Энтертайнмент
МОНГОЛЫН ОХИД ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
Олон улсын сагсанбөмбөгийн холбоо( FIBA) -ноос 2021 оны дөрөвдүгээр сарын долооны байдлаар 3Х3 сагсанбөмбөгийн чансааг шинэчлэн гаргалаа. Холбоо, эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг, U-23 буюу 23 нас хүртэлх эрэгтэй, эмэгтэй, U-18 эрэгтэй, эмэгтэй гээд долоон ангилалд чансааг зарласан бөгөөд манай U-23 эмэгтэй баг дэлхийн чансааг тэргүүлж, U-23 эрэгтэй баг гуравт, эмэгтэй шигшээ баг наймд, эрэгтэй шигшээ баг есд, харин U-18 ангилалд эмэгтэй баг есд, эрэгтэй баг 54-д эрэмбэлэгдлээ. Мөн эдгээр ангиллын нийлбэр буюу Холбооны (Улс) ангилалд Монгол долоод бичигдсэн байна.
Дашрамд өгүүлэхэд 3Х3 сагсанбөмбөгийн төрөл “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт анх удаагаа багтсан бөгөөд Монголын эмэгтэй баг олимпод оролцох эрхээ хэдийнээ аваад байгаа бол эрэгтэй баг тавдугаар сарын 26-30-нд Австрийн Грац хотноо болох Олимпийн эрх олгох ( 20 баг) тэмцээнд оролцох бөгөөд медальт байрт шалгарвал Токиог зорих эрхтэй болох юм. Хэрэв энэ тэмцээнээс эрхээ авч чадаагүй тохиолдолд зургадугаар сард Унгарын Будапешт хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд( Манай эрэгтэй баг шилдэг зургаад оролцохоор шалгарсан) түрүүлж байж олимпийн эрхээ өвөртлөх болзолтой.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.