Дэлхий дахинд
КАЗАХСТАНД ҮЙМЭЭН САМУУН УЛАМ ӨРГӨЖИЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ОХУ-ААС ЦЭРГИЙН ТУСЛАМЖ ХҮСЭВ
Өчигдөр буюу Лхагва гарагт Казахстаны нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар авлаа.
Шинэ оны эхний өдрөөс тус улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөн нь жагсаал тэмцэл эхлэхэд хүргэсэн юм. Гэвч энэ тэмцэл сүүлдээ улс төржиж, эрх баригчдын эсрэг бослого болж хувирлаа.
Казахстаны хэд хэдэн хотод босогчид засгийн газрын байруудыг галдан шатааж, цэрэг цагдаагийн хүчтэй цуст мөргөлдөөн үүсгэжээ. Лхагва гарагийн өглөө тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, засгийн газраа огцруулсан юм. Токаев шинэ танхим байгуулагдах хүртэл шадар сайд Алихан Смайловыг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Гэвч нөхцөл байдал сайжралгүй, хүчирхийлэл улам өргөжсөн юм.
Мягмар гарагт Токаев зарим бүс нутагт хэсэгчлэн онц байдал зарлаад байсан бол өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ.
Лхагва гарагийн орой тарсан мэдээллээс үзвэл Токаев ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүссэн байна.
“ХАБГБ-ын түншүүддээ хандах нь зүйтэй, цаг нь болсон гэж би үзэж байна” гэж Токаев хэлснийг албаны эх сурвалжууд дамжуулжээ.
Казахстаны хамгийн том хот Алматын ойролцоо тус улсын зэвсэгт хүчний анги террористуудтай ширүүн тулаан хийж буй тухай Токаев энэ үеэр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр террористууд нь гадаадад бэлтгэгдсэн этгээдүүд гэнэ.
Лхагва гарагийн орой ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Токаев өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалыг өөртөө шилжүүлж, эрх мэдлээ өргөжүүлснийг зарлажээ.
“Төрийн тэргүүнээс гадна үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болсныхоо хувьд би одооноос эхлэн үймээн самууны эсрэг хатуу арга хэмжээ авах болно” гэж тэр анхааруулсан байна. Токаев бас улс оронд нь ямар ч зүйл тохиолдсон нийслэл Нур-Султанаас явахгүйгээ амласан юм.
Үймээний хамгийн халуун цэг болоод байгаа Алматы хотод өчигдөр босогчид ерөнхийлөгчийн хуучин ордныг галдан шатаажээ. Нийслэл хотыг Алматыгаас Нур-Султан (хуучнаар Астана) хот руу шилжүүлэхээс өмнө энэ барилга олон жилийн турш Казахстаны ерөнхийлөгчийн ордон байсан юм.
Өчигдөр орой босогчид бас Алматы хотын олон улсын нисэх буудлыг эзлэн авснаар төлөвлөгөөт бүх нислэг цуцлагдсан байна.
Талдыкорган хотод босогчид экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хөшөөг буулгажээ.
Казахстаны гол хотуудад босогчид цэрэг цагдаа нараас галт зэвсгийг нь булаан авах, дэлгүүр, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэх явдал газар авсан нь сошиал орчинд тарсан дүрс бичлэгүүдээс харагдаж байна.
Тус улсын гол гол мэдээний сайтууд ажиллагаагүй болж, мобайл интернэтийн холболт хязгаарлагджээ.
Эх сурвалж: Russia Today, Euro News
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент49 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент25 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо