Дэлхий дахинд
“УКРАИНЫ ХЯМРАЛЫГ ХУРЦАТГАХГҮЙ” ГЭЖ ПУТИН АМЛАСАН ТУХАЙ МАКРОН МЭДЭГДЭВ
Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт Украины хямралыг зохицуулах дипломат шийдэл хайж, Европын орнуудаар аялж байгаа юм.
Тэрбээр Даваа гарагт Москвад ОХУ-ын ерөнхийлөгчтэй бараг зургаан цагийн турш ярилцсаныхаа дараа өчигдөр Украины нийслэл Киев хотод ирсэн байна.
Орой нь тэр Берлин хотод айлчилж, Германы канцлерь Олаф Шольц, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нартай уулзжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахынхаа өмнө Макрон хэлэхдээ Путинээс “Украины хямралыг өргөжүүлэх, муутгах ямар нэг алхам нэмж хийхгүй гэсэн амлалтыг авлаа” гэж мэдэгдсэн байна.
Орос, Украины хооронд дипломат яриа хэлэлцээ эхлүүлэх шинэ боломж нээгдэж байгааг Макрон энэ үеэр хэлжээ.
Харин Зеленский ОХУ-ын ерөнхийлөгчийн амлалтад итгэхгүй байгаагаа илэрхийлээд хямралыг намжаах бодитой алхам хийхийг Путинд уриалсан юм.
“Би хоосон үгэнд итгэдэггүй. Ямар ч улс төрч бодитой алхам хийж байж л санаагаа ил тод харуулдаг гэдэгт би итгэдэг” гэж Зеленский Францын ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.
Даваа гарагт Владимир Путин сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Макроны тавьсан зарим нэг санал цаашдын яриа хэлэлцээний үндэс суурь болох магадлалтай гэсэн ч “энэ талаар ярихад хэтэрхий эрт байна” гэж хэлсэн юм.
Украины умард хилийн ойролцоо явагдаж буй байлдааны сургуулилалт дууссаны дараа ОХУ цэргээ Беларусиас татахаар Путин, Макрон нар тохиролцсон тухай Францын албаныхан сүүлд мэдээлсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ хоёр удирдагчийн уулзалтын үеэр ямар нэг тохиролцоо хийгээгүй гэжээ.
Одоогоор ОХУ-ын 100,000 орчим цэрэг Украины умард, өмнөд, дорнод хилийн ойролцоо байрлаж буй гэсэн мэдээлэл бий.
Москвагийн эрх баригчид Украин улс руу халдан довтлохгүйгээ удаа дараа мэдэгдэж буй ч NATO-гоос аюулгүй байдлын баталгаа шаардаж байгаа.
Үүнд тус байгууллагын дорнод Европ дахь өргөжилтийг зогсоох, хуучин Зөвлөлтийн нөлөөнд байсан орнуудаас цэрэг, зэвсгээ татах хоёр шаардлагыг тавьсан юм.
АНУ тэргүүтэй NATO-гийн холбоотнууд дээрх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаад байна.
Эх сурвалж: BBC