Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Н.СУВД:МЭРГЭЖИЛДЭЭ ДУРЛАСАН ХҮНД БЭРХШЭЭЛ ҮГҮЙ

Нийтэлсэн

-

Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг. 

Намсрайн Сувд – БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса юм. “Эхлэл” киноны Хорлоогийн дүр дэлгэцийн бүтээлийн анхных байв гэх түүний түүх нэвтэрхий тольд бий. 

Түүний баялаг оршихуйн багахан хэсгээс буюу цагаан сар, ажил хөдөлмөрийн тухай хөндөж, хэсэгхэн хөөрөлдсөнөө шинийн хоёрны энэ өдөр уншигч танд хүргэж байна. 

АЖИЛ ХӨДӨЛМӨР АЛТ МӨНГӨНӨӨС Ч ҮНЭТЭЙ ХӨРӨНГӨ ГЭЖ ЗАХИДАГ БАЙСАН

Таны яриандаа Буурайгийнхаа тухай олонтаа дурссан байдаг. Авга эгч тань амьдралд тань чухал орон зайг эзэлдэг эрхэм хүн байжээ? 
-Тийм ээ. Би айлын ууган охин. Ээжийг теарт жүжигчин байхад намайг төрүүлэх эсэхийг ярилцаж. Ээж минь өнчин хүн шүү дээ. Тэр үед ээжийг минь харж, гэртээ байлгадаг айлын хүмүүс ч “Чи жүжигчин хүн, хүүхэд төрүүлэх дэмий биш үү” гэцгээж байж. Аавын минь ах Гэгээрлийн яамны сайд байж байгаад 1937 онд хэлмэгдэж, хороогдсон юм билээ. Буурай минь ахын маань сүнс ирж байгаа гэж итгэсэн учраас “Энэ хүүхдийг төрөхөөр нь би өсгөнө өө” гэсэн байгаа юм. Жигтэйхэн зардал гаргаад тэтгэврийн зээл хийлгэж настайчуудыг хүнд байдалд оруулах хэрэгүй дээ. Байгаа нь л бэлэг, очих хүнтэй байна гэдэг сайхан шүү дээ

Би ингэж буурайгийнхаа буянаар хорвоод хүн болж төрсөн түүхтэй. Надаас гадна дүү нар, тэр байтугай миний хоёр хүүг өсгөсөн ачтан юм. Бид  тэр хүний хүмүүжлээр л өссөн дөө. Тэр үеийн хүмүүс сургамжлахдаа ч зүйр үгээр хэлэлцдэг, сургууль төгсөөгүй ч амьдралын хар ухаантай хүмүүс байж дээ. Бичиг үсэг тайлагдаагүй ч Субашид, Оюунтүлхүүрийг хүүрнэдэг, түүгээр биднийг сургадаг байлаа.

Ажил хөдөлмөр алт мөнгөнөөс ч үнэтэй хөрөнгө гэж захидаг байсан даа. Бие нь муу байх үед биднийг сахиж байхад ч “Яв, ажлаа хийцгээ, дэмий битгий энд байцгаа” гэнэ. Хөдөлмөр бол амьдралыг тэтгэх гол эх үндэс  гэж биднийг хүмүүжүүлсэн. Энэ л зарчмаар үр хүүхдүүд минь өсөж өндийж байна. Үлгэр, домог, зүйр цэцэн үгээр сургаж хүмүүжүүлэх нь багасаж байх шиг.

Хэдийгээр амьдарлыг минь түшилцэж байсан хүн авч аливааг зөвлөх журмаар л ярьдаг байсан. Тэрэнтэй суу, энэтэй болохгүй гэхчлэн зааварлахгүй.  Жүжигчин мэргэжлийг сонгоход ээж л  “Ээ дээ, хэрэггүй дээ” гэж хэлснээс биш, огт болохгүй гэж тас хөндлөн зогссон хүн байгаагүй. Та нар амьдралаа авч явна гэдэг чиг шугамтай. Сургууль төгсгөсөн мэргэжил олгосон, гүйцээ. Өөрсдөө амьдралаа жолоод гэх үзэлтэй хүмүүс дээ.

Жүжигчин болно гэхэд буурай “Жүжигчин болох бэрх дээ” л гэсэн. Харин ээж хориглож, “Авьяас муутайхан бол энэ салбарт орох хэрэг байхгүй” гэж байлаа.

ЖҮЖИГЧИН ГЭЛТГҮЙ МЭРГЭЖИЛДЭЭ ХАЙРТАЙ БҮХ ХҮН БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛААД ГАРДАГ ГЭЖ БОДДОГ

-”Мандухай цэцэн хатан”-д тоглоход Таны зөрүүд зан их нөлөөлсөн гэж ээж тань нэгэнтээ ярьсан. Таны хэлсэнчлэн энэ киног бид 30 гаруй жил үзэж буй ч огт ярихгүй өнгөрч бас боломгүй? 
-Би их зөрүүд. Ээж ч ижил. Нэг л зорьсон бол түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Замд хүн саад хийвэл бүр хурцалж өгнө үү гэхээс няцахгүй. Миний хүүхдүүдэд ч удмын тийм чанар байдаг юм. Аливааг хийе гээд санаанд нэг л багтсан бол тэр зүг рүү зүтгэчихдэг. Эсэргүүцэл тулбал улам шамдана. Гэхдээ саад тотгорт дуртай хүн гэж юу байх вэ. Эргээд бодоход тэр болгон надад өгөөжөө өгч байсан. Тэндээс ихийг ойлгож, өөртөө тусгах хэрэгтэй. Дээр нь хүн өөрийн зорилгод үнэнч байх ёстой гэж боддог юм.

Манай Л.Жамсранжав байна. Гараа хугалчаад ч тоглож байв. Амьдрах сүүлийн мөч нь тоологдоод эхэлсэн үед ч тоглолттой гэхэд босоод ирж байгаа юм. Тэрийг хажуугаас нь харах бидэнд үнэхээр айхтар

“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход, чадна чадахгүй, төгссөн мэргэжлийн сургуулийн хувьд ч гадаад, монгол шинж төрхгүй, монгол ахуй мэдэхгүй гээд л олон шүүмж, хэл ам гарч байсан. Тэгэхээс ч аргагүй шалтгаан байсан. Тухайлбал, би хөдөө амьдарч үзээгүй, мал ахуй, хөдөөгийн уламжлалаа тийм ч сайн мэдэхгүй.  Оросод сургууль төгсөж, орос багш нарын заавраар сурсан хүн. Тиймээс би түүх, уламжлалаа маш сайн сурах хэрэгтэй, зан заншил, үгүй дээ л морио сурамгай унадаг байх ёстойг ойлгосон.

Эргээд бодоход шүүмжлэл хүнд их л хэрэгтэй зүйл дээ. Зөв өрсөлдөөн зайлшгүй хэрэгтэй, хүнд өгөөжөө өгдөг. Харин хоосон магтаал гай болох нь бий. Хүнийг “чи мундаг, ёстой сайн” гээд байвал нэг удаа биш ч нөгөөд бүдэрч, ажиллах эрчээ бууруулах тохиолдол ажиглагддаг. Магтаал урам өгдөг ч аливаа зүйл хоёр бүү хэл олон талтайг санууштай. Шүүмжлэлээс, магтаалаас ч шим, охийг нь өөртөө шингээх чухал болов уу.” Мандухай”-д тоглоход буурай минь  ажлаа сайн хий. Ар гэр, элдэв зүйлд сэтгэл зовж, санаагаа бүү хоёрдуулаарай гэж байв. Гэсэн ч хоёр хүүдээ санаа чилээж л байгаа юм. Учир нь тэр үед “Чи хоёр хүүхэдтэй хүн шүү” гэх мэт сүрдүүлэг ч ирж  байв.

Хоёр хүүдээ “Гудамжинд хүн дуудвал очиж болохгүй шүү. Танихгүй хүн чихэр жимс өгвөл битгий аваарай” гээд захиж билээ. Тэр үед монгол бичгээр бичсэн зохиолыг кирилл рүү буулгасан нь ховор. Аав ээж хоёр монгол бичгээр бичсэн зохиолыг уншаад надад ярьж өгнө. Ийм л туслалцаа үзүүлж байснаас өөрөөр нэг их оролцоогүй дээ.

-Та цагаан сартай холбоотой дурсамжаасаа ярьж өгөөч?
-Бид цагаан сар болохоор буурайгаа бүрэн хувцасладаг байсан. Бүгд нийлж байгаад дээл, гутал, хувцсыг нь шинэчилнэ. Бурхан болох жилээ, энэ жил цагаан сар хиймгүй, надад элдэв хувцас хэрэггүй, миний явах цаг болсон гээд. Бид хэд “Дэмий юм ярилаа, цагаан сараа тэмдэглэнэ” гэлээ. “За яах вэ, та нар өөрсдөө мэдээд хий л дээ” гэж байна. Миний хувцаснуудыг та нар гоёлд өмсөнө гэж байх биш, хувааж аваад гэртээ өмсөөд дуусгана биз дээ гэв ээ. Тэр үеийн хөгшчүүл өөрийнхөө явах цагийг ч мэддэг байх нь л дээ.

Цагаан сар өнгөрлөө. Зуслан гарахаас өмнө дахиад л “би явах ёстой хүн” гээд. Бид ч дэмий ярих юм гэлцлээ. Нээрээ л тэр жил зуслан гараагүй. Зуслангаас оруулж ирэх гэж төвөг удна гэж бодсон байгаа юм. Удаан өвдөж зовоо ч үгүй бурхан болсон. Энэ дээлийг тэрэнд, үстэйг нь түүнд өгөөрэй, эсгий гудсаа нуруу муутай Ганчимэгт дэвсүүлээрэй гэж билээ.

Миний хамгийн бага дүү жирэмсэн байсан юм. Гэтэл “Би өлгий авч өгөх гээд мөнгө цуглуулаад тэнд хийсэн, авч өгөөрэй”гэж хүртэл захисан. Буурайд минь хураасан хөрөнгө, цуглуулсан алт мөнгө, үнэт эдлэл байхгүй ч өөрийнхөө өмсөж зүүж байсан бүхнээ л бидэнд хуваарилж өгөөд бурхны орондоо заларсан даа.

-Хайрыг хэмжиж боломгүй ч бид мэдэрч чаддаг нь сайхан. Цагаан сараар эмээ өвөөгөө санаж байна гэх хүн цөөнгүй байдаг шүү.
-Тийм ээ. Өөд болох үеэр нь “Мандухай цэцэн хатан”-ы зураг авалт дуусаж, ажил завсарлаад хоёр сар гаруй болсон юм. Бие нь бүр муудсан үед ч “Миний хүүгийн ажил юу болж байна” гэж эцсийн мөч хүртлээ санаа тавьж байсан даа. Цагаан сарыг бид сүртэй биш ч буурайдаа зориулаад л хийнэ. Ах дүүсээрээ цуглан, ууцаа тавиад, ширээгээ засна. Цагаан сараар амраадаггүй, огт тэмдэглэдэггүй ч үе байлаа шүү дээ. Малчдын цагаан сар гээд л. Бид ихэнхдээ л тоглолттой байдаг байлаа.

Үзэгчдэд өвчтэй гэдгээ мэдэгдэхгүйхэн тоглочихоод явсан тэр дүр зураг… Ийм л хүмүүс урлагт ажилладаг. Жүжигчин ч гэлтгүй мэргэжилдээ хайртай бүх хүн энэ мэт бэрхшээлийг туулаад гардаг л гэж боддог доо.

Нэгэн удаа шинийн нэгэнд ажил өглөө эрт цуглаад тоглолттой байсаар 22 цагт ажил тарлаа. Шинийн нэгэндээ буурайдаа золгочих санаатай шөнө дөл болж байхад орсон чинь бүгд унтахаар хэвтчихжээ.  Өөдөөс “Юу хийж яваа юм” гэж байна. Юу юу хийж яваа юм гэж вэ? Ажил сая тараад шинийн нэгэндээ багтаж золгох гээд яараад гэтэл “Миний хүү чинь юун сүртэй ёс журамтай юм бэ дээ, харьж амрахгүй. Ядарч байгаа шүү дээ. За за босъё” гээд…

Зарим настайчууд их ёсорхуу байдаг шүү дээ. Заавал шинийн нэгэнд очиж золгохгүй бол тунирхдаг. Ийм гомдлын үг би сонсож байсан болохоор буурайгаа тэгж л санахгүй юу. Яарсаар очиж, үдэш үүдийг нь тогшсон чинь “Юу хийж яваа юм бэ” гэдэг үг сонсдог байгаа./инээв/ Юун сүрхий ёс заншил мэддэг болсон юм бэ гээд шоолуулан барин золгож явсан минь хамгийн хөгтэй хэр нь сайхан дурсамж юм даа.

-Би тантай 10 жилийн өмнө ярилцаж байхад Та мөн л завгүй байсан. Өнөөдөр ч оройн 19 цаг хүртэл ажиллаж л явна.
-/Инээв/Би ч биш, манай гэр бүл ийм гэж хэлэхэд хилсдэхгүй дээ. Нэгэн үйл явдал санаанд орлоо. Буурай минь үүрээр бурхан болсон юм. Орой нь театрт “Байцаагч түшмэл” жүжиг тавигдах хуваарьтай байв. Би гол дүрд тоглоно. Тасалбар зарагдчихсан, үзэгчид хүлээж байна гээд би тоглолт руугаа гарахад хоёр хүүгийн аав “Ямар сонин юм бэ” гэж билээ. Театр ийм л хуультай, яах ч арга байхгүй. Би тоглоно гээд сэтгэл шулуудаад очиж байгаа юм. Будгандаа ороод сууж байлаа.

Гэтэл хамт тоглох Ц.Төмөрхуягийн хоолой сөөж, дуу нь ч гарахгүй байсан тул тоглолтыг цуцалж билээ. Бурхан тэнгэрээс зохицуулав уу л гэлтэй. Тэгээгүй бол би нэг уйлж аваад л тайзан дээр гарах байх. Миний ар гэрт юу тохиолдсон нь үзэгчдэд хамаагүй, мэдэх ч шаардлагагүй. Надад ч биш өөр олон жүжигчинд ийм зүйл тохиолддог.

Дээр үед оросууд гутлаа муухай болгохгүйн тулд глош гэж резинэн гутлыг гадуур нь өмсдөг байсан. Үүнийгээ гэртээ орохоосоо өмнө тайлдаг шиг жүжигчин хүн амьдралдаа болж буй бүх зүйлээ театрын гадаа үлдээх ёстой. Ийм л хуультай. Мэргэжлийн шаардлагын нэг юм даа.

-Цэрэг, эмч нар тангараг өргөдөг шиг хатуу хуультай юм?
-Театрт хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай байж уран бүтээл гарна. Ямбатай ч гэдэг юм уу, өөрийнхөө тааваар оролцоно гэж байхгүй шүү дээ. Энэ шаардлага бол зөвхөн жүжигчинд бус урлагийн тогоонд орсон хүн бүр буюу жижүүр манаачаас эхлээд энэ хуульд захирагдаж ажиллахаас аргагүй.

-Үзэгчид алга ташихаа л мэднэ.
-Тийм шүү. Тэдэнд тайзны ард юу болж байгаа нь ердөө сонин биш. Мэдэх ёс ч үгүй.

-Монгол жүжигчин/эмэгтэй/ тухтай орчин нөхцөл нэг их шаарддаггүй, ямба багатай гэж гаднын нэг найруулагч хэлсэн. Ялангуяа эмэгтэйчүүд нь гүжир гэх. Та ч гүдэс харагддаг.
-Санал нийлнэ. Гэхдээ гаднынхан бүгд шаардлагатай өндөртэй, ямбатай гэж хэлж болохгүй, манайхан бүгд ижилхэн гэж ч болохгүй. Д.Олбрихски гэж Польшийн  мундаг жүжигчинтэй 1969 онд фестивалийн үед танилцаж байлаа. Түүний ид алдаршиж байсан үе л дээ. Тэрээр “7 хоногт би гэртээ 1-2 л хонож байна. Машин дотор л амьдарч, эндээ жаахан амарч унтаж явна ” гэж билээ. Мэргэжилдээ дурласан хүнд бэрхшээл гэж байдаггүй. Амиа өгөхөөс ч буцахгүй.

Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү

Урбанский гэж Оросын нэрт жүжигчин байлаа. Дублёр авахгүй гэсний улмаас авто машины ослоор зураг авалтын үеэр бурхан болсон. Брюс Ли ч тэр. Тухайн дүрийг бүтээхийн тулд амь амьдралаа зориулдаг, зориг тэвчээртэй, хөдөлмөрч байж чадвал оргилд хүрдэг. Манай Л.Жамсранжав байна. Гараа хугалчаад байхад л үзэгчдэд мэдэгдэхээргүй тоглож байв. Амьдрах сүүлийн мөч нь тоологдоод эхэлсэн үед ч тоглолттой гэхэд босоод ирж байгаа юм. Тэрийг хажуугаас нь харах бидэнд үнэхээр айхтар/хоолой нь сааралтав/. Үзэгчдэд өвчтэй гэдгээ мэдэгдэхгүйхэн тоглочихоод явсан тэр дүр зураг…Ийм л хүмүүс урлагт ажилладаг. Жүжигчин ч гэлтгүй мэргэжилдээ хайртай бүх хүн энэ мэт бэрхшээлийг туулаад гардаг л гэж боддог доо.

-Хамгийн хэцүү мэргэжлийн тоонд жүжигчин ордог. Дээр нь нийгмийн зүгээс сайн ээж, ажилтан, найз, сайн хань, ээж аавын ачлалт охин байхыг эмэгтэйчүүдээс шаарддаг. Олон дүр тулгадаг гэх үү дээ. Танд эдгээрээс үүнийг л жаахан орхигдуулчихав уу даа гэх бодол төрж байв уу?
-Ямар ч үед би үзэгчдээ нэгдүгээрт тавина. Үүний араас дараа дараачийнх нь жагсана даа/инээмсэглэв/. Гэхдээ мэдээж би жүжигчин гээд ямбалаад л хувцас угааж, хоол хийхгүй, энэ үүрэг надад хамаагүй гэхгүй. Жилд цөөнгүй удаа хэдэн сараар ч бригад явна. Сум бүрд хүрч үйлчлэх ёстой тул 45-60 хононо. Ирэхэд угаах индүүдэх юм бүсэлхийгээр татахаар овоорчихсон л байна. Бригадаар явахаасаа өмнө нэлээд хэсгийг амжуулна, ирээд бас угаана арчина, зохицуулах л учиртай.

Хурдан шуурхай, шаламгай, ажилсаг, бүх юмаа амжуулдаг жүжигчид бий. Тэд нарын дайнд би хүрэхгүй л дээ. Гэхдээ орон гэрээ бүр хаяж байсангүй. Ямар ч байсан зохицуулахыг хичээдэг. Би нэг их сайн ээж, эхнэр байгаагүй ээ. Гэхдээ үр хүүхэд, ар гэрээ тоосонгүй гэх зэмлэл нэг их сонсож байгаагүй юм байна.

-Таны бага байхад цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Одоогийнхтой харьцуулан бодоход юу ажиглагдаж байна вэ?
-Зарим хүн ёс жаяг нь дэндэх боллоо гэж л байна. Үүндээ бус, хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Заримдаа би энэ бодол худлаа байгаасай гэхэд хүрдэг шүү. Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа. Тухайлбал, ёс журмаа мэддэг хүн болж харагдах гэж жүжиглэх хэрэг байна уу, угтаа сайн мэдэж байна уу үгүй юу гэдэг чухал. Хөрөнгө, мөнгө, өнгө зүсээр уралдаад л.

Хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа.

Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү гэж хэлэхээр найруулагчид “нээрээ тийм” гээд инээлддэг юм. Нэг л хиймэл.

Хүн түвшиндээ тааруулаад л цэвэрхэн хувцаслачихдаг, баяр хөөртэй, сэтгэл түвшин байна гэдэг жаргал. Худлаа гоёж гоодоод, нэгнээсээ илүү гарах гэх нь ямар зовлонтой байдаг бол оо гэж өрөвдөх үе гарах юм. Тэр нь өөрт нь жаргал байдаг эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Миний бодлоор өөрийн биш амьдралаар үзүүлэн тоглолт шиг амьдрахаар зовлонтой баймаар. Тайзан дээр жүжиглэнэ гэдэг маш хүнд. Гэтэл энэ нь бидний ажил учраас үүнийг давж гарч байгаа атал амьдралаа жүжиг болгоно гэхээр хэцүү л санагдах юм.

-Зарим эмэгтэй цахим орчинд гоё зураг нийтлэхийн төлөө амьдраад байна уу гэх шүүмжлэл ч гардаг?
-Яах гэж тэгдэг юм бол. Бүх юмаа үзүүлэн болгож, амьдралаа жүжиг болгохыг харах харамсалтай. Тайзан дээр тоглохын зовлонг би биеэрээ амсаж явна шүү дээ. Гэтэл үүнийг амьдрал дээрээ үүрэх хэрэг байна уу/хөхрөв/. Дандаа тийм байх хэцүү шүү дээ. Хүнийг ойлгоход гаднаас нь хараад дүгнэх хэцүү л дээ. Өөрт нь ямар байгааг хэлж мэдэхгүй юм.

Харин цагаан сараар ах дүүсээрээ бүгд цуглаад инээд хөөр болох сайхан. Хамгийн сайхан гэр бүлийн баяр гэж би боддог. Бид бүх дурсамжаа ярилцаж, ханатлаа инээж, хөөрч авдаг. Манай гэр бүл дуу хуур болдог байсан яг л хэвээрээ. Амралт, тайвшрал авдаг баяр юм. Багачууд ширээн доогуур мөлхөөд, буйдан дээгүүр гүйлдээд л их хөөрхөн. Бэлгэгүй үг амнаас унагахыг ч цээрлэж, ариусдаг гэж хэлж болмоор санагдаж байна. Бүх юм болж бүтнэ гэж итгэх мөч.

Тайзан дээр тоглохын зовлонг би биеэрээ амсаж яваа. Гэтэл иргэд үүнийг амьдрал дээрээ үүрэх хэрэг байна уу

Ноднин цагаан сараа цомхон хийсэн. Энэ жил ч хууль журмаа дагана.  Цар тахлын улмаас нэг их олон баярын уур амьсгалыг дарах, цаашлаад зохих хэмжээнд нь аваачихад тус болж байгаа байх. Муу үгүй сайн гэж байхгүй. Ковид 19-ийн улмаас бид цэвэрхэн амьдарч сурч байна, цагаан сар хийж байна гэж маяг үзүүлэхээс илүү гэр бүлийн хүрээнд хийх ёс болж, хэвэндээ орох, амьдрал жүжиг биш бодит гэдгийг сануулж, хөрсөн дээрээ буух нэг алхам болж байгаа юм болов уу.

Энэ жил ч гадуур явахгүй учраас хатуу хөл хорионы дараа ээждээ золгоно доо. Бид хууль дүрмийг сахих ёстой. Тийм шаардлага ч байна. Тиймээс нэг их мундаг золгодог хүн болж очиж ээжийдээ өвчин наагаад яах вэ. Эрсдэлтэй учраас  худлаа хайр зарлаж очсоноос дараа ёс журмаараа болох байлгүй дээ. Ээждээ хайртай хүн чинь энх цагийг хүлээнэ дээ.

-Цагаан сар тэмдэглэхэд ямар уламжлалыг нь тээж, юуг нь гээх ёстой гэж та бодож байна вэ?
-Маягийг л дарах хэрэгтэй болов уу. Цэвэр сайхан хувцаслахын оронд өмсөж буй дээл хувцас, гоёл, бэлгээрээ уралдаад байх илүүц биз ээ. Биднийг жаахан байхад айхтар том бэлэг, үнэтэй цэнтэй юм өгдөггүй байв. Сурагчдад харандаа, багачуудад нь бол ааруул чихэр өгөөд, хүүхдийн алгыг дээш нь харуулаад л болчихдог байсан. Харин гэр бүлийн дулаан энерги бэлэглэж  байгаа нь, бие биедээ сэтгэлээ нээж тайвширч ариусах уур амьсгалыг бий болгох нь энэ хурдтай, бужигнасан нийгэмд хамгийн том бэлэг гэж санах юм. Гэвч хүн бүрийн хувьд өөр дөө. Нэг нь амар амгаланд эрхэмлэж байхад нөгөөд алт мөнгө үнэ цэнтэй байж болно.

Маягийг л дарах хэрэгтэй болов уу. Цэвэр сайхан хувцаслахын оронд өмсөж буй дээл хувцас, гоёл, бэлгээрээ уралдаад байх илүүц биз ээ.

Жил бүр би гэр бүлийн баярынхаа ууцыг хариуцдаг. Н.Ганхуяг өвчүү гэх мэтээр. Бага дүү зохион байгуулж, үүрэг хуваарилна. Жилийн жилд надад ууц авахыг оноодог. Энэ жил ууцаа болиод хонины мах авах мөнгө шилжүүлчихсэн/инээв/. Тал талаасаа бүгд нийлүүлээд л болгочихдог. Бэлэг өгнө өгөхгүй гээд л ярих юм. Өгвөл хэрэгтэй юмыг нь сонгох хэрэгтэй байх. Гэхдээ заавал өгөх хэрэг байна уу гэдгийг гэр бүлээрээ ярилцаад шийдчих байх.

Багачуудад нь чихэр жимс, томхонд нь таван төгрөг өгөөд дуртай юмаа аваарай гэх ч юм уу. Жигтэйхэн зардал гаргаад тэтгэврийн зээл хийлгэж настайчуудыг хүнд байдалд оруулах хэрэгүй дээ. Өөрсдөө байж байгаа нь, очих хүнтэй байна гэдэг бэлэг юм шүү дээ. Өөрсдийн хийсэн банш буузаа хувааж идээд хөхрөлдөөд суух жаргал, тайвшралыг өгнө. Бужигнаад, хугас өдрийн тайвшрал бол маш том бэлэг гэж би бодож байна.

-Олон хүний амьдралыг мэдэрч, олон дүрээр жаргаж бас зовж үзсэн. Өөр мэргэжилтэй хүнтэй харьцуулахад хоёр амьдарсан мэт сэтгэгдэл төрөх үе Танд гарч байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Зовлон туулсан хүний зовлонг мэдэрч байж дүрээ гаргана. Үүнийг мэдрэх их хүнд. Энийг хийж чадвал, үзэгчид чамд итгээд хүлээж авбал тэр нь бидэнд баяр болж байгаа юм. Сонгодог эмгэнэлт жүжгүүдэд тоглох хүнд шүү. Б.Лхагвасүрэн агсны “Сарны цагаан цус” жүжигт О.Энхтуулын оронд тоглох болов. Би цөөхөн хоног бэлдээд тоглосон. Хатан эхийн дүр бий. Тэгэхэд өөрийн эрхгүй л тайзан дээр унаж болохгүй шүү гэж өөртөө хэлж билээ.

Сэлэмтэй хэсгийг хасаад хийчхэж болоогүй юм уу гэж хүүхдүүд их хүснэ ээ.

Шүд зууж тоглолтыг өнгөрөөлөө. Хүнд дүрд, богино хугацаанд тоглох нас минь биш болжээ гэдгийг ойлгосон доо. Одоогоос арав гаруй жилийн өмнө л дөө. Хүчтэй, оргил үе дээр нүд харанхуйлаад, юм түшээд хэсэг зогсож билээ. Даралт гэнэт ихэссэн үү, зүрхэнд нөлөөлсөн үү гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй. Унаж л болохгүй шүү гэж хичээж дуусгаж билээ. Жүжиглэнэ гэдэг маш их хүч, энерги шавхдаг ажил.

“Отелло”-д нэг цаг тоглоход найман цаг нүүрс хүрздэж, ачсан дайны хөлс гардаг гэж ярьдаг л даа. Одоо бол тухайн дүрд ороход хүч дийлэхээр байна уу гэдгийг бодолцоно, хүчээ хуваарилна. Залуу үе шигээ тоглоно гэж юу байх вэ.(Өнгөрсөн намар “Анна Каранина”-д тоглосон билээ)

-Мандухай цэцэн хатан” жил бүрийн цагаан сар, улсын баяраар гардаг ч залуучууд дахиад үзээсэй гэж би хүсдэг. Монгол кино ахуй, аж байдлаараа ч сурган хүмүүжүүлдэг юм шиг санагддаг.
-Уран бүтээлийн нэг шинж л дээ. Тухай үед киногоор залуусыг хүмүүжүүлэх ёстой гэж үздэг байлаа. Одоо өөр болж, сургах шаардлагагүй гэж үздэг уран бүтээлчид ч байна. Хүнийг сургах нь чухал биш, зүгээр л зугаа цэнгэл болсон жүжиг шоуг хөрөнгөтний урлаг гэдэг байв. Өнөө үед юу ч бодуулахгүй хөнгөхөөн, өнгө өнгийн юм үзүүлээд, сэтгэлийг нь биш нүдийг нь баясгах зорилготой шоу ч байна. Байх ч эрхтэй. Заавал сурган хүмүүжүүлэх албагүй болж дээ.

-Н.Жанцанноров гуай нэгэнтээ гал усан дундах хайр сэтгэл гэж хэлсэн. Та “Мандухай”-н тухай товчхон хэлж өгөхгүй юу?
-Зорилгынхоо төлөө золиосолж болох хамгийн үнэтэй бүхнийг гаргуунд гаргадаг. Өнөболд  Мандухай хоёр бие биедээ хайртай  байсан уу? байсан. Гэвч Монгол төрийг нэгдсэн байлгах, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө хайр сэтгэл, хувийн амьдралаа, бүхнээ золиосолж  зорилгодоо хүрч байгаа тухай юм даа. Том зорилго том золиос шаарддаг байх.

“Сэлэмдүүлдэг” хэсгийг хасаад хийчхэж болоогүй юм уу гэж хүүхдүүд их хүснэ ээ.

-Ярилцсан Танд их баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим