Эдийн засаг
ХХААХҮЯ: Хаврын ТАРИАЛАЛТЫН БЭЛТГЭЛ ажлууд хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлээд байна.
Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр төлөвлөөд байна.
ХХААХҮЯ-аас энэ жилийн ургац хураалтын дүнгээр 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168.0 мянган тонн тэжээлийн ургамал, 33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Түүнчлэн энэ хаврын тариалалтад 8.4 мянган тонн, ургац хураалтад 7.3 мянган тонн, уринш боловсруулалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.