24 баримт
УИХ-ЫН ГИШҮҮН ДАВААЖАНЦАНГИЙН САРАНГЭРЭЛИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ
1.Дайчин, хүчирхэг эмэгтэй гэдгээ ажил, үйлсээрээ харуулж чадсан бүсгүй бол Д.Сарангэрэл. Эглээс эгэлхэн намтартай энэ эмэгтэй өнөөдөр төр түших их үйлсэд зүтгэж яваа туршлагатай парламентчдын нэг.
2.Түүнд сонгогч олон түмэн итгэдэг. Сонгогч олныхоо итгэл, сэтгэлийг огтхон ч хөсөрдүүлээгүй учраас тэрбээр гурвантаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан.
3.Д.Сарангэрэл ОХУ-ын Омск хотын Технологийн техникумын фото зургийн, ОХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
4.Ажлынхаа гарааг Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар эхэлсэн нь түүний өгсөх замын шат байсан гэлтэй. Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах, ерөнхий редактор, “ММ” агентлагийн захирлаар дэвшин ажилласан сэтгүүлч бүсгүй улмаар Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактороор ажиллажээ.
5.Д.Сарангэрэл нь 2003-2005 онд ТВ-5 телевизийн Ерөнхий захирлаар ажиллан Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулж, өөрийн нэр, мөрөө тодхоон үлдээсэн нэгэн. Учир нь анхны арилжааны томоохон телевизийг хөл дээр нь босгоно гэдэг тийм ч амар биш. Д.Сарангэрэл чадвартай сайн баг бүрдүүлснээр ТВ5 телевизийн голомтыг бадрааж, дэвжээж чадсан.
6.Телевиз гэх томоохон айлыг удирдаж чадсан түүнийг сэтгүүл зүйн салбарыг толгойлж, залж чадна хэмээн мэргэжил нэгт нөхөд нь итгэсэн юм. Ингээд 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарын зүтгэлтэн хүн.
7.Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр мэргэжил нэгт нөхөд нь хоёронтоо итгэл хүлээлгэн сонгож байсан билээ. Энэ өдрүүдэд Эрүүгийн хуулийн төсөлд худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотой маргаан ид дэгдэж байсан үе. Эгзэгтэй, ээдрээтэй энэ асуудалд Д.Сарангэрэл Ерөнхийлөгч 1.Худал мэдээл тарааж, түгээхийг дэмжихгүй. 2. Сэтгүүлчдийг яллахыг бүр ч дэмжихгүй. Харин ардчилал хөгжсөн улс орны жишгийн дагуу энэ асуудлыг иргэний хууль болон Хэвлэлийн цэцийн түвшинд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ баттай зогсч чадсан.
8.Сэтгүүл зүйн салбарт ийнхүү нэрээ, мөрөө гаргаж чадсан түүнийг эрх баригч нам ирээдүйтэй сайн боловсон хүчин гэдгийг олж харсан биз. Д.Сарангэрэл 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 2012 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн болсон нь түүний хувьд эмэгтэй сэтгүүлчийн хувьд яах аргагүй шинэ алхам.
9.Ажил үйлсээрээ өөрийгөө чимж явах шиг сайхан юм хаана байх вэ. Сэтгүүлч Д.Сарангэрэлийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас үнэлж 2002 онд “Алтан гадас” одон, 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ. Энэ бүхэн бол түүний авьяас билиг, ажилсаг дайчин чанарын баталгаа. Бас үнэлгээ нь.
10.Төр түшилцэх их үйлсийнхээ зэрэгцээ тэрбээр 2017-2020 онд ЭМ-ийн, 2020-2021 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж, удирдан зохион байгуулах, улс эх орондоо хийж бүтээх чадалтай гэдгээ нотлон харуулсан бүсгүй.
11.Монгол Ардын Намд 1992 онд элсэж, Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдож байсан нь түүний улс төрийн замналын эхэн үеийн сайхан түүх.
12.1994 онд улс төрийн намуудын дэргэд ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны төрийн бус байгууллага үндэс сууриа тавьсан байдаг. Үүний нэг нь 27 жилийн түүхтэй Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо юм. 120 мянга гаруй эмэгтэйчүүд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын тэргүүнээр хоёр жилийн өмнө сонгогдсон. Энэ бол нам нь бас эмэгтэйчүүдийн төлөөлөл түүнд итгэл, хариуцлагаа үүрүүлж чаддагийн нотолгоо.
13.Д.Сарангэрэлийг уран бэрийн нүүдэл сайтай холч ухаантай хүн гэж хэлэхэд буруудахгүй. Ахмад үеэ хүндлэх, ажил хэргийн залгамж халааг өвлөн, дээдлэх эрхэм чанар түүний үг, үйлдэл бүхнээс харагддаг. Нэмэндэйн Янжмаагийн мэндэлсний 128 жилийн ойн өдөр энэ жил тохиосон. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан, төр, нийгмийн зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Н.Янжмаа гуайг дурсан “XX зууны эгэл жирийн эмэгтэйчүүдийг эрдэм мэдлэг, эрх чөлөөтэй иргэн болж төлөвших эхлэлийг тавьсан төр нийгмийн зүтгэлтэн…” хэмээн хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлсэн хүн бол НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл.
14.Төдий л удалгүй Монголын их Соён гэгээрүүлэгч С.Удвал гуайн 100 жил тохиоход Д.Сарангэрэл даргын “Өнөөдөр С. УДВАЛ хэмээх түүхэн хүний мэндэлсний 100 жилийн ойн өдөр тохиож байна. Улс орны болон улс төрийн ууган хүчний 100 жилийн хөгжлийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр асар их. Тэрхүү жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг нь Монголын зохиолчдын байгууллагын анхны эмэгтэй тэргүүн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, Монголын Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн дарга, АИХ-ын 10 удаагийн депутат, Дэлхийн Энхтайваны шагналт, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Сономын Удвал гуай билээ…” хэмээх дурсамж олны сэтгэлд ойрхон бөгөөд дулаахан байлаа.
15.УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд давхар дээл өмсүүлж ЭМ-ийн салбарыг толгойлуулсан нь түүний улам хүчтэй, улам бядтай гэдгийг харуулж өгсөн. Энэ салбарыг толгойлж байхдаа тэрбээр ээлийн цагаан нөмрөгтнүүдийнхээ халамжит эгч нь, хайртай найз нь, хүндэтгэл дүүрэн дүү нь байж чадсан юм.
16.Эрүүл мэндийн тухай хууль, Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” “Осол, гэмтлээс сэргийлэх” зэрэг найман үндэсний хөтөлбөр батлуулсан… Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийг анх удаа эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон гээд монгол хүн бүрт өгөөжтэй олон олон ажил хийсэн.
17.УИХ, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон. Төрийн түшээ тэрбээр УИХ-д Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж, олон түмний гомдол, саналыг анхааралтай сонсч чадсан нь түүнд нэлээд том сургууль ч болсон нь дамжиггүй. Сонгогдсон тойрогтоо Улсын төсвөөс нийт 52 тэрбум төгрөгийг ажил, бүтээн байгуулалтыг хийсэн байдаг бол өөрийн хөрөнгөөр чамлахааргүй их бүтээн байгуулалт хийсэнд сонгогчид нь өнөөдөр ч сэтгэл хангалуун байдаг.
18.Нийгмийн халамжийн хүрээнд гал түймэр болон үер усны гамшигт орон гэрээ алдсан 20 айл өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, хүүхэд залуустаа зориулж сагсны болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд тойрогтоо хийсэн ажил их. Нийт 395.6 сая төгрөгийн энэ бүх ажлуудыгөөрийн хөрөнгөөр хийж, тойргийнхоо иргэдийн тулгамдсан асуудалд анхаарч ажилласан байдаг. Түүнчлэн тус дүүргийн 12-р хороог камержуулж, иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг мөн хангах хүрээнд 66 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэнд хан-уулчууд баяртай байх юм билээ.
19.Д.Сарангэрэл гишүүнд байдаг олон сайхан чанарын нэг нь ахмадаа дээдлэх. Сар шинийн баяраар ахмад настнаа баярлуулах шиг сайхан зүйл үгүй. Ээж, аавыгаа амьд сэрүүн ахуйд цагаан сарын бэлгийг нь бүтэн жил бага багаар цуглуулж бэлддэг сэн… гэх эрхэм бүсгүй өнөөдөр ч бэлэг цуглуулсаар. Тойргийнхоо буюу Хан-Уул дүүргийн 21 хорооны 3000 ахмаддаа Сар шинийн баяраар хүнсний багц хүргүүлдэг нь уламжлал болоод хэвшчихэж.
20.Түүнийг сайд байхад дэлхий нийтийг хамарсан цар тахал Монголд тээвэрлэгдэн ирсэн нь томоохон сорилт болсон юм. тэрбээр энэ сорилтыг яадварлаг хамт олныхоо хүчээр даван туулсан. Гадаад улс оронд ялангуяа урд хөршид байдал тун ч амаргүй болсон цаг үед “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй, цахимаар золгох” санал гаргахад иргэд халуун дотноор хүлээн авсан. Энэ бол түүнд итгэдэг, түүний ирээдүйг харсан ухаанд талархсан хэрэг байлаа. Ингэж монголчууд анх удаа цахимаар золгож цар тахлын хүрээг тэлээгүй гэдэгтэй маргах хүн үгүй ээ.
21.ЭМ-ийн сайд байхдаа “Өглөө бүхэн сөрөг байгаасай” хэмээн залбирч хонодог байсан болов уу. Түүний цахим хуудсаараа илгээх мэндчилгээ бүхэн ийм утга агуулгатай, иргэддээ анхааруулсан, сэрэмжлүүлсэн утгатай. Бас тахлын голомтонд ажиллаж байгаа эмч, ажилчдадаа үргэлж талархсан, тэднээр бахархсан үг үйлдэл бүхэн түүний манлайлах ур чавдарыг харуулдаг.
22.ЭМ-ийн салбар толгойлон иргэдийхээ эрүүл мэндэд сэтгэлээ чилээж байсан энэ бүсгүй БОАЖ-ын сайд болсноор ан амьтан, байгаль экологи тэр байтугай цаг агаарын мэдээнд хүртэл санаа тавьж байлаа. Өвс тэжээлийн хомсдолоос болж ан амьтнаа өлдөөж, өлсгөхгүй гэсэндээ орон нутгийн байгаль хамгаалагчид өвс тэжээл хүргэх ажлыг өрнүүлсэн… гээд байгаль орчны салбарт хийсэн, эхлүүлсэн ажил зөндөө. Хувьсах чадвартай хаана ч очсон ажиллаж, баг, хамт олныг удирдан зохион байгуулж чаддаг гэдгээ харуулж чадсан түүнийг аль ч яамныхан нь тэр тусмаа ЭМ-ин яамныхан илүү их үгүйлдэг юм билээ.
23.Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улам бүр нэмэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ажлын байр зэрэг чиглэлд ажиллахаар төлөвлөж, үүнтэй уялдсан бүтэц бүрэлдэхүүн, дүрмийн өөрчлөлтийг Д.Сарангэрэл хийж чадсан. Ингэснээр шийдвюэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр нэмэгдлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх асуудал дээр НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл тууштай зогсч чаддаг.
24.Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхэм гишүүн Д.Сарангэрэлийн Онцлох 24 баримтыг толилуулахын учир нь тэрбээр олон зуун мянган монгол эмэгтэйг төлөөлж, тэдний дуу хоолой болж чаддаг учраас сонголоо. Түүний өнөөдрийн ажил үйлсийн амжилт, удирдан зохион байгуулах ур чавдар нь улс төрд сэтгүүлч мэргэжил, эмэгтэй хүн ийм томоохон байр суурь эзэлж чаддагийг харуулсан сайхан үлгэр дууриаллын нэг нь билээ. Үргэлж инээмсэглэж явдаг нь түүний хүн хүнээ дээдлэх сайхан чанарын илэрхийлэл хэмээн дотны нөхөд нь үнэлдэг. Д.Сарангэрэл гишүүн ийм л ухааны бяртай, удирдах бядтай эмэгтэй.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.