Энтертайнмент
Н.БЯМБАДОРЖ: УРАН БҮТЭЭЛЭЭ АЛЬ БОЛОХ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙХИЙГ ХИЧЭЭДЭГ

Д.Гэгээ
Улаанбаатар чуулгын гоцлол дуучин СТА Н.Бямбадорж “Жаргалтай монгол бүсгүй”, “Донжтой бүсгүй”, “Хайрын цагаан даль”“Тансаг” зэрэг охид бүсгүйчүүдийг магтан дуулсан олон сайхан дуугаараа үзэгч олноо баясгаж яваа нэгэн билээ. Тэрбээр өөрийн зохиосон дуунаас гадна хамгийн сүүлд Могод сумынхаа домогт халуун рашааны тухай нэгэн сайхан шинэ дууг өлгийдөн авчээ. Ингээд залуу дуучинтай ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Хоёулаа яриагаа таны дуучин болж байсан тэр гэгээн үеэс эхэлье?
-2008 онд оюутан болж ирээд Монгол Улсын ардын жүжигчин, Буриад улсын АЖ Д.Жаргалсайхан багшийнхаа шавь болж, дуучин болох гараагаа эхэлж байлаа. Энэ алдартай хүн намайг дуулах ур зүй, дуулах бакалиас гадна амьдралын дадал хэвшил, нийгэмшүүлэх гээд талаар намайг сургасанд нь одоо ч баяртай явдаг. Гэвч харамсалтай нь удалгүй бурхан болоод түүний нагац болох СТА, Хөгжим бүжгийн консерваторын их сургуулийн тэнхмийн эрхлэгч Чинзориг багшийн удирдлаган дор дуучин болж төгссөн. Ингээд 2014 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгад дуучнаар ороод өнөөг хүртэл ажиллаж байна.
-Анхны уран бүтээл, анхны тайз гээд л…..
-Оюутан байхдаа сумынхаа сургуулийн 70 жилийн ойгоор очоод айлын найран дээр дуулж байтал манай нутгийн уугуул,монголын эмэгтэй яруу найрагчдын том төлөөлөл, төрийн соёрхолт С.Оюун эгч энэ сайхан дуучин хүү нутгаас минь төрж байгаа юм байна, нутгийнхаа хүүд дуу өгнө гээд надад “Цэнхэр тэнгэрийн орон”гэж сайхан дуу өгч билээ. Аяыг нь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од гэж авьяаслаг хүний дууг дуулах гэж байхдаа маш их бэлэгшээж баярласан. Энэ дуугаа Сэр-Од хөгжмийн зохиолч Болгарт байхдаа зохиож байсан хамгийн анхных нь уран бүтээл юм билээ. Олон ч хит дуутай хүн шүү дээ.
-Эндээс л урамшиж дуучин болсон хувь заяагаараа бахархаж эхэлсэн байх даа?
-Залуу хүнд урам зориг гэдэг маш чухал. Удалгүй Төрийн соёрхолт,зохиолч яруу найрагч С.Оюун эгчийн тоглолтоор Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордонд залуу уран бүтээлч очоод дуулж байхад Г.Хорлоо гэж яруу найрагч нутгийн ах намайг олж хараад “Нутагтаа залбирах дууг”-аа өгсөн. Бид ах дүүсийн хамаатан. Дараа нь “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин талийгаач Н.Мөнгөншагай ахтайгаа 2013 оноос 2020 он хүртэл дотно сайхан нөхөрлөж бид хамтдаа олон ч уран бүтээлийг хийсэн байдаг. Эрдэнэтийн яруу найрагч Баттулга ахынхаа шүлгэнд мөн Мөнгөншагай ах маань ая хийгээд “Хайрын цагаан даль” дуу төрсөн түүхтэй. 2014 онд Улаанбаатар чуулгад орохынхоо өмнө МУГЖ Х.Үнэнхүү багштайгаа хамтарч “Хийморь дуудсан аялгуу” нэртэй аялан тоглолтоороо Булган аймгийнхаа бүх сумдыг тойрсон. Нутгийн зөн олон урамтай сайхан хүлээж авч миний уран бүтээлд их эрч хүч хөг нэмсэн. Ингээд намар нь Улаанбаатар чуулгад дуучнаар орсон цагаас олон сайхан уран бүтээл, түүхэн дуулалт жүжигт оролцлоо. Тухайлбал, УГЗ Л.Эрдэнэбулган агсны найруулсанЧин ван Ханддоржийн “Ай на на” гэж түүхэн дуулалт жүжиг бий. Энэ жүжигт “Сүй түшмэл” гэж эсрэг дүр бүтээсэн. Жүжгээ чуулгын тайзнаа болон Эрдэнэбулган багшийн төрсөн нутаг Булган аймгийн Бугат суманд очиж тавьсан. Энэ мэтээр олон уран бүтээлийн ард гарчээ. 2014 онд аялан тоглолтоор явж байхад Булган аймгийн Орхон сумын сүлд дуу болох “Орхон түшээ нутаг” хэмээх Орхон сумын сүлд дууг тус сумын Засаг дарга Оюун багш надад санал тавьснаар МУГЖ Х.Үнэнхүү, СТА Б Чинсанаа эгч бид гурав дуулж байлаа. Энэхүү дуугаа хоёр жилийн өмнө сумынхаа ой дээр нутгийнх нь ард түмэн сайхан дуулсныг нь сонссон.
-Таны дууны уран сангийн нэлээдгүй хувийг охид бүсгүйчүүдийн сэдэвтэй дуу эзэлдэг, ихэвчлэн захиалгын дуу байдаг уу, эсвэл?
“Мэндийн цэнхэрхэн монгол” дуугаа дуулсан. Дараа нь “Жаргалтай монгол бүсгүй”, Донжттой “Тансаг” зэрэг нэлээд бүсгүйчүүдийг магтан дуулсан дуу дуулсан. “Жаргалтай монгол бүсгүй” дууныхаа аяыг би өөрөө зохиосон. Мөн СГЗ Ш.Гүрбазар ахын шүлэг “Донжтой бүсгүй” уран бүтээлээ хийж клипжүүлээд ард түмэндээ хүргэсэн. Мөн “30 хүрсэн бүсгүй” дууг анх дуулж байлаа. Дараа нь Н.Мөнгөншагай ах маань дуулсан. Тиймээс талийгаач ахын маань эхнэр миний дүү “30 хүрсэн бүсгүй” дуугаа дуулж, ард түмэндээ дахин дахин хүргэж байгаарай, тэгвэл ах чинь тэнгэрийн орноос сонсоод баярлана шүү гэж хэлсэн. Энэ дуугаа удахгүй дүрсжүүлнэ. Зарим фенүүд маань чи одоо 30 хүрсэн ч юмуу, эсвэл 40 хүрсэн залуу гэсэн дуу дуулаач гэсэн санал тавьдаг юм. Энэ мэтээр урын сандаа 20 гаруй дуутай. Уран бүтээлээ аль болох чанарын өндөр түвшинд хийхийг хичээдэг.
-Хоолойгоо хэрхэн яаж гамнадаг вэ?
-Юуны түрүүнд гамаа сайн уншиж, дархлаагаа сайжруулна, миний хувьд теонер хоолойтой. Ийм хоолой эмзэг талдаа. Тийм учраас хүйтэн зүйл ууж идэхээс эхлээд нэлээд гамнах шаардлагатай байдаг.
-Хүн хийж байгаа ажлаасаа урам авна гэдэг хамгийн чухал. Та ямар үед уран бүтээлээсээ сэтгэл ханамжийг авдаг вэ?
-Олон сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж, бие биесээ уран бүтээлийн онгод аялгуугаар хөглөж явна. Тэдний сэтгэл зүрхнээс ундарч гарсан ая эгшигийг өөрийнхөө хэмжээнд дуулна гэдэг бүр ч бахархал. Энэ утгаар дуугаа дуулах бүр л хамгийн сэтгэл ханамж, аз жаргалтай мөч байдаг даа. Би хувьдаа ээж, эх орон, эмэгтэйчүүдийг магтан дуулсан олон сайхан дуутай. Эдгээр дуунуудаараа бусдыг уярааж, баясгах ч мөн сэтгэл ханамж юм.
-Сүүлийн үед хөл хориотой байгаа нь тэр болгон уран бүтээл хийх нь хязгаарлагдмал байгаа. Гэсэн ч таныг уран бүтээлийн ургац ихтэй байгаа гэж сонссон?
-Дуучин нь дуугаа олж, дуу нь хүнээ олсон гэж ярьдаг. Ийм сайхан дуунууд үеийн үедээ ард түмний хүртээл болж явдаг. Хамгийн сүүлд Д.Хонгорзул гэж багштай хамтарч Могод сумынхаа халуун рашааны тухай нэгэн сайхан дуу хийсэн. Энэ дууны аялгууг Улаанбаатар чуулгын дуучин, ая зохиогч СТА Буянтогтох хийсэн байгаа. Мөн Цацаа гэж уран бүтээлчидтэй хамтарч “Охин тэнгэр” нэртэй шинэ уран бүтээл хийсэн. Энэ дуугаа сонсогчдодоо соошил ертөнцөөр хүргэсэн. Өнгөрсөн хавар гитарын сургалтанд суусан. Өөрийнхөө зохиосон хоёр уран бүтээлээс гадна хоёр захиалгат уран бүтээл гээд уран бүтээлийнхээ буухиаг үргэлжлүүлсээр байгаа. Дуун цэнгүүнээ хийсэн. Цомгоо ч гаргах бодолтой. Цаашдаа олон сайхан уран бүтээлүүдээ сонсогч фенүүдээ хүргэнэ гэсэн чин хүсэл зорилготой байгаа.
– Уран бүтээлийн өнгө аясын тал дээр юу хэлэх вэ?
-Шинийг илэрхийлсэн төрөл жанртай орчин үеийн шийдэл, темптэй дууг дуулах дуртай. Улаанбаатар чуулгын дуучны хувьд нийслэлийн арга хэмжээ болоод гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дуулдаг.Уран бүтээлч хүн хувирч хөрвөж чаддаг байх ёстой учраас ардын болон уртын дууг ч дуулж байгаа. Энэ утгаар миний дуулсан тайз, очсон газар болгон маань сайхан хүлээж авдагт уран бүтээлч хүний хувьд баяртай байдаг.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
