Эдийн засаг
ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨС 2021 ОНД 34,6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ ГЭВ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооний хуралдаан дээр өчигдөр (2021.02.26) ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ.
Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулган холбогдох албан хаагчдыг чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгийн хамт Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Өнгөрөгч онд Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2020 оны А131 дүгээр тушаалаар “Зээлийн ерөнхий нөхцөл”-ийг батлан хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийт 1579 төсөл 238.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮГ-т цахим хэлбэрээр, орон нутагт цаасан хэлбэрээр авчээ. Салбарын сайдын багцалсан 3 зээлийн багцын хүрээнд сангаас шууд олгох хэлбэрээр 249 төсөлд 22.8 тэрбум төгрөг, банкаар дамжуулан “Жайка II үе шаттай төсөл”-ийн зээлийн 6 төсөлд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Үүний үр дүнд 5 жилийн хугацаанд дээрх аж ахуйн нэгжүүдэд шинээр 1497 ажлын байр бий болж, 811 ажлын байр хадгалагдаж үлдэх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлд 6.4 тэрбум, орлогын албан татварт 1.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна.
Харин зээлийн эргэн төлөлтийн тухайд 2020 онд ЖДҮХС-д 33.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, үүнээс Хөгжлийн банкны бондын төлбөрт 3.5 тэрбум төгрөгийг, Засгийн газрын бондын төлбөрт 6.2 тэрбум төгрөгийг, бусад төлбөрт 1.0 тэрбум төгрөгийг төлжээ. 2019 онд төлбөрийн зөрчилтэй зээлдэгчийн зээлээс 6.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2020 онд аян зохион байгуулсны үр дүнд 14.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЖДҮХС-аас шууд 911 иргэн, аж ахуйн нэгжээс 191.7 тэрбум төгрөгийн, арилжааны 5 банкаар дамжуулан олгосон 358 иргэн, аж ахуйн нэгжээс 69.3 тэрбум төгрөг буюу нийт 1269 иргэн, аж ахуйн нэгжээс 261.0 тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 42.7 тэрбум төгрөг нь Капитал банкны авлага аж.
Хөрөнгийн эх үүсвэрийн хувьд 2009-2020 онд нийт 688.3 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Улсын хэмжээнд 2009-2020 онд 8235 төсөлд 991.8 тэрбум төгрөгийн зээл олгосноор шинээр 51145 ажлын байр бий болж, 37149 ажлын байрыг хадгалсан байна. ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтөөс 2021 онд 34.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Засгийн газрын бондын 41.3 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөх бөгөөд -6.7 тэрбум төгрөгийн хасах баланстай гарахаар байгааг З.Мэндсайхан сайд танилцуулгадаа онцлов.
Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас салбарын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, ЖДҮХС-гийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж, эх үүсвэрийг татах төвлөрүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн бүтцийг бий болгох, хамтарсан, хоршсон хөрөнгө оруулалт, инкубац, кластер, гарааны бизнесийг дэмжих чиглэлд ажиллахаар төлөвлөжээ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ