Дэлхий дахинд
ЭНЭТХЭГИЙН НҮҮРСНИЙ ТЭРБУМТАН АЗИ ТИВИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН БОЛЛОО
Энэтхэгийн 59 настай бизнесмэн Гаутам Адани хөрөнгийн хэмжээгээр Ази тивд тэргүүлэх болсныг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.
Даваа гарагийн байдлаар түүний хөрөнгийн хэмжээ $88.5 тэрбумд хүрч, нутаг нэгт Мукеш Амбанигаас ($87.9 тэрбум) Азийн тэргүүн баяны титмийг булаасан байна.
Шинэ он гарсаар Аданигийн хөрөнгийн хэмжээ $12 тэрбумаар өссөн нь дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлсэн өндөр өсөлт юм.
Түүний байгуулсан Адани Групп эхэндээ нүүрс олборлох бизнесээр хөл дээрээ тогтсон бол сүүлийн үед сэргээгдэх эрчим хүч, нисэх буудал, дата төв, батлан хамгаалах салбарын бизнест ихээхэн хөрөнгө оруулах болжээ.
Адани 2030 он хүртэл $70 тэрбумын хөрөнгө оруулснаар группээ дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болгох зорилт тавьсан байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Францын газрын тосны аварга компани Total SE түүний Adani Green Energy компанийн 20 хувийг худалдаж авсан юм. АНУ-ын хөрөнгө оруулалтын Warburg Pincus компани 2021 оны гуравдугаар сард Adani Ports and Special Economic Zone компанийн 50 орчим хувийг $110 саяар авсан байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Адани Групп улсынхаа долоон нисэх буудлыг мэдэлдээ авч, Энэтхэгийн агаарын тээврийн урсгалын дөрөвний нэгийг хянах болжээ.
Одоо тус групп Энэтхэгийн хувийн хэвшлүүд дотор хамгийн том нисэх буудлын оператор, хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, байгалийн хий нийлүүлэгч болоод байна.
Эх сурвалж: Bloomberg