Эдийн засаг
Д.МӨНХ-ЭРДЭНЭ: 74 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙНА. ГЭХДЭЭ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын шийдвэрээр ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-74 төрлийн худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг олголоо. Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ?
-Нэн тэргүүнд, цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга нь Үндсэн хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад үйл ажиллагааг хууль, тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлснээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасан.
Хуульд ингэж заасан байтал хууль зөрчиж, зөвшөөрөл, зөвшөөрлийн шинж чанартай бичиг баримтыг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс нэхдэг, дарамталдаг байдлыг таслан зогсоох шаардлагатай байсан. Улаанбаатар хотод бүртгэлтэй 18664 худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжид төрөөс дарамт, шахалт үзүүлэх биш, харин ч дэмжиж, хамтран ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Хотын дарга үзэн, дээрх шийдвэрийг гаргасан.
Судалгааны хувьд олон эх сурвалж бий. Жишээ нь “Транспэрэнси Интернэшнл” төрийн бус байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн авлигын индексийг боловсруулдаг. 2020 оны авлигын индексийн дүнгээр Монгол Улс 35 оноо авч, 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн.
Мөн Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Doing business” буюу “Бизнес эрхлэхүй 2020” тайлангаар манай улс 190 орноос 81 дүгээрт жагсаж байна. Уг шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдийг харгалзаж үзсэн. Эдгээр судалгаа, санал, хүсэлт авахад олон мянган худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан гэдгийг хэлье.
Хүчингүй болгож зөвшөөрөл олгож байгаа үйл явц маш хүнд сурталтай, шат дамжлагатай байсан. Ганцхан жишээ хэлэхэд, худалдааны төв ажиллуулахад дунджаар 9 бичиг баримт шаарддаг. Энэ нь цаашаа задраад 30-40 болдог. 8-10 шат дамжлагатай, 5-6 байгууллагад очдог. Зөвшөөрөл олгох хугацаа нь дунджаар таван өдөр байх жишээтэй. Энэ бүрд нааш цааш явах унааны зардал, бичиг баримт бүрдүүлэх зардал гарна. Аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 168 мянган бичиг баримт бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Бичиг баримтыг хувилах, хэвлэх, унааны зардал гээд тооцохоор 191 сая төгрөг хэмнэнэ. Үүний цаана тооцох боломжгүй авлига, хээл хахууль, иргэдийн алдагдсан боломжууд гээд олон зүйл бий. Иргэд, аж ахуйн нэгжүүд цаашид энэ хэмнэсэн зардал, цаг хугацааг үйл ажиллагаагаа сайжруулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах, бизнесээ тэлэхэд, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зарцуулж эхэлнэ гэдэг хамгийн чухал.
Нөгөө талаас хариуцлага чухал. Иргэд маань хууль тогтоомж, стандарт, шаардлагыг мөрдөх ёстой. Мөн төрийн байгууллага, албан хаагчдын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ торгох, дарамтлах гэхээсээ илүү тэдэнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслах, хамтран ажиллах гэх мэт ажлын арга барилаа өөрчлөх шаардлагатай байгаа. Энэ талаар тодорхой үүрэг, даалгаврууд Нийслэлийн Засаг даргын захирамжид туссан. Эхний ээлжид энэ 74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц гарна
-Цаашид энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто замын тухай, Барилгын тухай, Газрын тухай гэх мэт хуулиудад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг байгуулах, тамхи худалдах, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах, зам сэтлэх, орц, гарц гаргах, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэхэд зөвшөөрөл, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох зэрэг хуулиар зохицуулж байгаа тусгай зөвшөөрөл, зөвшөөрлүүд бий.
Хотын даргын зүгээс цаашид эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шаарддаг олон бичиг баримт, тэр тусмаа төрийн байгууллагуудад өөрт нь байгаа бичиг баримтыг шаарддаггүй болох, түргэн шуурхай болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Нийслэлийн Засаг даргын дэргэд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулагдсан гэсэн. Ямар хүмүүсээс бүрдэх вэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тал талын төлөөлөл байна. Зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд нь одоогоор НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан.
-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй андуурч ойлгоод байх шиг байна. Энэ тусдаа ойлголт гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү?
-Дээр хэлсэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.
-Иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, анхаарах вэ?
-Хууль хяналтын байгууллагууд бүгд ажлаа хэвийн явуулж байна. Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6,602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Түрүүний хэлсэнчлэн хаа, хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд маань тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна. Манай аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хоёулаа хүнсний худалдааны төвөөр жишээ авъя л даа. Өмнө нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн иргэн хэдэн төрлийн зөвшөөрөл авдаг байв. Одоо нэгдүгээр сарын 1-нээс энэ бүхэн яаж өөрчлөгдөх вэ?
-Хүнсний худалдааны төв ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Иргэд маань харин хууль тогтоомжоо судалж уншиж, стандартаа мөрдөх хэрэгтэй. Бид ч үүнд анхаарч, зөвлөж, хамтарч, дэмжиж ажиллана.
-Зөвшөөрлийг жил бүр сунгуулах шаардлагагүй боллоо гэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа эхэлсэн газруудын хувьд хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг үү?
–Зөвшөөрөл байхгүй болчихоор сунгуулах шаардлагагүй гэсэн үг. Өмнө нь зөвшөөрлийг голчлон нэг жилийн хугацаатай олгодог байсан. Жилийн дараа дахиад л нөгөө олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг, албан тушаалтны үүд сахидаг, маш хүнд сурталтай байлаа шүү дээ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр халж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна