Дэлхий дахинд
ФРАНЦ ХЭЛЭНД АНГЛИ ҮГ ОЛНООР НЭВТЭРЧ БАЙГААГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ШҮҮМЖИЛЖЭЭ
Франц хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах үүрэгтэйгээр 1635 онд XIII Луй хааны байгуулж байсан Académie Française нэртэй мэргэжилтнүүдийн зөвлөл энэ долоо хоногт судалгааны тайлангаа нийтлүүлжээ.
Зургаан гишүүнтэй тус зөвлөлөөс гаргасан тайланд франц хэлэнд англи үг хэллэг олноор нэвтэрч байгааг шүүмжилсэн байна.
“Франц хэлний олон үг хэллэг англичлагдаж, орлуулах боломжтой франц үгс нь мартагдах шатандаа орлоо. Хувцас загвар, спортоос гадна интернэт, дижитал салбарын нэр томьёо хамгийн хүчтэй, мэдэгдэхүйцээр англичлагдаж байгаад гайхах зүйлгүй болжээ” гэж тус тайланд бичжээ.
Эрдэмтэд сошиал сүлжээний “follower” нэр томьёог франц хэлний таван үгээр орчуулан хэрэглэж болохыг жишээ татсан байна.
Цар тахлын улмаас “cluster”, “testing” зэрэг үгс франц хэлэнд өргөн хэрэглэгдэж эхэлснийг дурджээ.
Бас англи үг франц хэлэнд нэвтрэхдээ дуудлага, дүрэм зэргээс хамааран гажиж, англи ч биш, франц ч биш үг болж байгааг шүүмжилсэн байна.
Англи үгсийг хэт их хэрэглэснээр франц хэлний үгсийн санг ядууруулж, нийгэмд хуваагдал, ялгаварлан гадуурхалт бий болгож байгааг Académie Française зөвлөлийн эрдэмтэд дүгнэжээ.
Académie Française зөвлөл одоогийн нарийн бичгийн дарга Элен Каррер д’Анкоссын үед илүү идэвхтэй ажиллах болсон гэдэг.
Өнгөрсөн сард тус зөвлөл Францын иргэний үнэмлэх дээрх үгсийг давхар англи орчуулгатай хэвлэхээр болсныг эсэргүүцэж, засгийн газраа шүүхэд өгөхөөр сүрдүүлж байв.
Эх сурвалж: AFP