Эдийн засаг
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХОД 6.5 ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.29) нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газрын холбогдох саналыг тусган Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандар-Очир, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 30-40 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай, харин энэ оны төсөв батлагдсан тул хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, төсвийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулав.
Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг бөгөөд эдгээрийн 20 мянга орчмынх нь гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй гэх судалгааны дүн гарсан байна.
Хуулийн төсөл дэх зохицуулалтын дагуу энэ онд 6.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийг өөрчилж, энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр дурдсан тул Байнгын хороо энэ дагуу шийдвэрлэсэн.
Энэ жилийн төсөвт тусгасан санхүүжилтийн хүрээнд шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломж бий хэмээн А.Ариунзаяа сайд тайлбарлалаа.
Ийн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ