Эдийн засаг
АХБ:ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД ЗОРИУЛЖ 73 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ БАТАЛЛАА

Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжийг сайжруулахад зориулан 73 сая ам.долларын зээлийг баталлаа.
Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд энэ оны зургаадугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд нэмэлтээр олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тодорхой хувийг энэхүү зээл санхүүжүүлэх юм. Энэ нь 2020 оны 4-9 дүгээр сар хүртэл яаралтай тусламжийн зээлийн хүрээнд үзүүлсэн өмнөх санхүүжилтийн үргэлжлэл болж байна.
АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шельциг “Монгол Улс 2020 онд КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг нэн эртнээс авч хэрэгжүүлсэн. Хэдийгээр иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэн үедээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлснийг эдийн засгийн үзүүлэлтүүд болон шуурхай үнэлгээний үр дүнгүүд нотолж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дотоодод анхны халдвар бүртгэгдэн хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон” гэв.
Судалгааны дүнгээс харахад 2020 оны тавдугаар сарын эхэн үеийн байдлаар Монголын нийт өрхийн дөрөвний гурав орчим нь, ядуу өрхийн 85% нь ямар нэгэн байдлаар эдийн засгийн хямралд өртсөн байна. Нийт өрхийн бараг гуравны хоёр (64%) нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөрөвний гурав (73%) орчим нь орлого тасалдсан гэсэн байна. Мөн малчид, тариаланчдын 70 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад орлого буурсан гэсэн судалгаа өгчээ.
Төслийн хүрээнд Монгол Улсын нийгмийн халамжийн хөтөлбөр, тогтолцоог бэхжүүлж, ирээдүйн цочрол, хямралд илүү оновчтой хариу арга хэмжээ авах чадвартай болоход дэмжлэг үзүүлнэ. Мөн тусламж хэрэгтэй иргэдэд хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн тулд зорилтот бүлэгт чиглэсэн тогтолцоо болон Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилж, илүү нарийвчилсан мэдээлэл тусгах ажлуудыг хийнэ.
Нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг цахимжуулж “ehalamj” системд нэгтгэхэд АХБ дэмжлэг үзүүлэхээс гадна амьжиргаа, санхүүгийн оролцоо, ур чадварыг дэмжих цогц арга хэмжээ бүхий мөнгөн тэтгэлэгт суурилсан халамжаас хөдөлмөрт шилжих шинэ төрлийн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг нэвтрүүлэх үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь КОВИД-19-ийн нөлөөллийг бууруулах зорилгоор АХБ-наас Монгол Улсад үзүүлж буй нэгдсэн, цогц дэмжлэгийн нэг хэсэг юм. Төслийн нийт санхүүжилт нь 259.64 сая ам.доллар бөгөөд үүнээс засгийн газрын санхүүжилт нь 186.64 ам.доллар байна. Төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна гэж АХБ-ны мэдээлэлд дурдсан байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ