Дэлхий дахинд
ШАКИЛ О НИЛ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ОЧИХ БҮРДЭЭ ГОРИЛЛА МИЧНҮҮДИЙН “УУРЫГ ХҮРГЭДЭГ” ТУХАЙГАА ЯРЬЖЭЭ
NBA-гийн од асан Шакил О Нил саяхан “The Big Podcast with Shaq” ярилцлагад оролцохдоо амьтны хүрээлэнд очих бүрд нь тохиолддог явдлын талаар ярьжээ.
Энэ яриа түүний бууралтаж буй үсний тухай сэдвээс эхэлсэн байна. Шакил буурал үстэй болсноор өөрийгөө “саарал үнэг” биш, “саарал горилла” болно гэж үзэж байгаагаа эхлээд хэлжээ.
Дараа нь тэр яагаад өөрийгөө горилла мичтэй зүйрлэснээ тайлбарласан байна.
“Дэлхийн аль ч улсын амьтны хүрээлэнд очиход гориллууд над руу “Хөөе найзаа, чи үс ноосоо яачихсан юм бэ? Би яагаад энд, чи яагаад тэнд байгаа юм бэ?” гэсэн харцаар харж, догширч эхэлдэг. Тэд намайг хараад үнэхээр галзуурах шахдаг. Үнэн шүү” гэж тэр ярьжээ.
213 см өндөр, 147 кг жинтэй Шакил дараа нь Майамигийн амьтны хүрээлэнгийн мэргэжилтэн Рон Магиллтай шууд холбогдож, өөрийнх нь ярьсан түүх үнэн болохыг батлуулсан байна.
“Гориллууд үнэхээр Шакыг хараад сандардаг. Тэд эмэгчнүүдээ харамлаж, аль болох том, сүртэй харагдахыг хичээж эхэлдэг нь үнэн. Гэхдээ хэн нь босс гэдгийг мэддэг болохоороо тэд эцэстээ тайвширдаг” гэж Магилл ярьжээ.
“Дэлхийн аль ч амьтны хүрээлэнд очиход надад ийм явдал тохиолддог. Гориллууд торноосоо гарч, надтай тулалдахыг хүсэж буй нь илт харагддаг юм” гэж Шакил О Нил сүүлд нь ярьсан байна.
Эх сурвалж: Business Insider