Дэлхий дахинд
ПУТИН САЙД НАРТАЙГАА УУЛЗАХДАА ЯАГААД ХОЛ ЗАЙТАЙ СУУСНЫГ КРЕМЛИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБА ТАЙЛБАРЛАВ
Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрынхаа гол сайд нартай уулзахдаа урт ширээний хоёр захад суусан байсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.
Эхлээд Путин гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа нэлээд хол зайтай суусан байсан нь Кремлиэс гаргасан албан мэдээний зурагт дүрслэгдсэн байв.
Дараа нь тэр батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа мөн адил урт ширээний ард, хоорондоо нэлээд зайтай суусан байжээ.
Энэ талаар өчигдөр Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд тайлбарласан байна.
“Энэ бол коронавирусийн халдвараас сэргийлсэн арга хэмжээ. Ийм зайтай суух нь ажил хэрэгт ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Төрийн тэргүүн бүрэн мэдээлэл авч, уулзалт яриа амжилттай болсон” гэж Песков мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзахдаа Путин бас урт ширээний хоёр үзүүрт, дөрвөн метрийн зайтай сууж байв.
Уулзалтын өмнө Францын тал Оросын эмчээр ерөнхийлөгчөөсөө шинжилгээ авахуулахыг хүсээгүй тул ингэж зай барьсан тухай хэвлэлүүд сүүлд мэдээлсэн юм.
Сүүлийн өдрүүдэд ОХУ даяар коронавирусийн халдвар тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эрх баригчдыг Кремлийн ордонд хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжүүлэхэд хүргэсэн бололтой.
Эх сурвалж: Russia Today