Дэлхий дахинд
ЕВРОПД ДАЙН ДЭГДЭХ ЭРСДЭЛ УЛАМ БОДИТОЙ БОЛЖ БАЙГААГ NATO-ГИЙН ТЭРГҮҮН АНХААРУУЛЛАА
Украины асуудлаар ОХУ болон NATO-гийн хооронд Брюссель хотноо болсон яриа хэлэлцээ өчигдөр ямар нэг үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
Дөрвөн цагийн турш үргэлжилсэн хэлэлцээний үеэр ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Грушко хэрвээ дайсагналыг намжаах улс төрийн арга хэмжээ үр дүнд хүрэхгүй бол зэр зэвсгийн хүчээр шийдэхээс өөр замгүй болохыг анхааруулсан байна.
Хэдхэн хоногийн өмнө Оросын бас нэг дипломатач Сергей Рябков АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогчтой Женев хотод уулзсан ч үр дүнд хүрээгүй юм.
“Нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл Европын аюулгүй байдал маш ноцтой, урьдчилан харах бололцоогүй үр дагаварт хүрнэ” гэж NATO-гийн төлөөлөгчдөд хэлснээ Грушко уулзалтын дараа мэдэгджээ.
Оросын дипломатчидтай дараалан уулзаж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман хэлэхдээ Брюсселийн уулзалтын үеэр Кремлийн баримталж байсан байр суурь Женевийн уулзалтынхаас огт өөрчлөгдөөгүйг мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл Оросын тал NATO-гоос шинэ гишүүн орон нэмж элсүүлэхгүй байх, 1997 оноос хойш тус байгууллагад элссэн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас цэргээ гаргахыг шаардаж байгаа ажээ.
АНУ болон NATO эдгээр шаардлагуудыг хүлээж авах ямар ч боломжгүйг Шерман өчигдөр мэдэгдсэн байна.
“Шаардлагыг нь хүлээж авах боломжгүйг бид Оросуудад тодорхой хэлж байгаа. Бид NATO-гийн өргөжилтийг зогсоохгүй. Бид 1997 он руу буцахыг зөвшөөрөхгүй. АНУ болон манай бүх холбоотнууд NATO-гийн хаалгыг хаахгүй. Хаалгаа нээлттэй байлгах нь тус байгууллагын гол цөм бодлого юм” гэж тэр хэлжээ.
NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг уулзалтын дараа “Европд шинэ зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл улам бодитой болж байна” гэж хэлээд дайн дэгдээвэл ноцтой үр дагавар амсахыг Оросын талд хатуу анхааруулсан байна.
“Украины гадаад болон дотоод нөхцөл байдлын асуудлаар, үүний Европын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөний талаар бид маш нухацтай, илэн далангүй ярилцлаа. Бидний байр суурийн зөрүүг арилгах хэцүү байгаа ч NATO-гийн холбоотнууд болон ОХУ-ын хооронд яриа хэлэлцээ цааш үргэлжлэх нааштай шинж тэмдэг ажиглагдаж байна” гэж тэр хэлжээ.
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Вена хотод гурав дахь ээлжийн яриа хэлэлцээ зохион байгуулагдах юм. Энэ удаа Оросын тал Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийнэ.
Хэдийгээр ОХУ хөрш Украин руу халдан довтлох төлөвлөгөөгүйгээ удаа дараа илэрхийлж байгаа ч өнөөдөр Украины хилийн орчимд Оросын 100,000 орчим цэрэг хуралдаж, галт зэвсэгтэй байлдааны бэлтгэл сургуулилалт зохион байгуулсаар байгаа юм.
Эх сурвалж: The Guardian