Нийгэм
“Нарны хүү, сарны охин”-ы захирал Д.Гүрсоронзын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэхээс татгалзлаа

“Нарны хүү, Сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авч, залилсан байдаг.
Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн бөгөөд дээрх компаниас болж 400 гаруй 8,5 тэрбум төгрөгөөр хохирсон юм. Энэ хэргийг хоёр шатны шүүхээр хэлэлцсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу Д.Гүрсоронзод 10 жил, Д.Одгэрэл, Б.Батбаяр нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас нийт 7 тэрбум 265 839 273 төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг гаргуулахтай холбоотой заалтад зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, хохирогчид, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг өнөөдөр /2022.03.30/ хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.