Эдийн засаг
САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛГЭЭР СОНГУУЛЬД БЭЛТГЭХ НЬ ҮҮ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төсөл, хөтөлбөр баталжээ. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны 1,000 хүнийг нэг сарын хугацаагаар сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах гэнэ.
Энэ сонин шийдвэрийг сонсоод ойлгох гэж хэчнээн оролдоод ч учрыг нь үл олох өчнөөн зүйл ухаан самууруулаад болох биш. Нэгэн зүйл: Энэ сургалтаар, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгч, өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэх юм байна.
Сонсоод байхад ийм амьдралын зөв төлөвшлийг Япон улс бол сургуулийн өмнөх боловсролын хүрээнд олгодог юм гэсэн. Манайд бол 30 гарсан хойно нь заах нь л дээ.
Нэгэн зүйл: Энэ сургалт нэг сард нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй. Өглөө эрт босох, гэр бүлийн эерэг харилцааг заалгасныхаа төлөө нэг сая төгрөг авах нь. Гэтэл жинхэнэ ажил мэргэжил олж авч байгаа их дээд сургуулийн оюутнууд сургуульдаа төлбөр төлдөг, мэргэжил эзэмшиж байгаа МСҮТ-ийн сурагчид сарын 100 мянган төгрөгийн тэтгэлэгтэй.
Нэгэн зүйл: Хэнийг сургах юм бэ… Үнэхээр өглөө унтаад орой босдог, хүнтэй зөв харилцаж чаддаггүй, эх оронч бус, соёлгүй хүмүүсийг сургах уу… Ажилгүй ч, ар гэрээ аятайхан аваад явж байгаа, зөв сайхан төлөвшилтэй хүн энд нь багтаад ирвэл яах вэ.
Нэгэн зүйл: Сургалтын зорилго дотор мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн үг харагдана. Их, дээд сургуульд 4-5, МСҮТ-д 2-3 жил сурч байж эзэмшдэг мэргэжлийг ганц сард олгочихож барах уу. Тэр олон хүнд бөөнд нь нэг мэргэжил олгох хичээл заах уу, 40 хүн өөр өөр мэргэжил сонирхож байвал 40 өөр багш хичээл заах уу. За яахав, зардал гаргаад төрөл бүрийн мэргэжил олгочихдог юм гэхэд ажлын байр нь хаана байна аа. Ажлын байр нь байх юм бол манай залуучууд хичээл заалгасан заалгаагүй хийчихнэ л дээ.
Нэгэн зүйл: Засгийн газар хуралдаанаараа энэ жил 5000 залууг ийм сургалтад хамруулна гэж. Гэсэн атлаа энэ жил 11.8 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ гэсэн байх юм. Таван мянган хүнийг сургах юм бол таван тэрбум төгрөг л зарцуулах баймаар юм. Таван тэрбумыг хэн дундаас нь хаашаа шингээх гэж байна гэсэн хар бас л төрж сууна.
Ингээд бодохоор энэ бол ердөө МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын л нэг хэсэг гэдэг нь харагдаад болох биш. УИХ, Засгийн газар, аймаг сум бүхэлдээ МАН-ынхан зайгүй чигжчихсэн энэ улс орон ийм өндөр тэтгэлэгтэй сургалтад ердөө МАН-ынхаа л гишүүдийг, албан тушаалтнууд өөр өөрийн цүнх баригчаа л ирүүлнэ. Заах хичээл нь ч ойлгомжтой, коммунист намаа л магтан дуулж, сайрхан, төрийн бүх институци нэг намд байж л Монгол Улс сэргэн мандана, тэгэхгүй бол мөхнө гэсэн хичээл байх нь. Аягүй бол сонгууль будилаантуулдаг цүнх баригчид нь эхнэр, нөхөртэйгөө ийм сургалтад хэд, хэд суугаад амжина.
#МонголынМэдээСонин #Дугаарын60мөр

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ