлж, авьяаслаг малчин, бүтээлч малчин, соёлын өв тээгч малчин шалгаруулах уралдаан, тэмцээн зохиож, “Соёлын өв-Манай нутгийнхан” цэнгээнт нэвтрүүлгийг МҮОНТ-ээр сум тус бүрээр хийлгэн үзүүлж, өдөр өдөрт нь багтаан түүртэлгүй зохион байгуулж байсан юм. 17.Нэр цэвэр гэгддэг. Аливаа бизнесийн хуйвалдаан, ЖДҮ-ийн зээл, авлига офшор зэрэгтэй нэр холбогдоогүй. Бичиг номын хүн тул аливаад ёс зүйг барьдаг. Ааж ээжээс олгосон хүмүүжил, ажил хөдөлмөрийг эрхэмлэх чанар нь түүнийг ийнхүү зөвд залдаг болов уу. Зарим нэг жижиг гүтгэлэг, хов жив тойроогүй ч үнэнд гүйцэгдэгддэг хойно доо.
18.Мод тарих, сэтгэлийн ариусал гэгээрлийн үйл бүтээл, эрүүл зөв амьдралын хэвшил, хандлагыг уриалж, нийгмийн соён гэгээрлийн ажилд идэвхтэй оролцдог.
19.Номын арвин сантай. Цуглуулсан номоо номын сан, сурагч багачууддаа хандивлах нь бас их. Өөрийн өсөж төрсөн Хатанбулаг сумынхаа соёлын төвд хувийнхаа номын цуглуулгаас 1000 ном хандивлаж нутгаа номжуулах ажлыг эхлүүлж байлаа. Тэр бас өөрт нь зориулагдсан номтой. “Заяат замбуулингийн хүрдэн” хэмээх номыг үзэг нэгт нөхөд нь түүнд өргөн барьжээ. Г.Мөнхцэцэгт зориулав гэсэн үе үеийн гайхамшигт үгийн дархчуудын шүлэг, нийтлэл, хөрөг, өгүүлэл, дурсамжууд хөвөрнө. Сэтгэлийг эрхэмлэх хүмүүнд түүнээс илүү нандин бэлэг хаа билээ.
20.Агуй судлаач бүсгүй. Монгол орны байгалийн үзэсгэлэнг харуулах өвөрмөц тогтоц бүхий агуйнуудыг тусгайлан судалж, судалгааны цуврал бүтээл хийх төслийг санаачлан удирдаж ажилласан байдаг. Монгол орны агуйнууд, Дорнын говийн бүтээлийн агуйнууд, Өмнийн говийн агуйнууд … зэрэг бүтээлүүдийг эмхэтгэн гаргажээ. Мөн Монгол орны өнцөг булан бүрт буй хадны шүлэг бичээсийг судлан эмхэтгэх ажлыг санаачлан эрдэмтэн судлаачидтай хамтарч хэд хэдэн бүтээл хэвлүүлжээ.
21.Ноён хутагт Данзанравжаагийн нутгийнх гэдгийг нь мэдэх ч, хутагтын өв судлал, Хамарын хийдийг сэргээн босгох үйлсэд 10 гаруй жил гар бие оролцон зүтгэснийг мэдэх нь тийм ч олон биш болов уу.
22.Дуу төрсөөр. Шинэхэн найз, ширээний минь найз” гээд Монголын хүүхдийн 100 шилдэг дууны нэг хүүхэд бүрийн дуулдаг дуугаа зохиож байсан бол өнөөдөр говио багтаасан олон сайхан дуунууд төр түшсэн сэтгэлийнх нь хоймориос мэндэлсээр. Говьсүмбэртээ зориулж “Хувьтай нутаг”, Дундговь нутагтаа зориулж “Дутуу нь үгүй Дундговь”, Дорноговь, нийт говийнхондоо зориулж “Манай нутгийнхан” дуугаа бүтээсэн нь хэдийнээ олны хүртээл болжээ.
Тал, талдаа бараатай
Талцаж нүүдэггүй говийн улс аа
Энгэр зөвтэй халхын босгонд
Тэнгэр түшсэн нартай явдаг аа
Шандны ус нь амины үнэтэй
Сайхан үг нь амны билигтэй
Халуун сэтгэлтэй манай нутгийнхан
Хүний чанараар арай л өөр дөө …
23. Ховд нутгийн бэр. Хань нь Монгол улсын начин Ш.Лхагвасүрэн. Хүү нь эмч болохоор суралцаж буй АШУИС-ийн оюутан. Ханьдаа, хүүдээ зориулсан шүлгийн мөртүүд мэдээж олон бий.
…Цагаахан сүүгээ ивэлтэл асгаруулж
Цээжээ хаттал өөрийгөө шингээлээ ижий нь чамд
Цагийн цагт холын холд ч цадталаа хөхсөн
Хүний үнэрээс минь битгий урваарай
Бүсийг чинь задалж хурайлцсан аавынх нь энгэр шиг дулаахан
Бүгдээрээн зүхсэн ч энэ Монголоосоо бүр ч битгий урваарай Миний жаахан хөвүүн
24. Хүмүүнлэгийн үйлсийг хэзээ ч орхигдуулдаггүй. Ахмад буурлууд, алдрай бяцхан хүүхэд багачууд, өрх толгойлсон эхчүүд гээд хаа ч хүний амьдралын эрээн бараанд хүнлэг сэтгэлийн хайр тоссон цаг мөчүүд арвин. Тэр бүрт чадахын хэрээр тусламжийн гараа сунгаж л явдаг. Хүний сэтгэл мөнгө, хуулиар хэмжигдэхгүй шүү дээ гэж тэр хэлдэг