Энтертайнмент
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН НААДАМ БОЛНО
Монголын тулгар Төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Урчуудын Эвлэл, “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль, Нийслэл Хүрээ зураачдын “Урлаг” холбоо хамтран Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 29-ний хооронд, мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг зохион байгуулж байгаа аж.
Монгол Улсын Соёлын Яамны ивээл дор болж буй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг нийгмийн соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Монголчуудын олон зуун жилийн түүхт урлаг соёл өнөөг хүртэл хэрхэн уламжлагдаж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буйг харуулах урлагийн бүтээлүүдийг дэлгэн, эх нутгаасаа дэлхийн өнцөг булан бүрт “Монгол наадам – Монгол урлаг”-ийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхээр зорьжээ.
Наадмын хүрээнд Улаанбаатар дахь “Русский Дом” зураач Э.Цолмонбатын уран зургуудаар үзэсгэлэн дэглэн толилуулж байгаа гэнэ.
Хоёр дахь удаагийн Улаанбаатар фестиваль нь Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцсанаараа түүхэн ач холбогдолтой бөгөөд 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойдоо МУЭ-ийн урчууд 250 шинэ бүтээлээ дэлгэж, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг “Мөнх алдрын хөшөө”-г Зайсан толгойд босгож, 21088 бэлэг дурсгалын зүйл урлаж, Улаанбаатар хотоо 2470 чимэглэлийн урлагаар гоёсон түүхэн баримт байдаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.