Спорт
Ч.САНЖААДАМБА: ТОМ ЦОЛТОЙ БӨХЧҮҮД НЬ ДОПИНГГҮЙГЭЭР АМЖИЛТ ГАРГАЖ БОЛДГИЙГ ХАРУУЛБАЛ ДҮҮ НАР ХЭРЭГЛЭХГҮЙ
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнажээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар энэ үеэр “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардуулж байгаа юм.
МҮОХ ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэв.
Ч.Санжаадамба аварга “Үнэнийг хэлэхэд допингийн эсрэг ганц хоёрхон бөх тэмцээд үр дүнд хүрэхгүй байна. Харин МҮОХ, МҮБХ бөхчүүдтэйгээ хамтраад тэмцвэл илүү үр дүнтэй. Допингийн хор хөнөөлийг таниулж, соён гэгээрүүлэх ажил дутагдалтай санагддаг.
Допинг хэрэглээд цол авч болдог юм байна гэсэн ойлголт залуусын дунд бий болчихсон. Энэ бол хамгийн буруу хандлага юм. Хэрэв том цолтой бөхчүүд нь допинг хэрэглэлгүй амжилт гаргаж болдгийг харуулбал дүү нар хэрэглэхгүй” гэв.
С.Мөнхбат аварга “Юуны өмнө биднийг хүлээн авч, нэр хүндтэй шагналаа гардуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье. Спортын салбарын хамгийн том байгууллага маань допингийн асуудалд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна.
Үнэнийг хэлэхэд үндэсний бөхийн үзэгчийн тоо багасаж, үнэлэмж буурсаар байна. Хөдөөгүүр үндэсний бөхөөр барилддаг хүний тоо багасаж байна. Сүүлийн үед шинэ мэх, арга техник суръя гэж хичээдэг бөх цөөрлөө. Харин яаж хүчтэй болох вэ, ямар эм тариа хэрэглэх вэ гэж л хайдаг болсон.
Допингийг зарж борлуулдаг цөөн хэдэн хүн л байгаа. Энэ нөхдүүд хориотой эм бэлдмэлийг улсын хилээр яаж оруулж ирээд байна гээд яривал зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй маш том асуудал болно. Тиймээс холбогдох байгууллагууд бүгд хамтраад допингийн эсрэг тэмцэх санаачилга гаргаж байгаад баяртай байна” гэв.
Эх сурвалж: МҮОХ
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна