Бусад
НАРО БАНЧЭН: БУСДЫГ ЭНЭРЧ ХАЙРЛАХ НЬ БУЯН ХУРААХЫН ЭХ, ҮНДЭС

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.
“Юмсыг зөвхөн өөрийн хүслээр байлгах гэсэн хандлага нь сэтгэл давчдаж, өчүүхэн зүйлд хямран бусдад төвөг, өөртөө сэтгэлийн зовлон нэмнэ. Харин бусдыг хүндэтгэн, бусдыг энэрч хайрласан хандлага нь сэтгэл уужран тэлж бусдад ч өөрт ч амгалантай!”
“Эерэг хандлага эрүүл байхын үндэс. Хамаг амьтан эрүүл энх байх болтугай!”
“Бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл нь буян хураах жаргалтай байхын үндэс юм”.
“Та өөрийн гэртээ амар тайван байхыг хүсдэг шиг амьтад ч амьдарч буй орчиндоо амар тайван байхыг хүснэ. Сайн үйлийн үрд амгалан, муу үйлийн үрд зовлон гарах нь шүтэн барилдлага хуурмаггүйн ёс. Байгаль дэлхийгээ хайрлая”.
“Аливаа зүйлийг ухаалгаар харж өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэн сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх олон шалтгаан бидэнд бий…”
“Бусдын төлөө гэх сайхан сэтгэлгүй бол хүмүүсийн хооронд итгэлцэл бий болохгүй. Итгэлцэл үгүй бол бие биенээ хардаж сэрдэх тэргүүтнээр эв эеэ эвдэж зорьсон хамтын ажил үйл бүтэхэд бэрхшээлтэй болно.
Харин бусдын төлөө гэх сайхан сэтгэлтэй бол хүмүүсийн хооронд итгэлцэл бий болж хамтарч ажил үйл хийхэд урамтай, ажил үйлс ч бүтэмжтэй байх нь шүтэн барилдлага, орчлонгийн жам ёс”.
“Ухаалгаар бусдыг энэрч хайрлах тусам сэтгэл амгалантай болдог…”
“Би зовлонг хүсдэггүй, аз жаргал хүсдэг шиг бусад ч мөн адил. Тиймээс өглөө бүрийг бусдыг жаргалтай байгаасай, би бусдад хор хүргэхгүй, аль чадахаараа тус больё гэсэн сэдлээр эхлүүлж, дадал болгох тусам сэтгэл дэх атаа хорсол, уур болон буруу сэтгэлийн хүч суларснаар сэтгэл амгалантай болох бөгөөд, буян хураах болно…”
“Эрүүл хэрнээ бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдолох хүмүүс байна. Гэвч аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй жишээ нь хоёр хөл нь өвчтэй хүний хувьд алхаж чадвал маш их аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий”.
“Ёроолгүй орчлонгийн түмэн зовлонгоос гэтлэх болон
Олон амьтныг аюулаас аврахыг хүсэх ба
Түмэн амгалан, буман жаргалыг эдлэхийг хүсвээс ч
Тэнсэлгүй бодь сэтгэлийг хэзээд бүү орхитугай!”
“Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг. Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан, найз нөхөд арвидаж, эв эе батаждаг”
“Амар амгалан, аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө”
“Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр “авах” болон “харамлах” дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна”
“Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэгэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй, бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад тусалж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй”
“Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шударга бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна. Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндэлдэг бие хүн болж төлөвших боломжтой болно”
“Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан, аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэгэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй”
“Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил. Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой”
“Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцөлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг”
“Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй гэсэндээ зэмлэдэг.
Хожим харамсахгүйн тулд эцэг эхээ амьд байгаа дээр эцэг эхийнхээ ачийг хэдий чинээ санана төдий чинээгээр ачийг нь хариулж, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэх хүсэл төрнө. Эцэг эхийгээ ачласны буян хэмжээлшгүй их болохыг Бурхан багш айлдсан байдаг.
Өдөрт ядаж гурван удаа эцэг эхийнхээ ачийг санаж чадвал бидэнд гурван удаа эцэг эхийгээ ачлах хүсэл төрнө. Өдөрт гурван удаа зөв хүн байх юмсан гэх хүсэл төрнө. Бидний амьдрал эерэгээр өөрчлөгдөх гурван боломж”.
“Дадал зуршлыг дагаж өөрчлөгдөх нь сэтгэлийн нэг чадамж. Бусдыг гэсэн хайр энэрлийг сэтгэлдээ дагуулвал аажим аажмаар бусдыг хайрлах чанарт сэтгэл дадаж ирнэ. Энэрэл хайр хэдий чинээ сэтгэлд дадна тэр чинээгээр муу сэтгэлийн хүч суларч хором мөч бүхэнд аз жаргалтай байх болно”.
“Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно”.
“Бидний амь нас мөнх биш. Маргааш амьд байхын баттай баталгаа байхгүй ч сэтгэлээ сургаж чадах ухаант хүний биеийг олж төрсөн нь одоо бидэнд байгаа боломж. Аз жаргалыг гаднаас, ирээдүйгээс холоос хайх шаардлагагүй.
Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч жишээ нь эрүүл, ухаан саруул …… байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг хайрлах сэтгэлээ хөгжүүлж бусдад тустай байвал хором мөч бүхэнд аз жаргалтай бөгөөд утга учиртай амьдарч чадна”.
“Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг”.
“Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг. “Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан” гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин “Надаас боллоо, би өөрөө уурласан” гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог”.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.