Энтертайнмент
МОНГОЛЧУУД ДҮРСЛЭГДДЭГ “GHOST OF TSUSHIMA” ВИДЕО ТОГЛООМЫГ КИНО БОЛГОХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Sony компанийн PlayStation 4 платформд зориулж Sucker Punch студийн бүтээсэн “Ghost of Tsushima” видео тоглоомыг уран сайхны кино болгох ажил эхэлжээ.
Киног “John Wick”-ийн найруулагч Чад Стахелски бүтээхээр болсон байна. Уг тоглоомонд Жин Сакай нэртэй самурай Японы Цушима арлыг Монголчуудын довтолгооноос хамгаалж байгаагаар дүрслэгддэг.
Тоглоом өөрөө Акира Куросавагийн самурайн сэдэвт сонгодог кинонуудаас санаа авч бүтээгдсэн тул дэлгэцийн бүтээл болгоход тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Бид Чад болон 87Eleven Entertainment компанитай хамтран Жиний түүхийг том дэлгэцэнд харуулах болсондоо баяртай байна” гэж PlayStation Productions компанийн захирал Асад Кизилбаш мэдэгджээ.
“Ghost of Tsushima” видео тоглоом 2020 оны долдугаар сард зах зээлд гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл 6.5 сая хувь зарагдсан байна.
Видео тоглоомын албан ёсны трайлер:
Эх сурвалж: The Verge
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.