Эдийн засаг
НД-ЫН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 7 САРЫН 1-НЭЭС ДАГАЖ МӨРДӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВНД-ЫН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 7 САРЫН 1-НЭЭС ДАГАЖ МӨРДӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав.
Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгасан, хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр бол хүндрэл учрах эсэхийг тодруулав. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 140,9 тэрбум орчим төгрөгийн нэмэлт зардал гарахаар байна, харин долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан нар уг хуулийг дагаж мөрдөх хугацааг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой эсэхийг тодруулж байв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд уг хуулийн төслийг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагын тооцоо болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан уг хуулийг долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн П.Анужин уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх боломжтой эсэхийг тодруулж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.
Хуулийн төслийн хоёрдугаар зүйлд, энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Үүнтэй холбогдуулан төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-нээс эхэлж дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай, уг асуудлыг Засгийн газартай зөвшилцсөн болно гэлээ.
Ийнхүү хуулийн төслийн нэг, хоёрдугаар зүйлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба санал хураалт явуулахад 85.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ