Дэлхий дахинд
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ ДЭЛХИЙ ДАЯАР ГУРВАН ДОЛОО ХОНОГ ДАРААЛАН БУУРЛАА
Сүүлийн долоо хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар 21 хувь буурсан нь гурав дахь долоо хоногтоо дараалан буурсан үзүүлэлт болжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас өчигдөр гаргасан долоо хоног тутмын тайланд өгүүлснээр сүүлийн долоо хоногт дэлхий даяар 12 сая гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Ижил хугацаанд Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 8 хувиар буурч, 67,000 орчимд хүрсэн нь энэ он гарсаар анх удаа буурсан үзүүлэлт болжээ.
Өнөөдрийн байдлаар зөвхөн Номхон далайн баруун бүсийн орнуудад л халдварын тохиолдол буурахгүй байгааг ДЭМБ мэдээлсэн байна.
Энэ бүсэд Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд багтдаг ба өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол нь 29 хувиар өсжээ.
Дэлхийн бусад бүх бүс нутгуудад халдварын шинэ тохиолдол буурч байна. Нас баралтын тоо Номхон далайн баруун бүс болон Африк тивд өсөж, бусад бүс нутгуудад буурчээ.
Одоогийн байдлаар өвчлөл хамгийн өндөр байгаа улсуудыг ОХУ, Герман, Бразил, АНУ, Өмнөд Солонгос тэргүүлж байна.
Геномын дараалал тогтоох шинжилгээнд хамрагдсан нийт халдварын тохиолдлуудын 99 хувиас Омикрон хувилбарын вирус илэрч байгааг ДЭМБ мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press