Дэлхий дахинд
САУДЫН АРАБЫН ЭРХ БАРИГЧИД $80 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ БАЯЛГИЙН САНДАА ШИЛЖҮҮЛЖЭЭ
Саудын Арабын эрх баригчид тус улсын төрийн өмчит Сауди Арамко газрын тосны компанийн 4 хувийг үндэсний баялгийн сандаа шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ нь одоогийн ханшаар $80 тэрбумтай тэнцэх хөрөнгө юм.
Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Арабын эдийн засгийн гол тулгуур нь Сауди Арамко компани гэдэг.
Энэ шийдвэр нь улс орныхоо эдийн засгийн газрын тосноос хамаарах хамаарлыг багасгах зорилтын нэг хэсэг болохыг тус улсын дефакто удирдагч, угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман мэдэгджээ.
Саудын Араб улс баялгийн сангийнхаа хөрөнгийн хэмжээг 2025 он гэхэд $1 их наядад хүргэх зорилготой байгааг тэр бас хэлсэн байна. Одоо тус сангийн хөрөнгийн хэмжээ $500 тэрбумд хүрээд байгаа.
Ингэснээр Саудын Араб улс баялгийн сангийн хөрөнгийн хэмжээгээр Норвеги улстай өрсөлдөх түвшинд хүрэх юм.
Өнөөдөр дэлхийн хамгийн томд тооцогддог Норвеги улсын баялгийн сан $1.3 их наядын хөрөнгөтэй. Сингапурын Temasek хөрөнгө оруулалтын сангийн хэмжээ $300 гаруй тэрбум юм.
Сауди Арамко компани 2021 оны гуравдугаар улиралд $30.4 тэрбумын ашиг олсон нь өмнөх оны мөн үеийн $18.8 тэрбумаас огцом өссөн үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: The Guardian