Дэлхий дахинд
ОРОСЫН ТАМИРЧИН КАМИЛА ВАЛИЕВА ВИДЕО ХОЛБООГООР ШҮҮГЧДЭД МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ
Сэргээшийн төрлийн бодис сорьцоос нь илэрсэн гэгдэж буй ОХУ-ын уран гулгалтын 15 настай од Камила Валиева өчигдөр орой Спортын Арбитрын Шүүхийн шүүгчдэд видео холбоогоор мэдүүлэг өгсөн байна.
Спортын Арбитрын Шүүх түүний Бээжин 2022 өвлийн олимпын наадмын тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцох эсэхийг Даваа гарагт шийдэх юм.
Бээжингийн цагаар Ням гарагийн оройн 8:30 цагт Валиевагаас мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулжээ.
Спортын Арбитрын Шүүхийн гурван шүүгчээс бүрдсэн зөвлөл Швейцараас холбогдож, Бээжинд байгаа Валиевагийн мэдүүлгийг сонссон байна.
Оросын сэргээштэй тэмцэх байгууллага RUSADA өнгөрсөн оны сүүлээр Санкт-Петербург хотод болсон тэмцээний үеэр Валиевагийн сорьцоос хориотой эмийн бодис илэрсэн ч түүний өвлийн олимпын наадамд оролцох эрхийг хэвээр үлдээж байжээ.
Уг шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо, Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага WADA, Олон Улсын Уран Гулгалтын Холбоо хууль бус гэж үзээд Спортын Арбитрын Шүүхэд давж заалдсан юм.
Өнгөрсөн Даваа гарагт Валиева өвлийн олимпын түүхэнд анх удаа нэг үсрэлтээр агаарт дөрвөн удаа эргэж чадсан эмэгтэй тамирчин болж байв.
Түүний энэхүү амжилтын үр дүнд Оросын Олимпын Шигшээ баг алтан медалийн болзлыг хангасан юм.
Гэхдээ сэргээштэй холбоотой асуудлын улмаас шагнал гардуулах ёслол хойшлогдоод байгаа. Уран гулгалтын багийн тэмцээнээс АНУ мөнгө, Япон хүрэл медаль авахаар болсон юм.
Залуу тамирчин хориотой эм хэрэглэсэн нь түүнийг дасгалжуулж буй томчуудын алдаа гэж олон хүн үзэж байна.
Эх сурвалж: Business Insider