Энтертайнмент
БООЦООТОЙ ХАЛЗ БАРИЛДААНД ДӨРВӨН БӨХ ХҮЧ ҮЗНЭ
Коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш орон даяар спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Үүнээс өмнө Бөхийн өргөөнд бөх барилдуулахдаа үзэгчгүй явуулж байсан. Харин хорио тавьснаас хойш Цагаан сарын барилдааныг хүртэл цуцлав. Гэхдээ саяхан Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсын цолонд хүрсэн шинэхэн начингуудтай халз барилдсан юм. Тэгвэл энэ удаа улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага О.Хангай, Д.Анар нар хоорондоо тойргоор халз барилдах гэнэ. Энэхүү бооцоот барилдааны шагналын сан 15 сая төгрөг байна. Барилдаан үзэгчгүй болох бөгөөд хэзээ, хаана зохион байгуулах эцсийн товыг удахгүй зарлах ажээ.
Харин энэхүү барилдааныг “Малчин” телевиз орон даяар шууд дамжуулах бөгөөд бөх тайлбарлагч О.Батнасан тайлбарлах юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.