Дэлхий дахинд
УКРАИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮДЭН ГАЗРЫН ТОС, АЛТНЫ ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ
ОХУ Украин руу эзлэн түрэмгийллээ эхлүүлсэн талаарх мэдээллийн дараа брент газрын тосны үнэ 100 ам.долларыг давж огцом өслөө.
Газрын тосны зах зээлийн тоглогчид яг одоо барууны орнууд ОХУ-ын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг анхааралтай ажиглаж байгааг ING группийн түүхий эдийн стратегийн тэргүүн Уоррен Паттерсон Блүүмбергт ярьжээ.
Газрын тосноос гадна алтны ханш сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч, мөн огцом өсөөд байна. Унц алтны үнэ 1,939.97 ам.доллар болж 1.7 хувь өсөөд байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт “тусгай ажиллагаа” явуулах тушаал өгснөө зарласан ба Украин улсыг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн. Харин Киев хотод тэсрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг тэнд байгаа гадаадын сурвалжлагчид мэдээлээд байгаа юм.