Энтертайнмент
МОРИН ХУУР ӨВ ТЭГШ ДУУГАРЧ БАЙЖ ТУХАЙН АЙЛЫН ЖАВРЫГ ҮРГЭЭДЭГ
Д.Нэргүй
Б. Сүхбаатар
Морин хуур урлаач, хөгжмийн багш Б.Сүхбаатар үндэсний хөгжим тэр дундаа морин хуур хөгжмийг өөрөө урлаж бас энэ хөгжмийн гайхамшгийг бусдад сургаж, мэдрүүлж монголынхоо үндэсний урлагийг танин мэдүүлэх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна. Энэ хүрээндээ гадаад, дотоодод оршин суугаа монголчууддаа төдийгүй дэлхийд үндэсний өв соёлоо таниулан суртчилах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хайрлан хамгаалах зорилгоор “ХУУРТАЙ МОНГОЛ төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
-Таныг олон жил морин хуур урлаж байгаа гэж сонслоо. Одоогоор хэдэн хуур хийгээд байна вэ?
-Би 1999 оноос хойш морин хуур хийж байна. Энэ хугацаанд 2500- гаад хуур хийсэн. Аймаг сумдаар явж байхад хийсэн хуур маань дуугарч байхыг нь сонсоод хийсэн бүтээлээрээ бахархдаг. Бас гадаадад хоёр гурван зах зээлтэй. Харин 2009 оноос “Монгол хуур” төвөө нээсэн. Анх морин хуурын жижигхэн Урлан байсан бол өргөжин тэлсээр 2011 оноос хөгжмийн сургалттай болж, морин хуур, төгөлдөр хуур, гитар, ятга зэрэг хөгжмийг хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд зааж байна. Дараа нь “Жонон хар”нэртэй морин хуурын музей,жуулчдад зориулсан тоглолтын танхимтай болсон гээд бага багаар үйл ажиллагаа маань өргөжөөд байгаа.
-Хүмүүс тэр болгон алс хэтийн зорилгоо яриад байдаггүй л дээ. Гэхдээ л цаашдын зорилгуудаа тодорхойлсон байх аа?
-Цаашдаа “Монгол хуур” академи байгуулаад гадна дотноос морин хуур тоглох хүсэл сонирхолтой оюутан залуучуудыг элсүүлж хоёр жил сургаад мэргэжлийн үнэмлэх олгоё гэсэн зорилготой ажиллаж байгаа. Мөн морин хуурын музей, “Монгол хуур” төвөө хөгжүүлэх зорилгоор маркетинг менежментийн алсын хараатай ажиллана. Бас үндэсний хэв маягтай хурим найр, хүүхдийн үсний даахийг хүртэл монгол ёс заншлаар нь тэмдэглэж өгье гэж бодож байгаа. Тэгэхгүй бол манайхан хүүхдийн даахь үргээж байна гээд томчууд нь баярлах нь элбэг болсон. Эндээс монгол ёс жаяг утга учраа алдана. Тийм учраас зөв тэмдэглэвэл тухайн хүүхдийн заяа мөр зам нь тэгшрээд явчихдаг. Бүр тодруулбал хурим найран дээр тоглож байгаа хуур хөөмий ерөөл магтаал нь утга учиртай байвал тэр айл тогтвортой насан туршдаа амьдрах тийм сайхан билэгдлийг агуулж байгаа юм. Ингэж үйл ажиллагаагаа монгол ёс заншил, хэв маяг руу түлхүү оруулж, монголынхоо хүн ардын соён гэгээрүүлэх үйлсэд бага ч атугай хувь нэмэр оруулахыг хүсч явдаг.
-Нэг хуурыг хэдий хугацаанд хийдэг вэ?
-Мэргэжлийн өндөр түвшний морин хуурыг 7 -14 хоногийн дотор хийдэг. Зарим нь нэг сарын хугацаанд ч хийгдэж болно. Харин дундаж худалдааны хуур хоёроос гурав хоногт гардаг. Мэргэжлийн хуур урлана гэдэг маш нарийн. Гэсэн ч одоо бүрэн гүйцэд сураагүй гэж өөрийгөө чамладаг. Ингэх ёстой юм байна, тэгэх ёстой юм байна гэсэн зүйл байж л байх юм.Цаашид морин хуур урлалд зориулсан боловсролын тогтолцоог нээх юмсан гэж боддог. Морин хуур урлаач мэргэжил эзэмшээд ажлын байран дээр гарахад заавал боловсрол хэрэгтэй. Морин хуурыг тоглож сурсан, хөгжмийн нарийн бүтцүүдийг судалсан байх ёстой. Дээр нь урлал дээрээ тогтвортой суралцсан гэх мэт үзүүлэлт шаардлагууд гарч ирдэг. Энэ дагуу гарын шавиа бэлтгэж байна.
-Таны урласан морин хуур олон айлын хойморт залагдаж жаврыг нь үргээж байдаг байх даа?
-Н.Багабанди ерөнхийлөгч байхдаа “Монгол хүн бүр морин хуураа дээдэлье, айл бүрийг морин хууртай болгох” уриалга гаргасан. Гэвч тэр нь дуугардаг, дуугардаггүй, бэлэг дурсгалын, мэргэжлийн гээд янз бүр байгаа.Тэгвэл үнэн чанартаа морин хуур маань өв тэгш дуугардаг байж тухайн айлын жаврыг үргээж дуудах юмыг нь дуудаж байдаг. Гэтэл манайхан дуугардаггүй жижиг том морин хуур авчраад өлгөчихөөр тэр дотор нь цар гэж хөндий зүйл байгаа. Түүнд муу зүйл хурчихдаг. Дээр нь ямар нэг дуу авиа ертөнцийн юмыг хөдөлгөж байдаг жишээлбэл, гадаа гараад исгэрэхэд салхи сэвэлзэж байдаг шүү дээ. Манай төв нэг цар тахалгүй үед МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөртэй хамтарч “Хуураа хөглөе”аян зохион байгуулаад айл гэрт очиж хуурыг нь хөглөж өгдөг байлаа. Энэ үеэрээ морин хуурын утга санааны талаар танин мэдэхүйн мэдээлэл өгдөг. Цаг сайхан болоод ирэхээр энэ аянаа үргэлжлүүлнэ. Морин хуурыг яагаад айл гэрийн болоод төрийн бэлгэдэл болгон дээдэлдэг вэ гэвэл 13 дугаар зууны үед төрийн сүлд хар цагаан туг, эрийн сүлд малгай бүс, гэрийн сүлд гал голомт, морин хуур гэж бэлгэдэж байсан юм билээ. Тийм учраас гэрийн сүлд гэдэг нь галаас гарсан энергийг морин хуурынх нь дуу авиа хөдөлгөж тэр айл төвшин амгалан байна гэсэн үг. Үүнийг хэдэн хүн хөгжүүлэх гээд зүтгээд байх биш, нийт ард түмэн ойлгох юм бол энэ урлаг илүү хүчтэй хөгжөөд монголчуудыг байлдан дагуулах хөгжмийн зэвсэг болохыг үгүйсэхгүй.
-Үндэсний урлагаа хөгжүүлж байгаа танд талархая. Манайд морин хуур хөгжмийг шүтэн бишрэгчид болоод морин хуур хөгжмийн хөгжил ямар шатанд яваа гэж та боддог вэ?
-Сүүлийн 10 гаруй жил морин хуур хөгжим ур хийцийн хувьд хийл хөгжимтэй эн зэрэгцэхүйц эрчимтэй хөгжиж байгаа. Тоглолтын ур чадвар ч олон улсын түвшинд хүрлээ. Үүнийг дагаад монгол хүн бүр морин хуур хөгжмөө оролдож байж монголын гэсэн тодотголтой болно. Энэ хэмжээнд хүртлээ хөгжөөд олон улсын театр чуулгад ашиглагдаж эхэлж байна.Тийм учраас морин хуурын музей зайлшгүй хэрэгтэй. Цаашдаа монголын нүүр царай нэрийн хуудас болно.Эндээс 13 дугаар зуунд ийм байснаа 20 дугаар зуунд ийм болтлоо хөгжиж одоо 21 дүгээр зуунд ийм болсон юм байна гэдгийг гадна дотны хүмүүс харж байх ёстой. Энэ утгаар музейгээ санаачлан байгуулсан. Манай төв “Монгол хүн бүр морин хуурч байна” гэсэн уриатай.
-Үнэ ханшийн хувьд ямар байдаг юм бол. Ур хийц, материалаасаа хамаарч янз бүрийн үнэлэмжтэй байна биз?
-Тэгэлгүй яахав. Тийм, ийм гэж тогтсон үнэ гэж байдаггүй. Тухайн урлаж байгаа хүн өөрийнхөө үнэлэмжээр үнэлдэг. Манай хуурын хувьд 220 мянгаас эхлээд дундаж нь 500, 600 мянга, үнэтэй хуур нь 3 ,4 саяын үнэтэй. 20 гаруй жил морин хуур хийхдээ маш их бэрхшээлийг туулсан. Үүнийг дагаад морин хуурын чанар чансаа хөгжиж дэвшиж явах ёстой. Тийм учраас тухайн хүмүүс өөрсдийнхөө ур чадвараар морин хуурынхаа үнэлгээг тогтоож байгаа. Гэхдээ нийгмийн байдлаас хамаараад үнэлгээ дээшилж, доошилж байдаг.
-Саяхан болсон Хууртай монгол хүүхдийн морин хуурын онлайн фестиваль морин хуур сонирхогчдын урмыг сэргээсэн хүртээмжтэй зүйл болсон гэж сонслоо?
-Бид энэхүү фестивалийнхаа шилдгүүдийг энэ сарын 11-нд тодруулсан. Алс холын АНУ, ШВЕД, ШВЕЙЦАРЬ, СОЛОНГОС зэрэг улсад амьдарч буй монгол хүүхдүүд маань идэвхтэй оролцож нийт 200-аад хүүхэд оролцлоо. Ахлах нас, бага нас гэсэн 2 насны ангилалаар зохион байгуулж ахлах насны ангилалд Завхан аймгийн Улиастай сумын ЧЭЛС-ийн 11А Ангийн сурагч Ч. Чулуунцэцэг, Бага насны ангилалд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын А. Амин-Эрдэнэ нар тодорч ГРАНПРИ-ийн эзэд боллоо. Энэхүү уралдаан жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Дараагийн хийхээр төлөвлөсөн ажил маань ХУУРТАЙ МОНГОЛ сонирхогчдын дундах морин хуурын онлайн фестиваль юм. Энэхүү уралдаанд 18-аас дээш бүх насныхан оролцох боломжтой. Уралдаанд ая заагаагүй тул өөрсдийн хамгийн сайн чадах аяа тоглох mongolkhuur999@gmail.com хаягаар илгээн тэмцээндээ оролцох юм. Энэхүү уралдаан нь зөвхөн сонирхогчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.Мөн ХУУРТАЙ МОНГОЛ төслийн хүрээнд ОЛОН УЛСЫН ОНЛАЙН сургалт зохион байгуулагдаж, одоогоор МОНГОЛ, АНУ, ГЕРМАН, ШВЕЙД, ШВЕЙЦАРЬ, ФРАНЦ, СОЛОНГОС, ЯПОН зэрэг улс орнуудаас хамрагдаж байна. Хамгийн бяцхан сурагч 8 настай, хамгийн Ахмад суралцагч маань 75 настай.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.