Эдийн засаг
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ Ч АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА НЬ ЭНЭ ОНД ₮51.9 САЯАР ЭД ХОГШИЛ АВЧ, ₮242.9 САЯЫГ ЦАЛИНД ЗАРЦУУЛЖЭЭ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийн нэгээр “Агаарын дүүжин тээвэр” нэрлэгдээд удаж буй.
Уг төслийн ажилд зориулагдан энэ онд 414 сая гаруй төгрөг төсөвлөсөн ч юу хийсэн нь тодорхой бус байна.
Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг одоогийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа танилцуулсан.
Түүнээс хойш долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг.
Ингэхдээ нийслэлийн Засаг даргын орлогчийн 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар тухайн газрын орон тоог есөн хүний буюу
- Дарга, төслийн зохицуулагч
- Дэд дарга
- Хяналт – шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
- Санхүүгийн мэргэжилтэн
- Цахилгааны инженер
- Барилгын инженер
- Норм, стандарт хариуцсан мэргэжилтэн
- Орчуулагч, оффис менежер
- Жолооч гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан юм.
Улмаар уг төсөлд зориулан 2021 онд 414.3 сая төгрөг төсөвлөгдсөн нь “Шилэн данс” системд байршжээ.
Үүнээс одоогоор урсгал зардалд 341,460,631 төгрөг зарцуулаад байгаа бөгөөд 51,995,200 төгрөгийг нь эд хогшил, багаж, техник хэрэгсэл, тавилга худалдан авсан гэж мэдүүлсэн байна.


Мөн цалин хөлс болон нэмэгдэл урамшилд нийт 310.6 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 242.9 саяыг зарцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын 2021 төсвийн зарлагын төлөвлөгөөг харвал, уг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын ажилчдын цалинд сар бүр 25.9 сая төгрөгийг цалинд зарцуулахаар тусгажээ.


Эндээс тус газрын нэг ажилтан сар бүр дунджаар 2,875,000 төгрөгийн цалин авдаг гэж тооцож болохоор байна.
Байгуулагдаад жил гаруй болж байгаа дээрх байгууллагыг хариуцсан төслийн ажил ямар шатандаа байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс тодруулахад “Дүүжин тээврийн төслийн ажил эхлээгүй” хэмээн асуултад хариулаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэнд гэх эрхмээс тодруулахыг хүслээ.
Гэвч энэ талаар өөрсдөөс нь тодруулах гэсэн ч холбогдох дугаарууд руу олон залгасан ч огт хариу өгсөнгүй.
Ямартай ч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд улсаас хөрөнгө төсөвлөгдөж, зарлага гарсан ч ажил нь эхлээгүй, мөн тухайн байгууллага өдийг хүртэл ямар бодитой ажил хийсэн нь тодорхойгүй бөгөөд хаалттай хэвээр байна.
Ташрамд дурдахад, 2020 оны наймдугаар сард төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байдаг.


Харамсалтай нь уг хөрөнгөөр юу хийгдсэн нь ч өдийг хүртэл бас л тодорхойгүй байгаа.
Мөн тус төслийг хэрэгжүүлэх “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-т гадаадаас урилгаар ажиллах 12 мэргэжилтнийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолыг энэ оны долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газраас гаргаж байв.
Түүнээс гадна, ирэх буюу 2022 оны улсын төсөвт анх удаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг тусгаад байгаа. Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах 18 зорилт бүхий төлөвлөгөөнд Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төсөл ч багтаад буй юм.



Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ