Бусад
“ОДОНТОЙ ААВ”-ЫГ ЭХ БАРЬЖ АВСАН ДОРНЫН ГОВИЙН НАЙРУУЛАГЧ ЗАЛУУ
Өвлийн жавар ид тачигнаж байхад кино зургийн багийнхан түмэн завгүй. Өвлийн улиралд кино бүтээх нь цаг агаараас эхлээд хүч хөдөлмөр, тэвчээр шаардаж байгаа хэдий ч цар тахлын нөхцөлд үзэгч түмнийхээ дархлааг дэмжихээр Дорноговь аймгийн уран бүтээлчид хамтран “Одонтой аав” инээдмийн уран сайхны контент бүтээжээ.
Энэ сарын 9-нөөс эхлэн IPTV-ээр дамжуулан үзэгчдийн хүртээл болж буй тус киноны зохиолч, найруулагч, соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагч, соёлын тэргүүний ажилтан А.Баярсайхантай ярилцлаа.
-Уран бүтээл өндөр үү. Шинэ уран бүтээлийн тань талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Өндөр байна аа. “Одонтой аав” кино маань Дорноговь аймгийн уран бүтээлчдийн дэлгэцийн хоёр бүтээл юм. Бид эхлээд сар шинийн баярт зориулсан баярын контент байдлаар хийе гэж ярилцаж байсан боловч баярын контент гэхээсээ илүү дэлгэцийн чанартай бүтээл хийхээр болоод DTV /Дорноговь телевиз/-тэй хамтарч ажиллахаар болсон. Кино багт 60 гаруй хүн ажиллалаа. Гэхдээ яг кино групп дотроо 20 орчим гол дүрийн уран бүтээлч оролцсон. Манай киноны гол дүрд мэргэжлийн уран бүтээлчид тоглосноороо онцлогтой. Өмнө нь дэлгэцээр харж байгаагүй, өөр кинонд дүр бүтээгээгүй жүжигчдээр баг бүрдүүлсэндээ баяртай байгаа. Манай улсад нэг жилийн хугацаанд 60-70 кино бүтээл гардаг. Үүнд нэг жүжигчин дунджаар 5-8 кинонд дүр бүтээсэн байна. Үзэгчид маань нөгөө л нэг жүжигчин дахиад энэ кинонд тоглосон байна гээд шүүмжлэх аястай байдаг. Харин манай киноны ялгарах онцлог бол бүх дүр шинэ гэдгээрээ онцлогтой. Үзэгчдийн олж хараагүй дүр олон бий. Энэхүү кинонд бидний амьдралд тохиолддог бодит үйл явдал өрнөдөг учраас үзэгчдэд илүү дотно санагдах байх. Инээдмийн уран сайхны кино гэдэг утгаараа уран сайхны тавилттай авсан хэсгүүд ч нэлээн хэд бий.
-Зураг авалт дууссаны дараах мэдрэмжээ хуваалцана уу. Одоо ямар шатанд киноны ажил үргэлжилж байгаа вэ?
-Яг зураг авалт дууссаны дараа орон нутаг гэж ярьмааргүй байна. Орон нутаг гэдэг бол зөвхөн газар нутгийн хилээр л хязгаарлагддаг, харьяалагддаг болохоос биш тайз, дэлгэцийн бүтээлд энэ хөдөөнийх, энэ хотынх гэж ялгах боломжгүй л дээ. Манай кино багт Улаанбаатар хотоос мэргэжлийн дууны найруулагч ирж ажилласан. Маш туршлагатай хүн ирсэнд бид баяртай байгаа. Гарч байгаа сцень бүрийг өнгөлөг болгох гэж зорьсон. Тасралтгүй 10 хоног өдөр, шөнөгүй зураг авалт үргэлжилсэн. Одоо монтаж, хөгжмийн найруулга, эвлүүлэг гэх мэт хамгийн чухал ажил хийгдэж байна. Улаанбаатар хотоос ирсэн дууны найруулагч маань долоо хоногийн хугацаатай томилолттой ирсэн. Ер нь бол сар гаруй үргэлжлэх зураг авалтыг 10 хоногт шахаж багтаан авсан. Шөнийн гурав, дөрвөн цагт зураг авалт дуусаад өглөө эрт үргэлжлүүлэн авч байв. Шөнө урт, өдөр богино болохоор бид маш их хөдөлмөрлөсөн. Үнэхээр завгүй өдрүүд байлаа. Ядарсан ч гэсэн том ажлын ард гарсандаа баяртай байна.
-Дорноговь аймагт зураг авалт хийхэд хүндрэлтэй асуудал байсан уу. Найруулагчийн санаанд таарах обьект хэр олдоцтой байв?
-Мэдээж Сайншанд хот гэдэг утгаараа олон гоё газар олонтой. Зураг авалтуудад түүхэн болон орчин үеийн засалттай обьектууд багтсан. Сайншандад уран сайхны киноны зураг авах, хийх нөхцөл бүрэн боломжтой гэдгийг сая харлаа. Гадаа зураг авалтын үеэр гэрэлтүүлэг жаахан дутагдаж байсан. Гэхдээ бид Сайншандынхаа бүхий л өнгөлөг сайхан газрыг сонгож зураг авалтаа хийсэн. Сүүлийн жилүүдэд манай Сайншандад олон бүтээн байгуулалт хийгдсэн. Үүнийгээ дагаад өнгө үзэмж сайхан болж байгаа. Цаашид ч илүү сайхан болно гэдэгт итгэж байна. Тиймээс нутагтаа уран бүтээл хийгээд үзэгч түмний хүртээл болгох бүрэн боломжтой юм байна гэдгийг кино багт ажилласан уран бүтээлчид ярьж байна.
–DTV, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хэрхэн хамтран ажилладаг вэ. Ялангуяа цар тахал дэгдсэн одоогийн нөхцөл байдалд уран бүтээлээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан үзэгчиддээ хүргэх нь чухал шүү дээ. Энэ тухай ямар бодолтой байна вэ?
-Өнгөрсөн жил DTV (Дорноговь телевиз)-ийн хамт олонтойгоо хамтраад бусдын санаачлаагүй олон сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үргэлжлүүлэн уран бүтээлээ чанаржуулж уран сайхны киноны хэмжээнд очно гэдэг бол техник болоод сэтгэхүй, ур чадварын дэвшил юм. Ихэвчлэн залуучууд байгаа болохоор нэгдэж нэг зорилгын төлөө ажиллаж чадаж байгаад баяртай байна. Ер нь орон нутаг, Улаанбаатар гэж зааглаж, сэтгэхгүйгээр зүгээр л адилхан уран бүтээлч гэж үзвэл хэнээс ч дутахгүйгээр юу ч хийж чадна. Театр, телевиз хамтраад хандивын тоглолт, лайв тоглолт хийж чадсан. Одоо бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Дараа нь шашин урлагийн теле концерт хийхээр төлөвлөж байгаа. Аливаа уран бүтээл хийхэд дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Дэмжлэггүй уран бүтээл ядруухан болдог шүү дээ. Манай аймаг олон сайхан түүх соёлын өв болсон нутаг. Жишээлбэл Их говийн зоригтнуудын тухай, Хутагтын тухай гээд л. Тиймээс соёл, урлагийн салбараа хөгжүүлж, ялангуяа дэлгэцийн бүтээлийг ихээр хийж хойч үедээ үлдээх нь чухал байна. Энэ салбарыг цаашид хөгжүүлэхгүй бол баримт байхгүй болно. Дэлгэцийн бүтээлд нутаг орныхоо түүхийг мөнхөлж үлдээх нь олон талын ач холбогдолтой. Миний нэг зорилго бол орон нутгаа дэлхийд, Монголдоо суртчилсан дэлгэцийн бүтээл хийх.
-Тайз, дэлгэц хоорондоо асар их ялгаатай гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. “Одонтой аав” кино нь жүжигчдээс ямар ур чадварыг илүү шаардсан бэ?
-Бид тайзны уран бүтээлийг байнга л хийдэг байсан. Хамгийн сүүлд “Лир Ван” жүжгээр зүүн бүсийн шилдгээр тодорч “Гэгээн Муза” наадамд оролцсон. “Саран хөхөө” театр нь жүжиг болон хөгжмийн суурьтай театр юм. Цар тахал гарсны улмаас бид тайзнаа жүжиг тавих боломжгүй болсон. Тиймээс уран бүтээлч бидний хувьд дэлгэцийн бүтээл рүү шилжиж, яалт ч үгүй хувьсан өөрчлөгдөхөөс өөр гарцгүй болсон учир телевизээр дамжуулан уран бүтээлээ үзэгчдэд хүргэж эхэлсэн. Өмнө нь 400-500 үзэгчдэд уран бүтээлээ хүргэдэг байсан бол цахимаар үзхэд энэ тоо хэдэн дахин нэмэгдсэн байдаг. Орчин үеийн театр хаашаа л бол хаашаа хөрвөх чадвартай байх ёстой. Тайзны жүжигчдийг шууд кино жүжигчин болгосон нь маш том өөрчлөлт байлаа. Тайзнаа олон жил жүжиглэсэн хүн тод, чанга ярих, тоглолт хэтрүүлэх, нээлттэй тоглох зэрэг ур чадвар суусан байдаг юм билээ. Гэхдээ үүнийг эвдэж, дэлгэцнээ маш энгийн жүжиглэх, нүд үнэн байх, хөдөлгөөнөө хязгаарлах гэх мэт олон ур чадвар тухайн жүжигчнээс гарсан. Дэлгэцийн бүтээл олон дахин дубльдэж болдог болохоор давуу талтай. Харин тайзны бүтээл эсрэгээрээ нэг л удаа тоглодог. Манай мэргэжлийн жүжигчид маш сайн хувирч ажилласан. Цаашдаа ч театрын жүжигчдэд маань олон киноны дүрийн санал ирнэ гэдэгт итгэлтэй байна.
–Энэ удаагийн киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ. Хэрхэн дүрээ сонгов?
-“Саран хөхөө” театрын дарга, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Идэрболд, Замын-Үүд сумын Соёл, спортын ордны жүжиглэх урлагийн багш Н.Төрбадрах ах тоглосон. Соёлын тэргүүний ажилтан Б.Даваахүү, Б.Баттөмөр, С.Лхагвасүрэн, миний бие туслах дүрд тоглосон. Харин дөрвөн охины дүрд, соёлын тэргүүний ажилтан Ч.Одондэмбэрэл, Э.Золзаяа, Б.Болортуяа, Д.Дариймаа нарын залуу жүжигчид тоглосон.
-Киногоор дамжуулан үзэгчдэд юу хэлэхийг зорьсон бэ?
-Уран бүтээл гэдэг утгаар нь хүн бүхэн үзээсэй. Үзэгчдийн кино үзэх хүлээлтийг унагахгүй гэдэгт итгэж байна. Шинэлэг, онцлог кино болсон. Үзэгч та бүхэн ухаарал, баяр баясал, инээд хөөрийг манай уран бүтээлээс мэдрэх болно. Хамгийн гол нь гэр бүлийн нэг нэгнээ энэрэн хайрлах сэтгэл, хайрлана гэдэг ямар сайхан бэ гэдгийг мэдэрнэ. Амьддаа бие биенээ хайрла гэж хэлж ярьцгаадаг. Энэ хэмжүүр нь цаг хугацаагаар илэрхийлэгддэг. Тиймээс одоо байгаа энэ цаг үе маань биднийг хүлээхгүй шүү. Өнөөдөр та аавдаа очъё гэж бодож байгаа бол өнөөдөр л очих хэрэгтэй. Маргааш юм уу, нөгөөдөр очиход тань оройтсон байх вий. “Одонтой аав” киног үзсэнээр магадгүй хол байгаа аавыгаа зорино. Магадгүй гэр бүлдээ илүү анхаарал, цаг хугацаа, хайр, халамж гаргах болно. Нэг уран бүтээлийн ард олон хүний хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн байдаг. Гэрэлтүүлэгч, туслах ажилтан, зураач, зургийн дарга гэх мэт маш олон хүн бий. Аливаа уран бүтээлийн цаад мөн чанар, агуулгыг ойлгож үзээрэй гэж уриалж байна.
-Хэрвээ танд соёл урлагийн тухай бодлого тодорхойлох боломж олдвол ямар саналыг оруулах вэ?
-Энэ төрөлд тулгамддаг олон асуудал байдаг. Ирээдүйг харсан соёлын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсронгуй болгох, соёлын менежментийг сайжруулах нэн шаардлагатай. Энэ жил Ардын хувьсгалын 100, Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Тиймээс аймгийнхаа түүхийг харуулсан ажлыг хийхээр төлөвлөгөөнд оруулсан. Мөн говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойгоор Хутагтын тухай томоохон уран бүтээл хийх, биет бус өвийг тээж байгаа уран бүтээлчдийг хамруулан тэдний авьяасыг сурталчилсан дэлхийд таниулах ажлыг хийх хэрэгтэй байна.
-40 жилийн түүхтэй “Саран хөхөө” театрын ерөнхий найруулагчийн хувьд тайзнаа ямар уран бүтээл хийж үзэгчдэд толилуулахыг хүсч байна вэ?
-Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын 40 жилийн ой маш өргөн дэлгэр болох төлөвлөгөөтэй байсан боловч 40 жилийн тоглолт бүгд хойшлогдож, зарим нь цуцлагдсан. Миний хувьд театртаа яг энэ цаг үед ажиллаж байгаадаа баяртай байдаг. 2021 онд дуулалт жүжиг найруулан үзэгчиддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн хэмжээний бүтээлийг Монголд, тэр дундаа Дорноговь аймагт амилуулах бодолтой байна. Дэлгэцийн бүтээлээ ч орхихгүй хийнэ. Өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан ажил руу ч чиглэнэ.
Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.