Эдийн засаг
Ч.ТҮМЭНБАЯР: АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ЦАГТ Л МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ
Монгол Улсын Зөвлөх инженер Ч.Түмэнбаяр гуайг “Гарын үсэгтэй ярилцлага” булангийнхаа зочин хойморт урилаа.
-БНМАУ-аас гуравдагч хөрш Японд улсад суралцсан анхны оюутнуудын нэг нь та. Хоёр системийн ялгааг олж харсан анхны монгол хүний тухай өгүүлэх таны дурсамж бидэнд сонин байна?
-Би 1981 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Хөнгөн, Хүнсний үйлдвэрийн яамны нэр дээр Япон улсад суралцахаар Токиог зорьж байлаа. Нэг жил хэлний бэлтгэлд суралцаад Киотогийн Технологийн их сургуулийн инженер технологичийн ангид элссэн. Намайг оюутан болсон тэр жил одоогийн “Говь” үйлдвэр тухайн үеийн “Говь” комбинатын барилгын ажил дуусч, тоног төхөөрөмжөө угсарч байв. Ингэж л ноолуурын салбар, “Говь” комбинаттай хувь заяагаа холбосон доо. Дөчин жил өнгөрсөн байна.
-Японд сургуулиа төгсч ирээд “Говь” үйлдвэрт шууд ажилд орсон уу?
-Намайг төгсч ирэхэд “Говь” комбинатын дарга нь Дамдинжав, боловсон хүчин нь Аюуш гэж хүн байсан. Аюуш гуайн тушаалаар зургаан сар дагалдан засварчин хийхээр болж, тэмээний ноосон хөнжил нэхдэг нэхэх үйлдвэрт хуваарилагдсан. Эхний 14 хоног комбинатын бүх дамжлагаар явж ямааны ноолуур, тэмээний ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн арга ажиллагаа, тоног төхөөрөмжийн заавартай танилцаж улмаар тэмээний ноосон хөнжил үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн дагалдангаар ажилласан. Миний ажлын гараа ингэж л эхэлсэн. Говь комбинатад дагалдан засварчнаас Ерөнхий захирал хүртэлх бүхий л албан тушаалд ажилласан байх юм.
-Хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос ноолуурын чиглэлээр олон жил ажилласан таныг япон стандарт, техник технологийг нутагшуулсан эрхэм хэмээн салбарынхан тань хүндлэх юм билээ.
-“Говь” үйлдвэрийг Японы хөгжлийн тусламжаар барьсан шүү дээ. Тухайн үед дайны төлбөр гэж ярьдаг байсан. Үйлдвэрийн анхны нь зураг төсөл, технологийн зааврууд бүгд япон хэл дээр. Түүнийг монгол хэл рүү хөрвүүлж орчуулах, техник, технологи дээр нь ажиллах ИТА-дад зааварчлага өгөх нь миний үндсэн ажлын нэг байсан. Дамжлага бүрийн технологийн зааврууд бүтээгдэхүүний чанарын байдлаас хамаарч байнга шинэчлэгдэнэ. Түүнтэй уялдаж техникийн технологийн тохиргоо, зарим эд ангиудыг сайжруулах шаардлага гарна. Нийтдээ 100 гаруй дамжлагын 260 гаруй технологийн болон чанарын үзүүлэлтийн хамаарсан технологийн зааврыг боловсруулж, батлуулсны зэрэгцээ 1500 орчим ажилтан, албан хаагчдад мөрдүүлэх нь миний үүрэг. Ингэж ажилласаар 1990 онтой золгосон. БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн тэр он жилүүдэд ЭЗХТЗ-ийн социалист орнуудын зээл тусламж байхгүй болсон. Энэ үед үйлдвэрийнхээ хаалгыг барих эрх бидэнд үгүй. Тиймээс барууны орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах сорилттой “Говь”-ийн хамт олон тулгарсан. Зах зээлийн шаардлагын дагуу загвар, дизайн, өнгө, чанарт анхаарч шинэ технологи нэвтрүүлж, техник тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилсэн. Тодруулбал, 1990-1996 онд сүлжмэл боловсруулах технологи өмнөх үеэсээ ч илүү сайжирсан. Үйлдвэрийн ажилчид ч мэргэшсэн. Үүний үр дүнд бид өөрийн гэсэн монгол технологотой болж чадсан юм шүү дээ. Ийм хүчирхэг хамт олныг удирдах хувь заяа надад олдсонд бурханд талархаж суудаг даа.
-1990-ээд оны эхээр манай томоохон үйлдвэрүүд уналтанд орж түүнийг дагаад эдийн засаг ч хүндэрсэн. Харин тэр үед ноолуурын салбар улсынхаа эдийн засгийг аварсан гэх яриа байдаг?
-Нийгэм солигдож, хөнгөн үйлдвэрийн салбар уналтад орсон тэр үед ноосны үйлдвэрүүд, савхин бүтээгдэхүүний үйлдвэрүүд, оёдлын үйлдвэрүүд бүгд хаалгаа барьсан. Ээрмэлийн, нэхмэлийн, ноос угаах үйлдвэр, сүлжмэлийн 1,2-р үйлдвэр бүгд дампуурсан гээд төсөөл дөө. Хөнгөн үйлдвэрийн салбараас “Говь” комбинат, хүнд үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэр хоёр л шинэ цагийн Монгол Улсын эдийн засгийн түшиг тулгуур нь байсан гэдгийг энд онцлон дурдах учиртай. Үүнийг миний насныхан л мэднэ дээ.
Цаг үнэхээр хүнд хэцүү байсан. Дулааны 3,4 дүгээр цахилгаан станцууд байнга зогсдог, цахилгаан тасардаг, сэлбэг нь олдоггүй байв. Дээр нь төр мөнгөгүй. Нөхцөл ийм тул “Говь” комбинатын орлого болох валютаар цахилгаан станцууддаа сэлбэг, техник худалдаж авна. Үйлдвэр маань төрийн өмч тул бид өгөхгүй гээд яах юм. “Говь” комбинатын ач тусыг монгол түмэн үеийн үед санаж явах хэрэгтэй. Тэр үед ганц л Төв банктай байлаа шүү дээ. Гаднаас бэлнээр орж ирж байгаа валют нь ганцхан “Говь” үйлдвэрийнх. Яг үнэн хэрэгтээ манай үйлдэр ч маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. Зах зээл маань хумигдаж, зөвхөн социалист гэж нэрлэгддэг 15 оронд бүтээгдэхүүнээ гаргадаг байлаа. Гуравдагч орноос ганцхан Япон руу 20 мянган ширхэг цамц, Япон, Итали, Англи зэрэг оронд бөмбөгөн болон самнасан ноолуур гаргах жишээний. Аз таарч 1990 оны гуравдугаар сарын 20-нд тухайн үеийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Содномцог, олон улсын үзэсгэлэн яармаг хариуцсан дарга Янсанжав гуай нарын хамт Франц улс руу говь комбинатыг төлөөлж 10 хайрцаг цамцаа аваад үзэсгэлэн худалдаанд оролцохоор явж, тэнд өөрөө цамцаа өмсч сурталчилсаны үр дүнд хөөрхөн хэдэн төгрөгтэй болж билээ. Ингэж гуравдагч орны зах зээлийг нээж байсан түүхтэй. Түүний дараахан тавдугаар сард Бельгиэс хоёр хүн манай бүтээгдэхүүнийг авахаар намайг сураглаад ирж байсан. Тэд эхлээд 5000 ширхэг цамцны гэрээ хийсэн. Тэр нь 1990-ээд оны сүүл болоход 25 000 хүрч өсөөд, 1991 онд 80-100 мянга болж өссөн. Удалгүй нөгөө хоёр түнштэйгээ нийлж Бельгид “Жон-Гобис” нэртэй хамтарсан компани байгуулан, тэр шугамаараа Франц, Итали,Бельги, Германы зах зээл дээр “Говь”-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. Нэг ёсондоо гадаад зах зээлийн маркетинг шүү дээ. Тэнд ямар өнгө загвар зонхилж байгаа эсэх, дараа жил нь ямар загвар гарах вэ гэх мэт асуудлыг судалдаг, тэр хэрээрээ үйлдвэрлэлээ явуулдаг, техник технологио сайжруулдаг тийм л тогтолцоог нэвтрүүлснийг Говийнхон маань өндрөөр үнэлдэг хэрэг. Тэр үед “Говь”-ийн орлого оргилдоо хүрч, 50 сая доллар хүрч, буурлаа гэхэд 25-35 сая доллароор хэлбэлзэлнэ. Дотоод зах зээл дээр борлуулалтгүй ч экспортод 100 хувь борлуулдаг, борлуулалт сайтай байсан юм шүү.
-Малчид ноолуураа үнэтэй өгөх гээд харин компаниуд хямдхан авчих санаатай байдаг. Асуудлыг яаж зохицуулж, түүхий эдээ хэрхэн авч байв?
-Салбарын түүхэнд 1990 оныг хүртэл нэг кг ноолуурыг 7,6 төгрөгөөр авдаг, ийм тогтолцоотой байсан. Харин зах зээлд шилжээд ноолуурын үнэ өсч 1990 оны сүүл гэхэд 14 мянга орчим болж өссөн. Одоо кг ноолуур 100-120 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа. Ноолуурын салбар харьцангуй төрийн зохицуулалт багатай. Малчид, ченжүүд, үйлдвэрлэгчид хоорондоо зах зээлийн үнээр зохицдог. Тэртээ 1990-ээд онд зургаан сая орчим ямаатай байсан, манай улс. Ноолуурын чиглэлийн үйлдвэр гэхээр ганцхан “Говь” комбинат л байсан. Жилдээ 1200 тонн ноолуур боловсруулчихдаг тэрнийхээ 60 хувийг самнаснаар нь экспортолчихоод, үлдсэнээр нь утас хийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа.
-Эдүгээ ноос, ноолуур, сүлжмэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани олон болсон. Харин тэдний өрсөлдөх чадвар ямар байгаа бол?
-Хувийн хэвшлийнхэн зах зээлээ дагаад ноолуурын салбар руу орж ирсэн. “Алтай кашимер”, “Мон кашимер”-ийн үйлдвэр байгуулагдсан. Одоогийн түвшинд “Говь” үйлдвэртэй төстэй, түүхий эдээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр 5-6 байх шиг байна. Харин утсаа худалдаж аваад бэлэн бүтээгдэхүүн хийдэг жижиг үйлдвэр 200 гаруй байна гэсэн статистик тоо бий. Гэвч бахархууштай нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд надтай хамт ажиллаж байсан шавь, инженер техникийн ажилтнууд ихэнх нь байна.
-Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн болон нэхмэлийн утас дэлхийд чанараараа хэрхэн үнэлэгддэг бол?
-Одоо ноолууран бүтээгдэхүүний түүхий эд үйлдвэрлэх тоо, чанараараа БНХАУ, манайх хоёр л тэргүүлж байна. Хятад дотроо Өвөрмонгол тэргүүлж байгаа ч энэ салбарт Монгол үндэстэн тэргүүлж байгаа шүү дээ. Монголын ноолууран бүтээгдэхүүний хамгийн гол чанарыг хэрэглэгч л тодорхойлдог. Хэрэглэгчийн захиалсан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг технологийн боловсруулалтыг үйлдвэр өөрөө шийддэг байх ёстой. “Говь”-иос гадна “Гоёо” гэж компани бий. Тус үйлдвэрийн техник технологи, үйлдвэр дамжлагын дараалал гэх мэт зүйлийн автор нь би. Мэдээж, миний ард миний баг байгаа шүү дээ. “Гоёо” брэндийг анх 2006 онд Монголд нэвтрүүлж байлаа. Ноолуурын салбар өнөөдөр монголчуудын хувьд өөрсдөө технологио гаргаад бүтээгдэхүүнээ гаргах бүрэн чадвартай болсон.
-Монгол Улсад Хөнгөн үйлдвэрийн салбар л тэргүүлж буй. Ажлын байрны тухайд ч?
-Ерөнхийдөө нийт ажилчдын 80-90 хувь нь уран гартай эмэгтэйчүүд байдаг. Манай “Говь”-д л гэхэд 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд.“Говь” комбинатад ажиллаж байхдаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө хичээл зүтгэл гаргасан гэж боддог юм. Тухайлбал, ажилчдын орон сууц барьж, хүүхдийн хоёр ч цэцэрлэгтэй болгосон. Ажилчдаа амраах “Говь” амралтын газрыг 1991 онд ашиглалтад оруулсан гэх мэтчилэн.
-Зах зээлийн эхэн үед ашиг орлогоор ийнхүү тэргүүлж, улсаа тэжээж байсан хөнгөн үйлдвэрийн өнөөгийн дүр төрх яг ямархуу байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад…
-Би одоо хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаагүй ч гэлээ ТББ-ын шугамаар ХАҮТ-ын дэргэдэх Ноолуурын зөвлөлийн ахлагч гэсэн албан тушаалтай. Мөн надтай хамт “Говь”, “Гоёо”-д ажиллаж байсан доктор, инженерүүд хамтраад Текстилийн Инженер, Эрдэмтдийн Нийгэмлэг гэж ТББ байгуулсан. Манайх аж ахуйн ажилд оролцох биш шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх, түүнд үндэслэж үйлдвэрүүдэд зөвлөгөө өгөх, шинэ технологи нэвтрүүлэх зорилго бүхий байгууллага.
-Танд шүүмжилмээр хэлмээр зүйл гарна биз дээ?
Гаралгүй яах вэ. Тухайлбал,2016 онд нийт түүхий ноолуурынхаа 60 хувийг бэлэн бүтээгдэхүүн болгоно гэсэн төрийн бодлого гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэр бодлого огт хэрэгжсэнгүй. Төр үүн дээр анхаарах ёстой. Монголын ноолуурын салбарт дөнгөж 9800 тонн бохир ноолуур байна. Түүнийхээ 15 хүрэхгүй хувийг утас болон бэлэн бүтээгдэхүүн болгож, дотоод гадаадын зах зээл дээр борлуулж буй. Цаана үлдэж байгаа ихэнх хувь/75 орчим/-ийн ноолуураа нэгдүгээрт утас болгох хэрэгтэй. Ингэхдээ хоёр чиглэлээр. Үүнд нэг нь сүлжмэлийн чиглэлийн утас, нөгөө нь Монголын ирээдүй ноолууран даавуун дээр байгаа учраас ийм чиглэлийн технологийг оруулж ирж 15 хувиа 60 хувь хүртэл өсгөх явдал юм. Энэ чиглэлээр салбар хөгжиж буй хувийн хэвшил олон байгаа учраас төр тэр бүр дэмжиж чадахгүй байгаа болов уу. Бидний инженер, эрдэмтдийн хамтарсан текстилийн зөвлөл гэдэг нийгэмлэг нарийн даавуу хийх үйлдвэрлэх ТЭЗҮ-г боловсруулсан байгаа. Энэ чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах дотоодын хөрөнгө оруулагч, сонирхож байгаа хүн байвал бид өөрсдийн төслөө та бүхэнд танилцуулаад хамтарч ажиллахад бэлэн байна. Монголд түүхий эд, гадаад зах зээл нь ч байна. Энэ чиглэлээр хөгжөөсэй гэж хүсдэг. Бас нэг анхаарах зүйл бол боловсон хүчний асуудал. Хөнгөний салбар боловсон хүчний хомсдолд орчихоод байна. Инженер нь байна, түүний доор ажилладаг мэргэжлийн ажилчид энэ чиглэлд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд олон жилийн туршлагатай бид зааж сургахад бэлэн шүү.
-Монгол их, дээд сургууль олонтой. Бас МСҮТ ч цөөн биш. Гэтэл энэ сургуулиудад хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж чадахгүй байна уу?
-Тийм, чадахгүй байна. Монгол-Солонгосын хамтарсан нэг сургууль бий. Дээр үеийн хөнгөний ТМС, тэнд л энэ чиглэлийн ажилчин цөөхнийг бэлтгэж байх шиг байна. Үйлдвэрүүд, хувийн сургуулиудтай хамтарч мэргэжилтэй ажилтнаа бэлтгэн авахад анхаарах ёстой. Энэ бүхэн дээр манай текстилийн холбоо анхаарч хамтран ажиллана. Өнгөрсөн жил байгуулагдсан их залуу нийгэмлэг л дээ. Ихэвчлэн Англи, Япон, Франц, Монголдоо докторын зэрэг хамгаалсан эрдэмтэд, мастераа хамгаалсан, ажиллаж байгаа шилдэг инженерүүдийн баг гэж хэлж болно. Бидний хувьд ажлын байрны инженерүүдийн сургалтыг дамжлага дамжлагаар нь долоо хоногийн хугацаанд хийгээд үйлдвэрүүдэд өгөх ийм ажлыг хийж чадна, хийнэ ч гэж бодож байгаа.
-Жилд гарч байгаа ноолуурынхаа 20-иодхон хувийг ашиглаж байгаа гэж Та хэллээ. Үлдсэн 80-аад хувийг боловсруулахгүйгээр шууд экспортод гаргаж байна гэсэн үг үү?
-Угаасан байдлаар, мөн самнасан буюу бохироосоо хялгас хогийг цэвэрлээд жинхэнэ ноолуур болгосон байдаг. Ийм хоёр хэлбэрээр л экспортонд гаргаж байна. Гол зах зээл нь Хятад улс. Нэг ёсондоо манай өрсөлдөгчид түүхий эдийг нь авчихаад байна гэсэн үг шүү дээ. Бид 1990 оноос хойш бахь байдгаараа л ингээд яваад байна.
-Та бас хүнд үйлдвэрийн салбарт багагүй хугацаанд ажилласан нэгэн. Уул уурхайн салбар уналтад орсон 2012 оны салбарын яаманд ажиллаж байсан. Хөнгөн үйлдвэрийн салбараас очсон Танд сонин содон юу байв?
-Би хөнгөн үйлдвэрийн ноолуурын салбарын үйлдвэрт 1986 оноос 2008 оны наймдугаар сар хүртэл тасралтгүй ажилласан. Тэрнээс хойш Монголын ноос, ноолуурын холбоо ТББ-д дэд захирлын алба хашиж ирсэн. Холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг байсан. Ноолуурын Холбоон дээр ажиллаж байхдаа Японы ЖЕТРО байгууллагатай хамтран ажиллах эхлэлийн ажил, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн 110 тэр бум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгох ажлыг гардан хариуцаж гүйцэтгэсэн. Нийгэмлэг дээр Д.Ганхуягтай хамтарч ажиллаж байсан учраас намайг зөвлөх болооч гэсэн.. Дараа нь УУЯ-ыг Д.Ганхуяг сайд толгойлж, зөвлөхөөрөө бас намайг авч, дөрвөн жил ажилласан. Хоёр үндсэн салбартай, нэг нь ашигт малтмалын салбар буюу геологи уул уурхайн салбар юм. Ашигт малтмалын салбарын хувьд биднийг очиход урт нэртэй хуулийг гаргачихсан, хэрэгжүүлэх хууль нь гараагүй байсан. Тэр нь хүлээлтийн байдалд орчихсон олон тусгай зөвшөөрөл авсан ААН-ийн ажил 4-5 жилээр зогсчихсон, зарим нь бараг дампуурах түвшиндээ оччихсон байсан. Сайд яамныхандаа ерөнхийдөө томьёолж хэлэхдээ эхлээд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг гаргах ёстой, хоёрдугаарт бодлого хэрэгжүүлэх хууль батлах ёстой гэсэн. Ингээд бид Эрдэс баялагийн салбарт төрөөс баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль гээд хууль, эрх зүйн бодлогыг гаргахад оролцсон. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх, хуулийг боловсруулж ажилласан. Энэ бол тухайн салбарт том нөлөө үзүүлсэн. Мөн алтны тухай хууль байгаа. Алтыг Монголдоо үлдээе гэсэн санаачилгыг мөн манай сайд Ганхуяг гаргаж, Монголын эдийн засагт их чухал хувь нэмэр оруулсан хууль болсон. Нөгөө салбар нь Газрын тосны салбар. Газрын тосны тухай төрөөс баримтлах бодлого, газрын тосны тухай хуулийг цоо шинээр хийсэн. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн хуулийг нэлээд урт хугацаанд ашиглаж байсан байдаг юм. Үүнийг 100 хувь шинэчилсэн. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл галзуурсан үе байлаа. Өглөө босоход л нэмэгдчихдэг. Ард түмэн маш их бухимдалтай байсан үе. Шатахууны үнийг тухайн үед нь зохицуулах хууль эрх зүйн үндсийг нь тавьсан. Өнөөдөр бас мөрдөж байгаа.
-Тухайн үед яагаад ингэж шатахууны үнийн хөөрөгдөл гардаг байсан юм бол. Түүнийг ямар арга замаар, хэрхэн зохицуулсан бэ?
-Бидний судалгаагаар ОХУ-аас шатахууны үнэ хамааралтай байсан. Олон эх үүсвэрээс авч байвал үнийн өрсөлдөөн бий болно шүү дээ. Гэтэл тийм биш бүр ОХУ-аас авахдаа хүртэл ганцхан газраас авч байсан нь Орос нефть. Тэд манайд өгөхдөө дэлхийн газрын тосны зах зээлийн үнээр биш тохироо маягаар өгчихдөг байж. Нефть бүтээгдэхүүний үнийг худалдан авахаар очиж байгаа Монголын ААН-д бие биеэсээ өрсч өндөр үнэ хэлж өсгөж байх жишээтэй. Тэгэхээр нь Сингапурын бирж дээрх түүхий тосны үнээс хамааруулж газрын тосны бүтээгдэхүүний үнийг тооцдог томьёог хэрэгжүүлсэн юм. Тэгэхээр тэр нь түүхий нефтийн үнэ өсөж, буурахаас хамааран өөрчлөгдөнө гэсэн үг. Ингэснээр шатахууны үнэ хамаагүй хэлбэлзэхээ больсон. Түүнийг Газрын тосны тухай хууль, бусад хуулиудад өөрчлөлт оруулснаар шийдсэн. Монгол-93 гэсэн шинэ бензин гаргаж байсаныг олон түмэн санаж байгаа байж:
-Та хувийн хэвшлийн томоохон төлөөлөл “Бридж” группт ажиллаж байна. Ер нь манай улсад компаний засаглал ямархуу хэмжээнд явж байна гэж Та хардаг вэ?
-Би хувийн хэвшлийн салбарт 2-3 том компанид ажиллаж үзсэн. Манай “Бридж” компани чинь 1991 онд анх байгуулагдсан. Одоо 30 жилийн ой нь болж байгаа. Энэ компанийн засаглал бол маш шинэлэг, орчин үеийн хэлбэртэй, Япон менежментийг нэвтрүүлж ажиллаж байна. Улаанбаатар хотын гудамжаар “Жимни” гэдэг нэртэй хөөрхөн машинууд давхиад байгаа биз дээ. Энэ машиныг манай компани импортолж худалдаалдаг юм. Мөн ХАА-н бүтээгдэхүүн, сүүг боловсруулаад бэлэн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргах, дотоод зах зээлд нэвтрүүлэх энэ ажил дээр сүүлийн гурван жил зөвлөхөөр ажиллаж байна. Сарлагийн сүүг боловруулаад “Сарлаг” шар тос, бяслаг үйлдвэрлэж Япон, Америкийн зах зээл экспортод гаргаж байгаа. Дараагийн асуудал гэвэл шар сүү хэрхэн боловсруулахыг судалж буй. “Бридж” байнга шинэ бизнэс эрэлхийлж, хэрэгжүүлдэг компани. “Бридж” группийн харьяа Японоос эм, эмийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг компани бий. Энэ компани хүний биеийн дархлааг дэмжигч “Спрулина” ногоон замаг, зүрхний үйл ажиллагааг дэмжинч “Кюшин” гэдэг япончууд байнга хэрэглэдэг эм зэрэг олон бүтээгдэхүүн дотоодынхоо зах зээл дээр борлуулж, хүний эрүүл мэндийн төлөө ажилладэг.
-Монгол цагаан идээ, шар тосыг дэлхийн зах зээлд гаргах боломж байна гэсэн үг үү?
-Байна. Манай төрийнхөн гадна тал дээр сайн анхаарч өгөхгүй юм. Монгол хүн бизнес хийх “ Орчин” бүрдүүлмээр байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүний экспортыг хийхэд тухайн улс орнуудтай юм уу ,олон улсын худалдааны байгууллагатай хэлэлцээр хийсэн байх ёстой. Жишээлэхэд, Хятадад гаргая гэж бодоход эрүүл ахуйн гэрээ байхгүй тул гаргаж болохгүй. Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэцээртэй учраас тэр хүрээнд экспортолж болно. Монгол сарлаг гэдэг амьтан, түүний бүтээгдэхүүнийг бид гадаад, дотооддоо таниулж ажиллаж байна даа.
-Манай улсын хөгжлийн гарцыг хэрхэн харж байна?
Миний хувьд Монгол Улсын хүнд, хөнгөн, хүснсний салбарт өөрийн тодорхой хувь нэмрийг оруулж ажилласан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга гуайн “Танин мэдэхүйн чанартай зүйлээ больё оо. Бүтээлч ажилаа хийцгээе” гэдэг үг их таалагддаг шүү.
-Монголын хөгжил аж үйлдвэрээс эхлэх ёстой. Бид түүхий эдээ нэмүү өртөг шингээн боловсруулж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хийж байж эдийн засгаа хөгжүүлнэ, хүн амаа орлоготой, ажилтай байлгана. Дандаа олон улсын байгууллагаас тусламж зээл аваад явдаг энэ байдлаа халах ёстой. Үүнийг хэн хийх вэ гэхээр монголчууд, монгол инженерүүд, төр, засгийн бодлоготой хамтарч байж л хийнэ шүү дээ. Ноолууран бүтээгдэхүүнээ экспортолдог тоо хэмжээгээ нэмэх, дээр нь сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортлох шаардлагатай байна. Төрөөс олон улсын гадаад худалдааны байгууллагуудтай хийх гэрээ хэлцэл дээр анхаарч Монголоос хүнсний бүтээгдэхүүн экспортлох нөхцлийг хангаж өгөх цаг болсон.
-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.
#МонголынМэдээСонин #ГарынҮсэгтэйЯрилцлага
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ