Дэлхий дахинд
ДМИТРИЙ МЕДВЕДЕВ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙГАЛИЙН ХИЙГЭЭР ЕВРОПЧУУДЫГ СҮРДҮҮЛЛЭЭ
Мягмар гарагт Герман улс “Умард Урсгал II” байгалийн хий дамжуулах хоолойн төслийг зогсоож байгаагаа зарласан нь ОХУ-ын Украинд үйлдсэн түрэмгийллийн хариуд авсан арга хэмжээ байв.
Энэхүү шийдвэрийг зарласны дараа ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев твиттер хуудсандаа Европын орнуудыг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл хийжээ.
“Умард Урсгал 2 хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоож байгаагаа Германы канцлер Олаф Шольц мэдэгдлээ. Сайн хэрэг. Удахгүй 1,000 шоо метр байгалийн хий тутамд 2,000 евро төлж эхлэх шинэ ертөнцөд Европчууд тавтай морил!” хэмээн тэр бичсэн байна.
ОХУ-аас Европын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “ Умард Урсгал II” төслийн хувь заяа маш их маргаан дагуулж байлаа.
Төсөл өнгөрсөн оны есдүгээр сард дууссан бөгөөд Германы засгийн газрын зөвшөөрөл олгох үйл явц өчигдрийг хүртэл үргэлжилж байсан юм.
Хоолойг ашиглалтад оруулахыг АНУ-ын эрх баригчид болон Украин улс идэвхтэй эсэргүүцэж байв. Одоо ОХУ байгалийн хийгээ Украины нутаг дэвсгэрээр дамжуулж, Европын зах зээлд нийлүүлдэг.
Хэрвээ шинэ хоолойгоор хий дамжуулж эхэлбэл Украинд төлдөг транзит төлбөр багасаж, Европ тив эрчим хүчний хувьд ОХУ-аас улам бүр хамааралтай болох юм.
Герман улсын хувьд “Умард Урсгал II” хоолойд зөвшөөрөл олгох асуудалд нэлээд болгоомжтой хандаж байсан бол өчигдөр ийнхүү эцсийн шийдвэрээ гаргаж байна.
Германчуудын шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа талархан хүлээж авчээ.
“Өнгөрсөн шөнө бид Германы засгийн газартай нягт зөвлөлдсөн ба гаргасан шийдвэрийг нь талархан хүлээж авч байна. Өнөөдөр бид өөрийн зүгээс авах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Business Insider