Нийгэм
Д.СУМЪЯАБАЗАР: ШАРХАДНЫ ОРЧИМД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ЭКО ХОРООЛОЛ БИЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Шархад дэд төвийн ажлын явцтай танилцлаа. Тус дэд төвийн 5.5 га газарт газар чөлөөлжээ. Шугам, сүлжээ, орон сууц, сургууль, цэцэрлэгийн ажлыг зэрэг эхлүүлж байгаагаараа Баянхошуу дэд төвөөс онцлогтой. Булаг, шанд ихтэй тул хөрсний усыг шинжилгээнд өгөхөд ундны усанд хэрэглэж болохгүй, ахуйн хэрэглээнд болно гэж гарчээ. Иймээс усны нөөцлүүр сав бэлтгэж, авто угаалга болон мод усалгаанд зориулж түгээдэг анхны хувилбарыг хийж байгаа гэнэ. Амжилттай хэрэгжвэл цаашид гэр хорооллын олон байршлын хөрсний усыг энэ жишгээр дахин ашигладаг болох зорилго тавин ажиллаж байна.
Иргэд газраа чөлөөлөөд 43 ам метр хоёр өрөө, 69 ам метр гурван өрөө байртай болж байгаа гэнэ. Төвийн дулаан, цахилгаан халаалт гэсэн хоёр байдлаар халаалтаа шийджээ. Төвийн дулаан тасарвал цахилгаан халаалтаа ажиллуулна. Түүнчлэн гүний худагтай учир төвийн шугам тасалдаж, усгүй боллоо гэхэд гүний худгаасаа усаа татна.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Шархад дэд төвийн хүрээнд ус, дулаан дамжуулах хоёр дэд төв барьсан. Өмнө нь дэд төв барихдаа газар чөлөөлөлт хийж байсан бол энэ удаад аж ахуйн нэгжүүдтэй ярьж, газар чөлөөлөлт хийлгүй, Цайз захын хашаан доогуур шугамаа татаж хийсэн. Энэ жил Олон нийтийн хөгжлийн төв, 240 хүүхдийн цэцэрлэг барих ажлын тендер зарлагдана. Цайз эко хотхоны загвар зураг, ерөнхий төлөвлөгөөг баталсан. Дэд бүтцийн төвүүдийг барьж, байгуулах ажлыг хийхийн тулд гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтын ажлыг хийх ёстой. Одоо байгаа замбараагүй байршилтай гэр хорооллыг эмх цэгцтэй болгож, инженерийн шугам сүлжээ хийх боломжтой болгосны дараа Дэд бүтцийн төв байгуулах нь зөв. Үүний тулд гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид шууд дэд бүтэц хийх гээд газар зохион байгуулалтаа хийж чаддаггүй. Ирэх жилийн төсөвт гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтад зориулж төсөв тавьж өгвөл бид төвийн инженерийн шугам сүлжээ хүрэхгүй, дэд бүтэцгүй газруудаа бүгдийг цэгцлээд, газар чөлөөлөлт хийсэн айлууддаа шинэ газар олгож, орон сууцанд хамруулна. Цэгцтэй болсон газартаа бие даасан дэд төвүүд барих нь зөв. Одоо байгаа замбараагүй хэсэгт дэд бүтэц хийхэд маш их хүндрэлтэй байна” хэмээн танилцууллаа.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөд хамруулах ажил 2009 оноос хойш эрчимтэй яригдаж эхэлсэн. Толгойт, Баянхошуу, Дэнжийн 1000, Сэлбэ, Шархад зэрэг зургаан дэд төв байгаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол ажил бол дэд төвүүдийн инженерийн шийдлийг оновчтой байдлаар шийдэх юм. Тухайлбал, Шархад дэд төвийн 507 га нэгж талбарт 13 мянга орчим айлыг хамруулсан төлөвлөлтийг хэсэгчилсэн байдлаар хийх гэж байгаа. Шархадны чиглэлд дулаан хангамжийн асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Тийм учраас “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. “Залуус 1, 2, 3” хорооллын хүрээнд дулааны шугам сүлжээг Шархад руу нэмж оруулах зайлшгүй шаардлага бий. Үүнийг 2022 оны төсөв болон гаднын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр шийдэх ажлын хүрээнд шуурхай зохион байгуулснаар Шархадны орчимд эрүүл, аюулгүй, эко хороолол бий болох нөхцөл бүрдэнэ. Гэр хороолол руу хөгжлийг түүчээлэх үүднээс 71.5 км тойрог хурдны замын зураг төслийг хийж байна. Үүнтэй уялдуулан гэр хорооллын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь нэн тэргүүний ажил юм. Ялангуяа утааны голомт болсон Баянхошуу, Шархад, Сэлбэ, Дэнжийн 1000, Толгойт гэсэн бүсүүдэд Азийн хөгжлийн банк болон бусад эх үүсвэртэй ажлаа эрчимжүүлэх үүргийг холбогдох хүмүүс болон төслийн удирдлагуудад өгсөн. Сар болгон Засгийн газрын хуралдаанд бид ажлаа танилцуулж явна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал байна. Дахин төлөвлөлт, зам, метро гэж ярьдаг ч далайцтай хэлбэрээр шийдэж чаддаггүй. Үүнийг өргөн хүрээнд хийх эхлэл бол УИХ-д байгуулагдсан Түр хороо. Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 19-нд гаргасан тогтоол бол түүхэн шийдвэр. Үүнтэй уялдуулаад бид барилга, зам, нийтийн тээвэрт, тэр дундаа метро болон LRT зэрэг багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслээр хотын иргэддээ үйлчлэх ажлуудыг эрчимжүүлнэ. Бид энэ цаг үед олон ажлыг төлөвлөж тооцож, эрчимтэй эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.