Дэлхий дахинд
ОРОС, УКРАИН УЛСУУДЫН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх асан, Харвардын их сургуулийн эдийн засагч Жэсон Фурмэн өчигдөр Нью-Йорк Таймс сонинд Орос, Украин улсуудын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар ярьжээ.
Өчигдөр ОХУ-ын цэрэг Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад орсон нь Европ тивд шинэ дайн эхлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Үүний үр дүнд дэлхийн эдийн засагт томоохон хямрал үүсэхээс хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа.
“Орос улсыг аварга том байгалийн хийн станц гэж ойлгож болно. Бусдаар бол дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө бага юм” гэж Фурмэн ярьжээ.
Хэдийгээр байгалийн нөөц арвинтай ч Оросын эдийн засгийн хэмжээ Бразил улсынхтай ойролцоо хэмжээтэй. Итали, Өмнөд Солонгос зэрэг Оросын хүн амын талд хүрэхгүй хүн амтай улсуудын эдийн засгаас бага юм.
Гэхдээ Оросын газрын тос, байгалийн хийн экспорт нь дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй болохыг Фурмэн онцолжээ.
Тухайлбал Европын Холбоо нийт байгалийн хийн хэрэглээнийхээ 80 хувийг ОХУ-аас импортоор авдаг. Нийт Европ тивийн газрын тосны импортын 27 хувь, байгалийн хийн импортын 41 хувь Оросоос нийлүүлэгддэг байна.
Эрчим хүчний хомсдолтой байгаа Европын Холбоонд ОХУ-аас нийлүүлдэг түүхий эд тасарвал гамшиг болох юм.
Украин улсын хувьд дэлхийн үр тарианы гол нийлүүлэгчдийн нэг.
Тус улсын үр тарианы экспортын 40 орчим хувь Ойрх Дорнод, Африк тивийн зах зээлд нийлүүлэгддэг байна.
Хэрвээ дээрх бүс нутгуудад үр тарианы хомсдол үүсвэл Америкийн фермерүүд гарцаа нэмэгдүүлэх боломжтойг АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Том Вилсак өнгөрсөн Бямба гарагт мэдэгдэж байжээ.
Украин улс дэлхийн нийт үр тарианы экспортын 12 хувийг хангадаг. Энэ экспорт тасалдвал АНУ-ын зах зээлд бараг нөлөөлөхгүй, харин Европ тивд муугаар нөлөөлөхийг Вилсак анхааруулсан юм.
Эх сурвалж: Business Insider