- Түүний төрж, өссөн Дорнод аймгийн Чулуунхороот сум улсын торгон хилээс ердөө 50-60 метрийн наахна. Тэрбээр ийнхүү хил дээр төрсөн хүү. Нэгдлийн дарга ааваасаа салдаггүй байнга даган хамт явдаг байсан нь түүнд газар, нутгаа нүдлэхээс эхлээд хөдөөгийн ахуй амьдралд ойртуулж өгсөн байна.
- Тэрбээр үеийнхэн дотроо нэлээд өсгөлүүн, спортоор хичээллэдэг нэгэн байжээ. Ойворгон бас хэн нэгд дээрэлхүү занд хүүхэд байхаасаа л дургүй тэрбээр хэт онгироо нэгэнд шанаа өгөхөөс буцахгүй. Харин мөрөөрөө явдаг эгэл нэгэнтэй чин сэтгэлээсээ нөхөрлөх дуртай, нөлөө бүхий хүү байсныг түүний нөхдийн ярианаас мэдэж авав. Тэр өөрийнхөө тухай ярих, өөрийгөө дөвийлгөх тун ч дургүй. Харин ангийнхан болон журмын нөхөд нь түүний тухай ярих дуртай.
- НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элсэн орсон нь түүний мөрөөдлөө биелүүлсэн эхний алхам байлаа. Энэ сургуулийнхан бэлтгэл курсдээ хагас жилийн хугацаагаар хилийн заставт дадлага хийдэг уламжлалын дагуу Ц.Сэргэлэн Өмнөговийн Гашуунсухайтын заставт алба хаасан нь түүнийг улсын дархан хил хамгаалах алба гэж ямархуу чухал болохыг мэдрүүлсэн гэлтэй. Курсийнхээ МХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт албатай оюутан залуу МХЗЭ-ийн ХIХ их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нь түүний манлайлал, зохион байгуулах ур чадвар бусдаасаа давуу байсныг харуулна гэж нөхөд нь дурсдаг.
- Спорт сонирхож, нэлээд хөдөлгөөнтэй, иртэй, омголондуу явсан сурагч хүү оюутны ширээнд очингуутаа хичээлдээ шамдан, номонд шимтэн дурлах болжээ. Сурагч байхдаа нөлөө бүхий хүү, оюутан болоод онц сурлагатан олон сонсогчийг шүүлэг, шалгалтанд даагаад явж байснаа Сэргэлэн өөрөө огт ярьдаггүй. Харин хэзээ хойно “Манай Сэк мөн ч олон юман дээр курсийнхнээ авч гарсан шүү” гэх сонсогч нөхдийнхөө үнэлгээг олонтаа сонссон гэдэг.
- Дунд сургуулийн аравдугаар ангиа төгсөөд л Хилийн цэрэгтэй амьдралаа холбосон түүний мөрдөс бүхэн шагнал гэж бодохоор бахархмаар.
- Хилийн цэргийн дээд сургуулийг онц дүнтэй, улаан дипломтой төгссөн залуу ахлах дэслэгч мөрдсөөр шагнуулан, өөрийн төрсөн нутаг Дорнодынхоо торгон хилийн зүг хөлгийн жолоо залсан байдаг.
- Наран ургах зүг, төрсөн нутгийнхаа хилээс ажлын гараагаа эхэлсэн ахлах дэслэгчид Замын-Үүдэд очиж ажиллах томилолт ирээд, нүүж явах замд нь мөр дүүртэл ярайдаг ахмад цол олгожээ.
- Хилийн тусгай ажиллагаанд явж, үүргээ амжилттай биелүүлсэн тэр үе ахмад Ц.Сэргэлэнгийн хувьд ёстой л амь дүйсэн цаг мөч байжээ. Бүлгийн хамт олныхоо амийг аварч, өөрөө амьд мэнд ирсэн ахмад Хилийн цэргийн командлагчид илтгэлээ өгтөл “Үүргээ сайн биелүүлсэн ” гээд “Хошууч” цолоор шагнуулсан түүхтэй. Тэрбээр ийнхүү хугацаанаас өмнө хошуучийн мөрдсөөр гоёжээ. Амь дүйж авсан болоод ч тэр үү, айдас тээсэн ч Командлагчийн өрөөнд ганцаараа зогсч байгаад авсан ховорхон тохиолдлын нэг учраас тэр биз Сэргэлэн “хошууч” цолондоо хамгийн хайртай ажээ.
- Цэргийн дээд сургуулийг онц төгссөн тэрбээр Цэргийн академийг мөн онц төгссөн тул түүнийг дэд хурандаа цолоор шагнаж, 31 настай Сэргэлэнг Хилийн отрядын даргаар томилсон байдаг. Тэгээд ч дөнгөж гуч гарч яваа залууд ийм том үүрэг хүлээлгэж, ачаа үүрүүлнэ гэдэг бол асар их итгэл, найдвар. Тэр үед ид хийж бүтээх насандаа эрч хүч дүүрэн яваа түүнийг энэ албанд томилсон Командлагч алдаагүй харин ч оносон гэдэгтээ итгэлтэй байжээ. Отрядын даргаар томилогдсон энэ мөч бол бас л түүнд оноогдсон ховорхон хувь тохиол.
- Отрядын дарга дэд хурандаа цолоо ганцхан жилийн дараа хурандаагийн мөрдсөөр сольсон нь мөн л ажил үүргээ сайн гүйцэтгэсний шагнал. Тэрбээр ийн 32-хон насандаа хүртсэн хурандаа цолоо хамгийн удаан буюу 10 гаруй жил зүүсэн гэдэг.
- Монгол Улсын Хилийн цэргийн командлагч, Хил хамгаалах Ерөнхий газрын даргаар томилогдсон тэрбээр цэргийн дээд цол, бригадын генерал цолыг 41 насандаа зүүсэн бол гурван жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар хошууч генерал цол хүртсэн нь Хилийн цэргийн түүхэнд бичигдэн үлджээ. Цэргийн дээд цолыг хоёронтоо хүртсэн учраас тэр.
- Тэрбээр эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон Улсын Хилийн халдашгүй дархан байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг хүлээсэн энэ албыг НАХЯ-ны сургууль төгссөн цагаасаа эхлээд 2020 он хүртэл хийж, гүйцэтгэжээ
- Дорнод аймгийн Улз голын хөвөөнөөс Хилийн цэргийн гурван командлагч төрсний нэг нь Ц.Сэргэлэн. Бас л ховор тохиолдол. Нэг аймгаас, нэг голын хөвөөнөөс Хилийн цэргийн командлагчид төрсөн түүх өнөө ч давтагдаагүй байна.
- Монгол Улсын Хилийн цэргийн Командлагчаар хоёр удаа томилогдон ажилласан хүн ховор. Харин Цэдэвийн Сэргэлэн энэ хүндтэй, хариуцлагатай албанд хоёронтоо томилогдсон нь бас л түүнийг тодотгож өгдөг.
- Эх орныхоо торгон хилийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж явахдаа эрдэнэт хүний амийг аварсан удаа олон. Түүний хүнлэг, тусархуу, бусдыг гэсэн өгөөмөр сэтгэлийн илчинд олон сайхан хилчин өнөөдөр энх, тунх, сайн сайхан ажиллаж, амьдарч байгааг сонсоход талархмаар.
- Хилийн шугаман дээр ажиллаж байсан эмэгтэйн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тухай мэдээг авангуутаа “Нисдэг тэрэг хөөргөх” команд өгсөн. ЭНЭШТ-д хагалгаа хийлгэж эрүүл саруул болсон, Завхан аймгийн Тэсийн хил дээр хилчин ахлагч хил зөрчигчид буудуулж шархадсан үед генерал Сэргэлэн ОХУ-ын Хилийн цэргийн командлагчид уламжилснаар Оросын хилийн отрядын эмнэлэгт нисдэг тэргээр хүргэж, манай хилчнийг яаралтай мэс засалд оруулан амийг аварчээ. Эндээс Генералын шийдвэр оновчтой бөгөөд хойд хөршдөө хэрхэн нөлөөлөх, нэр хүндтэй байсныг харж болно.
- Мөн өмнөд хил дээр манаанд гарч байсан хилчин мориноосоо унаж, цус харваад ухаангүй байж. Монголын талаас тусламж үзүүлэхэд маш их хугацаа алдах байсан тул генерал Сэргэлэн урд хөршийн Хилийн албаны даргатай холбоо барьж хилийн төлөөлөгчийн шугамаар тусламж хүссэнээр БНХАУ-ын хилчид бүх зардлыг даан 20 гаруй хоног ухаангүй байсан хилчин байлдагчийг эмчилж эдгэрүүлжээ. Аливаа ажлыг удирдан, зохион байгуулах чадвартай удирдагчийн гавьяа, түүнчлэн хөрш орнуудынхаа Хилийн албаныханд нөлөөлж чадахуйц нэр хүндтэй командлагч хүний зангаргаар хилчдийнхээ алтан амийг аварсан нь энэ.
- Хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүй нь түүний нэгэн дутагдал бас нэг талдаа давуу тал ч гэлтэй. Энэ нь түүний “Ядарсныг өөд татах, задарсанд даруулга өгөх” гэдэг төрөлхийн зан, чанартай холбоотой юм байна аа гэдгийг олон баримт, үйл явдал харуулдаг. Тэгээд ч цэргийн хүн болохоор дээд газрын үүрэг, тушаал ирэхэд “Мэдлээ, гүйцэтгэе” гэхээс биш “Үгүй…” хэмээн хэлэх эрх ховор буй за. “Үгүй “ гэж хэлж чаддаггүй нь түүнд өгөгдсөн тавилан.
- Сурагч байхаасаа л ядарсан нэгэнд тусалдаг хүнлэг чанараа цэргийн дарга боллоо гээд орхиогүй. Харин ч дорой, ядруухан байлдагчид гар хүрсэн цэргийн дарга, цэргүүдийг харин ч өөрийн шангаа хүртээдэг байсан тухай түүнтэй мөр зэрэгцэн алба хааж явсан хэн боловч ярина.
- Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн Командлагч байхдаа Улсын Хил хамгаалалтыг шинэчлэх шаардлагатайг олж харсан. Монгол Улс нийгэм эдийн засгийн өөр систем рүү шилжсэнтэй холбогдон, хилийн нөхцөл байдал дагаад өөрчлөгдсөнд генерал Ц.Сэргэлэн дүгнэлт хийж, тухайн үеийн УИХ, Засгийн газарт танилцуулснаар Хил хамгаалалтын шинэчлэлийг санаачлан эхлүүлж, гардан зохион байгуулж, “Хилийн тухай” хуулийг шинэчлэн батлуулахад болон Монгол Улсын оршин тогтнохын үндэс Улсын Хилийн халдашгүй дархан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан тухай баримт эдүгээ архивт хадгалагдан үлджээ.
- Хилийн цэрэгт генерал Ц.Сэргэлэнгийн гурван “Х”-гийн зарчим, гурван “Х”-гийн шинэчлэл нь алдартай. Хилчин хүн: Хувцасны сайныг, Хүнсний чанартайг, Хүлгийн дээдийг хэрэглэх учиртай. Хил хамгаалах байгууллагыг хэрхэн шинэчилснийг дээр дурдсан түүний хэлсэн үг , хийсэн ажлууд нь тодорхойлно. Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнүүдийг хүндэтгэн сахиулах, Хил хамгаалах байгууллагын гадаад харилцааг шинэ шатанд гаргах ажлыг гардан хэрэгжүүлсэн түүнийг ЕХ-ны гадаад хил хариуцсан агентлаг PORENTEX-ын (Хүрэл од)-р шагнажээ.
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи төрийн бодлогыг тодорхойлох, боловсронгуй болгох, төрийн тусгай албадын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд түүний туулсан амьдралын туршлага, онолын мэдлэг тодорхой хэмжээнд хэрэгтэйн учир хошууч генерал Ц.Сэргэлэн өнөөдөр төр түшилцэж явна. Яагаад гэвэл тэрбээр Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндэс Хил хамгаалалтын шинэчлэлийг эхлүүлсэн, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, улам төгөлдөржүүлэхэд өөрийгөө зориулахаар шийдсэн түүний зорилгыг унаган нутгийн сонгогчид нь дэмжсэн. Түүнд итгэсэн бас түүнд итгэдэг ажээ.
- Цэдэвийн Сэргэлэн тэмээ унаад хил манаж явсан хилчин байлдагчаас Хилийн цэргийн командлагч, хошууч генерал болтлоо өгссөн шигээ өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаас олж авсан туршлага, мэдлэгээ том улстөрд зориулахаар шийдсэнд хил хамгаалахынхан талархдаг. Түүний чадвар, цар хүрээг тэд даанч сайн мэдэх учраас…
- Монгол улс ОХУ, БНХАУ-ын Хилийн уулзварын цэг Тарган Ухаагийн заставын анхны дарга, Монгол Улс-БНХАУ-ын хоорондын хилийг хоёр дахь удаагаа шалгах комиссын – дугаар ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Дорнодын хилийн төлөөлөгч, Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч, Дорноговийн хилийн төлөөлөгчийн туслагч уулзалтын цэгийн дарга зэрэг албан тушаалын бүх шатанд ажилласан туршлагатай хүн бол яах аргагүй Цэдэвийн Сэргэлэн.
УИХ-ын эрхэм гишүүн Ц.Сэргэлэнгийн 24 онцлох чанарыг тодорхойлохын тулд өөртэй нь уулзах гэсэн боловч ажил төрөл ихтэй үе нь таарч, амжсангүй. Тиймээс түүний дунд болон цэргийн сургууль, цэргийн академид хамт суралцаж байсан ангийн хамт олон, багш нар, түүнтэй хамт алба хаасан хилчид, түүний дарга, удирдлагаар ажиллаж байсан ахмад хилчид, генералууд, хилийн застав, отряд, Хил хамгаалах байгууллагын удирдлагад ажиллаж байсан, мөн алба хаасан олон арван хүмүүсийн ярилцлага, дурсамж, сэтгүүлчийн тэмдэглэл архивын материалуудыг цаг зав гарган судалснаар эрхэм гишүүний 24 онцлох чанар, үйл явдлыг ийн бүтээлээ.