Эдийн засаг
ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИЛТЭЙ ХОЛБООТОЙ ТАЙЛБАР

1. Хаан банк ХХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар
Монголбанк “Хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудал дээр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна.
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар “Хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй болно. Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой байдаг. Үүний дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, “Хаан банк” ХХК-аар дамжуулан Монголбанканд ирүүлэхэд Төв банк хууль тогтоомжийг баримталж ажилласан бөгөөд Монголбанкнаас тус банканд болон холбогдох этгээдэд хүргүүлсэн албан бичгүүд нь эцсийн зөвшөөрөл олгосон эсхүл татгалзсан шийдвэр биш болно. Сүүлийн байдлаар Токиогийн хөрөнгийн бирж дээр зарласан дээрх хэлцэлтэй холбоотой тендер санал цуцлагдаж, “Хаан банк” ХХК-ийн нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” ХК, 14.5 хувийг “Савада холдингс” ХК-ийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байна.
“Хаан банк” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” ХК нь Япон улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд санхүүгийн аливаа хэлцэлд орох нь нээлттэй бөгөөд хэрэв эцсийн хэлцэл хийгдэж тус компани хувьцаагаа худалдсан тохиолдолд “Хаан банк” ХХК нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлтийг Монголбанканд мэдэгдэх үүрэгтэй. Монголбанк нь хуулийн дагуу эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоож, Монгол Улсад мөрдөгддөг хууль журамд нийцээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авах бүрэн эрхтэй болно.
Тухайлбал, Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аль нэг банкны нөлөө бүхийн хувьцаа эзэмшигч “Хаан банк” ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байх боломжгүй юм.
Хэрэв энэхүү заалт “Хаан банк” ХХК дээр зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу “Савада холдингс” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх Монголбанканд хуулиар олгогдсон байдаг.
Түүнчлэн, банкны нөлөө бүхийн хувьцаа эзэмшигч нь мөнгөн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны орлого гэдгийг нотолж чадаагүй нөхцөлд банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах боломжгүй болно. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой гэж тодорхой заасан байдаг. Иймд, аливаа банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд шинээр орж ирж буй хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг хуулийн дагуу Монголбанк шалгах, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэргээр холбогдох баримтад үндэслэн хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гаргадаг болно. Иймд, нэр бүхий банкуудад байршиж буй төрийн мөнгөөр “Хаан банк” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.
2. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох үйл явц
Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг.
Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Хэрэв банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчид тавигдах шаардлагыг хангахгүй этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч болсон нөхцөлд Банкны тухай хуульд заасан арга хэмжээг Монголбанк авч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд:
- Банкны тухай хуулийн 36.4-т зааснаар баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” үндэслэлээр Монголбанк тухайн банкны “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож нийтэд зарлана;
- Хуулийн 36.7 дахь хэсэгт зааснаар “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна”;
- Хуулийн 36.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилгоор тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж зохицуулагдсан. Банкууд энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой.
3. “Савада Холдингс” ХХК-ийн талаарх олон нийтэд нээлттэй зарим мэдээлэл
“Савада Холдингс” ХК нь Токиогийн хөрөнгийн бирж JASDAQ-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц (Хүснэгт 1) болон тус компанийн эзэмшиж буй хувьцаа (Хүснэгт 2)-ны талаарх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байдаг. Япон улсад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй аливаа этгээд нь хөрөнгийн зах дээр тус компанийн хувьцааг худалдах, худалдан авах боломж нээлттэй байдгийн зэрэгцээ өдөр тутмын арилжаа болон гүйлгээний мэдээллийн бүртгэл, хяналт зохицуулалт, тайлагнал нь тус улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд хийгдэж, үүнд Монголбанк зохицуулагч байгууллагын үүрэг гүйцэтгэдэггүй болно.
Эх сурвалж: Монголбанк

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна