Нийгэм
ӨРХ БҮРИЙГ МОДЖУУЛАХ АЯНЫ САНААЧЛАГЫГ НҮБ ДЭМЖЛЭЭ
Өрх бүр мод тарьж, орчноо сайжруулахад хувь нэмэр оруулахад дэмжих үндэсний хөдөлгөөнийг БОАЖЯ-наас санаачлаад буй. Төслийн шатанд явж байгаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтарч ажиллах талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай хийсэн анхны уулзалтаар ярилцлаа.
Сайд Н.Уртнасан хэлэхдээ “Монгол орны цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, мөн иргэн бүрийнхээ тав тухтай амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд “Өрх бүр-Шинэ мод” төсөл үр дүнгээ өгнө гэж итгэж байгаа. Уг төслийг хэрэгжүүлэхэд бид НҮБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.
Тэрбээр гурван гол чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэний нэг нь дээрх сэдэв байв. Мөн Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх, Усны нөөцийн асуудал буюу говийн бүсийг усжуулах, үйлдвэрлэлийн саарал усыг татах асуудлуудыг чухалчлан тавьсан юм.
Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар НҮБ-ын төрөлжсөн найман байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ой менежмент зэрэг салбаруудад 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Дээрх саналуудад Суурин зохицуулагч Тапан Мишра тун нааштай хариуг өглөө. Тухайлбал, “Иргэн бүр мод тарих санал, санаачлагыг гаргасанд маш их талархаж байна. Ногоон Монголыг бүтээхэд бид ч мөн гар бие оролцож, бүх талаараа дэмжин ажиллах болно. Мөн усны асуудлаар тавьсан таны саналыг НҮБ-ын холбогдох газруудад хүргүүлж хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Н.Уртнасан хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиож байгаа энэ жилд төсөл хөтөлбөрүүдийнхөө үр өгөөжийг нэмэгдүүлж, Монгол орныхоо байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд гар нийлэн ажиллана гэж итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.