Дэлхий дахинд
ОЛИМПЫН ЦАНЫН ТЭМЦЭЭНД ӨРСӨЛДСӨН ФИНЛАНДЫН ТАМИРЧИН БЭЛГЭ ЭРХТНЭЭ ХӨЛДӨӨЖЭЭ
Бямба гарагт Бээжин 2022 өвлийн олимпын наадмын бөөн гараатай гүйлтийн цанын төрөлд уралдсан Финландын тамирчин бэлгэ эрхтнээ хөлдөөсөн тухай хэвлэлд ярьжээ.
Эрэгтэйчүүдийн 50 км-ийн уралдаан Бямба гарагт Жанчхүү хотын ойролцоо зохион байгуулагдсан юм. Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдал муу, маш их хүйтэн салхитай байжээ.
Зохион байгуулагчид тэмцээнийг нэг цагаар хойшлуулж, эцэст нь уралдах зайг 30 км болгож богиносгосон байна.
Гэвч авсан арга хэмжээ нь тамирчдыг хүйтэн салхинаас хамгаалж чадаагүй гэнэ.
“Тэмцээн дуусахад миний биеийн аль хэсэг багахан хөлдсөн байсныг таагаарай. Энэ бол миний амьдралдаа үзсэн хамгийн хэцүү тэмцээн байлаа. Жинхэнэ тулаан болж өнгөрлөө” гэж Финландын 24 настай тамирчин Реми Линдхолм хэвлэлд ярьсан байна.
Тэрбээр тэмцээний дараа биеийн хөлдсөн хэсэгтээ халуун жин тавьжээ. “Биеийн хөлдсөн хэсэг гэсэж эхлэхэд тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдсэн” гэж Линдхолм ярьсан байна.
Энэ нь түүний хувьд анхны тохиолдол биш гэнэ. 2021 онд Финландын Рука цанын баазад болсон тэмцээнд оролцохдоо Линдхолм бас нууц эрхтнээ бага зэрэг хөлдөөж байжээ.
Энэ удаа тэрбээр 30 км-ийн зайг 1 цаг, 15 минут, 55 секундэд туулж, 61 тамирчнаас 28 дугаар байрт орсон байна.
Тэмцээнд Оросын Александр Большунов, Иван Якимушкин нар алт, мөнгөн медаль, Норвегийн Симен Хегстад Крюгер хүрэл медаль зүүжээ.
Эх сурвалж: Reuters